Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хашчулуун: Том төслийн онцлогийг хуулиар зохицуулах ёстой

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Мега төслүүдэд хүний нөөц, тээвэрлэлт зэрэг олон асуудал байдгаас гадна жижиг төслүүд дагаад гарч ирдэг. Энэ нь уул уурхайн салбарын төслүүдэд илүүтэй харагддаг буюу уул уурхайд түшиглэж олон төслийн цогцолбор үүсэж буй хэрэг. Тэр ч утгаараа уул уурхайн салбарын гэрээ маш чухал үүрэгтэй. Гэхдээ манай улсад уул уурхайн гэрээг нэгдсэн байдлаар бус, чиглэл чиглэлээр нь холбогдох яамд салган авч, хэлэлцээр хийдэг. Нэгдсэн байдлаар зохицуулахад түвэгтэй байдал үүсдэг учраас тэр юм. Мөн хөрөнгө оруулагчид ашгийн төлөө ажилладаг учраас ашгаа авах тогтвортой байдлыг салбараас хүсдэг. Тэр саналыг нь сонсож, харилцан санал солилцож, нэгдсэн байдлаар хэлэлцээр хийн хөрөнгө оруулагч болон манай талын авах ашиг тодорхой болох нь чухал гэдгийг "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага 2019" хуралдааны үеэр эдийн засагч Ч.Хашчулуун "Уул уурхайн салбарын гэрээ" сэдэвт илтгэлээ тавих үедээ онцлон хэлсэн юм. Тэрбээр, 

Монгол Улсад уул уурхайн нийт 35 гэрээ байдаг. 

  • Ихэнх нь орон нутгийн түвшинд 
  • Ашигт малтмалын хуулийн 42.1 заалтаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай заавал гэрээ байгуулах ёстой.

Харин 15 стратегийн орд бий.  Үүнээс:

  • Оюутолгойн зэсийн гэрээ (амжилттай байгуулагдсан, төрийн хувь эзэмшилтэй)
  • МАК зэсийн гэрээ (амжилттай байгуулагдсан, төрийн хувь эзэмшилгүй)
  • Тавантолгойн нүүрсний гэрээ (урьдчилсан шатанд цуцлагдсан)
 
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн орлогоор дамжуулж үр өгөөж хүртэхийн тулд нөөц ашигласны төлбөр, компаниуд нөхөн сэргээгдэхгүй нөөц олборлосныхоо төлөө улсын эсвэл орон нутгийн төсөвт нэмэлт төлбөр төлөх ёстой байдаг гэв. 

Харин Уул уулхайн салбарын гэрээнд анхаарах асуудлуудын хувьд: 

  1.  Гадаадын шууд хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулалтын гэрээ чухал нөлөө үзүүлдэг
  2. Уул уурхайн салбарын онцлог
  3. Монголын эдийн засагт уул уурхайн салбарын ач холбогдол 
  4. Гэрээ бол эзэн орон хүртэх ашгаа нэмэгдүүлэх нэг арга
  5.  Гадаадын хөрөнгө оруулагч Монголын Засгийн газартай томоохон (стратегийн) хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд харгалздаг өвөрмөц онцлогууд
  6.  УИХ-ын тогтоолоор хэлэлцээрийн ерөнхий хүрээг тодорхойлдог
  7.  Эзэн орны хүртэх үр өгөөжийг баталгаажуулах: анхаарах асуудлууд, олон улсын туршлага
  8.  Гэрээ хийх хүндрэлүүд: тэгш бус мэдээлэл
  9.  Макро эдийн засгийн үр өгөөжийг тооцох
  10. Засгийн газарт гэрээний үр өгөөжийг үнэлэх чадавх сул байдаг нь үл итгэлцлийг үүсгэж, хэлэлцээрийг хүндрүүлдэг.
  11.  Хөгжиж буй оронд ямар гэрээ илүү өгөөжтэй вэ?
  12.  Хөрөнгө оруулагч талд ямар гэрээ илүү ашигтай вэ? гэдгийг тус тус харгалзан үзэх шаардлагатай байдаг байна. 

Эдийн засагчийн хэлж буйгаар Төсвийн орлогоор дамжуулж үр өгөөж хүртэхэд нөөц ашигласны төлбөр (Royalty) чухал байна. Өөрөөр хэлбэл, компаниуд нөхөн сэргээгдэхгүй нөөц олборлосныхоо төлөө улсын, эсвэл орон нутгийн төсөвт нэмэлт төлбөр төлөх ёстой. Дараа нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар(АМНАТ)-ын хамгийн түгээмэл хэлбэр нь борлуулалтын орлогод суурилсан рояалти. Олон улсын жишиг үнийг баримтлах нь хялбар. АМНАТ-ын хамгийн түгээмэл хэлбэр бол борлуулалтын орлогод суурилсан роялти. Олон улсын жишиг үнийг баримтлах нь хамгийн хялбар арга байна.

Том төслийн онцлогийг хуулиар зохицуулах ёстой  

Мөн уул уурхайн салбарын төсөл болон бусад салбарт гэрээ байгуулахад Засгийн газрын оролцоо ямар байх вэ гэдэг нь чухал байна. Тухайлбал,
Засгийн газар хувь эзэмшихэд:

  • Төслийн менежментэд оролцох
  •  ТУЗ-д суудалтай болж, ногдол ашиг авах
  • Төслөөс үр ашиг нэмэгдэж, нийгэм болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна гэж ихэнх хүмүүс боддог.

