Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Тэднийг яллагдагчаар татах уу үгүй юу гэдгийг НПГ өнөөдөр шийднэ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар бид бодит мэдээлэл өгч, тэмцлээ үргэлжлүүлж байгаа. 

Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг бүрэн хяналтдаа авсан. 400 сая гаруй ам.долларын мөнгө угаалтын хэрэг өнөөдөр цагдаад шалгагдаж байна. 

Энэ тэмцлийг эхлүүлснээс хойш олон иргэд бидэнд мэдээлэл өгч байна. Өчигдөр Ховдын олон түмэн бидэн рүү холбогдсон.

Монголиан коппер корпорэйшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхэд Ховдод арван жилээ төгссөн. Манай аймгийн хүү байгаа юм. Хот руу орсон чинь гэнэт баяжаад нэг л сонин болчихлоо гэж ах дүү нар, ангийнх нь хүүхдүүд ярьж байна. 

Ц.Пүрэвтүвшингийн хоёр өрөө байрны ипотекийн зээлийг ээж нь төлөөд, уйлаад явж байна. “Манай хүү хүний гар хөл болчихлоо. Хүүгийн минь бүү хэлмэгдүүлээч, манай хүүд 400 сая доллар байтгугай 400 төгрөг ч байхгүй” гэж аав ээж, ах дүү нар нь ярьж байна. 27-хон настай хүүхэд мөнгө угаах хэргийн золиос болж байна.

Тун удахгүй Авлигатай тэмцэх газрын даргыг солино" гэлээ. 

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шударга бус хэргүүд хаана очоод гацдаг вэ гэдэг нь одоо ойлгомжтой болж байна. Төрийн цагдаа ажлаа хийж байгаа юм байна. "Шинжиан шинфа"-ны 20 тэрбум зээлийн асуудал, Эрдэнэт, Хөгжлийн банкны хэргүүд ЦЕГ-т бүх материал нь бэлэн байгаа юм байна. Эрүүгийн цагдаагийн газар ажлаа хийдэг юм байна. Харамсалтай нь аливаа асуудал үүсгээд шалгая гэхээр Нийслэлийн прокурор гэдэг газар байнга  хаалт тавьж, өмгөөлж явсан. 

Саяны 3-4 хүнийг саатуулахтай холбоотой асуудал явсан. Гэтэл монголын хууль хяналтын байгууллагынхан өөрсдийнхөө эзнийг шоронд ганц ч хонуулж чадахгүй нь. 

Хувьтөгөлдөрийн Идэр гэдэг шүүгчид энэ хэргийг өгсөн. Өнөөдөр Нийслэлийн прокурор дээр яллагдагчаар татах уу үгүй юу гэдгийг шийднэ

Мөнгө угаалтын системийг та бүхэн харсан байх. Энэ бол баримттай асуудал. Зүгээр нэг хардлага дагуулсан асуудал биш. Жижиг эдийн засгаас боссон 400 сая ам.долларын асуудал. 

Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтооно гэдэг нь Засгийн газар хяналтаа тогтоогоод тус үйлдвэр дээр үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ гэсэн үг” гэлээ.