Тэгвэл нөгөө талдаа Засгийн газар хувь эзэмших нь дараах сул талуудтай байна. Үүнд,

  • Хувьцаагаа зарж капиталын хожоо олох боломж бага
  • ТУЗ-ийн шийдвэр гаргалтад бодит нөлөө бараг байхгүй
  •  Хөрөнгө оруулагчид Засгийн газрыг ирээдүйн ногдол ашгаар нь барьцаалж болзошгүй учраас тэр юм.
Засгийн газар хувь эзэмших эсэхийг санхүүгийн нарийн загвар ашиглан зардал, үр өгөөжийг бодитой харьцуулж тогтоох шаардлага тулгардаг. 

Түүнчлэн  Уул уурхайн салбарын гэрээнд тусгах хамгийн чухал зүйлийн нэг нь орон нутгаас бараа үйлчилгээ худалдан авах гэж эдийн засагч илтгэлдээ онцолсон. Учир нь:

  • Уул уурхайн компанийн зардлын 50 хувь нь бараа, үйлчилгээний худалдан авалт байдаг
  • Олон улсын компанитай гэрээ байгуулбал дотоодын бараа, үйлчилгээний чанар, стандарт сайжирч, үйл ажиллагаа өргөжин, өрсөлдөх чадвар сайжирна гэж үзжээ. Ингэснээр ажил эрхлэлт, иргэдийн амьжиргаа сайжирч, уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах боломж бүрдэх аж.

Монгол Улсын хувьд ганц ажиллаж байгаа олон улсын гэрээг "Оюу Толгой" ХХК авчирсан. Уул уурхайн салбарын гэрээний хувьд хамгийн жишээ авах боломжтой нь "Оюу Толгой" ХХК төдийгүй 2018 оны байдлаар 1.9 тэрбум долларын татвар төлжээ.

Том төслийн онцлогийг хуулиар зохицуулах ёстой.  Мөн Монгол Улсын хувьд аж үйлдвэр гэхээсээ илүүтэй уул уурхайг илүү ашигласнаар нийгэм,  эдийн засаг, орон нутгаа хөгжүүлнэ. Хөгжүүлэхдээ уул уурхайн салбарын гэрээг яавал үр дүнтэй байлгаж, өгөөж хүртэх талаас нь авч үзэх хэрэгтэй гэдгийг илтгэлийн төгсгөлд эдийн засагч онцолсон юм.

Хөрөнгө оруулалтын шийдвэрийн 40% нь бодлогын хүчин зүйлсээс шалтгаалдаг

Монгол Улсын хувьд 2018 онд орж ирсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 90 хувь нь Оюутолгой зэрэг томоохон төсөлтэй хамааралтай. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс олсон орлогын 30 хувь нь татвар байгааг (2017.11.10) Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Т. Дөлгөөн "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага 2019" хурлын үеэр тавьсан илтгэлдээ хэлсэн. 

Тэрбээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар хийсэн харьцуулсан судалгааг энэ үеэр танилцуулсан юм. 

 

Түүний танилцуулсанчлан хөрөнгө оруулалтын таатай орчны индексээс харахад:
• Казахстан: Эрх зүйн систем сайжирсан, хууль, дүрэм журмын хэрэгжилтийн болон захиргааны тодорхой бус байдал буурсан
• Монгол: Геологийн мэдээллийн сан, хөдөлмөрийн нийлүүлэлт, ур чадвар сайжирч, тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой тодорхой бус байдал буурсан
• Перу: Хөдөлмөрийн нийлүүлэлт, ур чадвар сайжирсан, орон нутгийн хөгжил болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой гэрээ, зохицуулалт сайжирсан.
• Замби: Татварын дэглэм, геологийн мэдээллийн сан болон улс төрийн тогтвортой байдлын талаарх тодорхой бус байдал тус тус нэмэгдсэн байна.

Хөрөнгө оруулалтын шийдвэрийн 60 хувийг бүс нутгийн геологи, уул уурхайн нөөц тодорхойлдог. Бусад 40 хувь нь бодлогын хүчин зүйлсээс шалтгаалдаг.

Мөн авлигын эсрэг авах арга хэмжээ нь салбарын хөгжилд шууд нөлөөлдөг байна. 

 

Судлаач Т.Дөлгөөн илтгэлийнхээ төгсгөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар хийсэн харьцуулсан судалгаандаа өгсөн санал, зөвлөмжөө дараах байдлаар илэрхийлсэн юм.
1. Тогтвортой орчин

  • Институцийн болон бизнесийн орчин тогтвортой байх буюу хууль журмуудыг ойр ойрхон өөрчилдөггүй байх
  • Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээнд тогтворжуулалтын заалтууд оруулах

 2. Уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхэд анхаарах

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах хамгийн боломжтой салбаруудаа тодруулах, эрэмбэлэх. Жишээ нь: хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (мах, ноолуур...)

3. “Нэг цэгийн үйлчилгээ”

  • Зөвхөн уул уурхай гэлтгүй бүх салбарт хөрөнгө оруулах гадаадын бизнес эрхлэгчдэд бичиг баримт бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл авахад нь туслалцаа үзүүлэх
  • Үйлчилгээг цахимаар болон биечлэн авах боломжтой байх

 4. Ил тод байдал

  • Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг ил тод болгох ("Оюу толгой"-н гэрээ, зарим уурхайн орон нутагтай байгуулсан гэрээнээс бусад нь хаалттай)
  • Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн явцад орон нутаг, иргэдийн оролцоог хангах хэмээн тус тус онцлон хэлсэн юм.