Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэв 20 насандаа эргэн очвол...

ikon.mn
2019 оны 3 сарын 8
iKon.MN

Дэлхий нийт жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдрийг "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болгон 120 жилийн турш тэмдэглэн иржээ. Харин манай улс 1955 оноос энэ өдрийн албан ёсоор тэмдэглэн ирсэн түүхтэй.

Энэ жилийн гуравдугаар сарын 8-ны баярын өдрийг тохиолдуулан бид салбартаа манлайлагч, нийгэмд үлгэр дуурайлал болсон Монголын сайхан эмэгтэйчүүдийн төлөөлөл болох дараах эрхэм хүмүүстэй уулзаж, сонирхолтой асуулт тавьсан юм. 

 
Зургийг www.mpa.mn

Асуулт:

1. Та 20 насандаа эргэн очвол өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
2. Аливаа бэрхшээл, хүнд нөхцөл байдалтай нүүр тулах үедээ та өөрийгөө хэрхэн зоригжуулж, даван туулдаг талаараа хуваалцахгүй юу?

Ж.Бямбаа
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч асан

Хүн сэтгэл сайтай байх шиг сайхан зүйл үгүй...

1. Миний хувьд 20 настайдаа оюутан байсан бөгөөд аль хэдийнэ нөхөрт гараад, хүүгээ төрүүлчихсэн байсан.

Хэрэв өнөөдөр би 20 насандаа эргэн очсон бол аливаа зүйлийг их тунгаан бодож, төлөвлөж, үгээ цэгнэдэг байхыг зөвлөх байсан.

Гэвч 20 нас гэдэг өөрөө бодлогогүй, тэсвэр тэвчээр багатай, их омголон үе шүү дээ. 

 

Залуу насны өнгөрсөн үеээ эргээд нэг харахад миний эзэмшсэн мэргэжил маань сайн сайхан бүхэнд хөтөлж, олон зүйлд сургасан ч илүү их зүйлийг амжуулж болох байсан юм шиг санагдаж байна. 

Тухайлбал, олон залуусыг өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу бэлтгэж, сургаж, монгол хэлнийхээ өв санг улам баяжуулах тал дээр анхаарч ажиллах байж гэж боддог. Хүн ер нь ухааны цараатай явбал аливаа зүйл дээр алдаж, онох нь бага байх.

2. Хүний амьдралд зовлон, бэрхшээлтэй зүйл олон л тохиолддог. Тэр бэрхшээл бүрт уужуу тайвуу ухаанаар хандаж, даван туулах ёстой байдаг.

Тэгэлгүй мөчид бодлоороо хандвал тэр бэрхшээлийг давахгүй.

Би өөртөө "Санаа зөв бол заяа зөв" гэж хэлэх их дуртай. Хүн ер нь сэтгэл сайтай байх шиг сайхан зүйл гэж байхгүй...


Н.Сувд
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт

Өөрийн бодож сэтгэснээр амьдарч, байгаагаараа л байсан нь зөв болов уу...

1. Миний хувьд тэр үеийн өөртөө битгий хэл одоо ч бусад хүмүүс болон залуучуудад зөвлөгөө өгөх хэмжээний ухаантай, төлөв томоотой сайхан хүн биш ээ.

 

Би 20 насандаа сурч, төлөвшиж байсан. Хүн ер нь болж л өгвөл сурч л байх хэрэгтэй юм шиг санагддаг. 

Тэр нь өөртөө хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн, хүн ер нь өөрийнхөө бодож сэтгэснээр амьдарч, байгаагаараа л байсан нь зөв болов уу…

2. Аливаа бэрхшээл, хүндрэл замд минь гарч ирэхэд "Үүнээс илүү хэцүү зүйл тулгарч, илүү муу муухай зүйл тохиолдоно.

Тиймээс энэ юу ч биш" хэмээн бодож, өөрийгөө зоригжуулж, хурцалдаг.

Ингэж байж л урдаа байгаа бэрхшээлийг даван гарна.


О.Сэргэлэн
Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор Монгол Улсын зөвлөх зэргийн эмч

Сэргэлэн хэвээрээ байгаарай...

1. Хорин настайдаа оюутан байсан учир тухайн үед сайн эмч болъё гэсэн хүсэл мөрөөдлийг тээж, бүхний тэргүүнд тавьж явжээ. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд, эмчийнхээ мэргэжлийг эзэмшсэн нь энэ.

Хэрэв эргээд 20 насандаа очвол тус салбарын хөгжилд илүү нэмэр оруулахын тулд өмнө сурснаасаа илүү их зүйлийг сурахыг хүсэх байсан. 

Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэл рүү илүү их зүйлийг хийхийн төлөө зүтгэж, шавь нартаа ч мөн орчин үед нийцсэн олон ном, сурах бичгийг гаргаж өгөхийг хүсэх байсан.

 

Түүнчлэн өвчин зовлонтой илүү олон хүний амьдралд аз жаргал, баяр баясал, амьдрал бэлэглэхийг хүсэж байна. Тэр ч утгаараа хүн тасралтгүй сурч, боловсрох хэрэгтэй гэдгийг залуучууддаа онцлон тэмдэглэмээр байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл сайн сур

Мөн хэлгүй бол хөлгүй гэдэг үнэн үг учраас хэлний мэдлэгээ улам сайжруулж байх хэрэгтэй. Эцэст нь зах зээлийн энэ ороо бусгаа үед хүн хэвээрээ л байгаарай гэж захимаар байна.

2. Хүний амьдралд зовлон бэрхшээл тулгарахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Харин тэр үед би өөртөө “Сэргэлэн хэвээрээ байгаарай” гэж хэлж зоригжуулдаг. Бусад хүн юу гэж хэлэх нь хамаагүй, тэр хүмүүсийн хэлж ярьж байгаа нь Сэргэлэнд нөлөөлөхгүй.

Ямар ч хэцүү бэрхшээл, зовлон тулгарсан түүнийг даваад гарах чадалтай, сэтгэлийн тэнхээтэй л байх ёстой. Энэ бол миний гол зорилго. Сэтгэлээр унаад, өөрөө янз бүрийн байдалд ороод л байвал эрүүл мэнд муудаж, тухайн хүн өөрөө цаашид амьдарч чадахгүй шүү дээ. Тийм учраас эрч хүч, зориг, тэвчээртэй байх явдал нь бүхнийг ялах үндэс.


Д.Мөнхөө
"Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан

Амьдрал гэдэг зовлон, жаргал хоёрын нийлбэр

1. Хорин настайдаа оюутан байсан.

Тухайн үеийн 20 настай бидэнд гунихарч явах цаг байгаагүй. Тодруулбал, би дөнгөж оюутан болоод л улсын намрын ургац хураалтад явж байсан санагдаж байна. Жаргалантын сангийн аж ахуйн ногооны зоорийг бүтэн хоёр сар ухаж байсан.

Зун нь Дарханы сангийн аж ахуйн мал сүргийг эрүүлжүүлэх, ногооны талбайн зэрлэг түүх зэрэгт ажилд дайчлагдан ажилладаг байв.

Ингээд эргээд харахад биднийг 20 настай байх үед юу хийх билээ гэж гунихарч суух цаг байгаагүй ажээ. Мөн тэр үед бид сурах юм аа сураад л эх орныхоо бүтээн байгуулалтад бүх цаг заваа зарцуулж байсан. Тиймээс надад 20 насандаа гомдож, гонсойгооод байх зүйл үгүй.

 

Эх орныхоо сайн сайхны төлөө бүхий л хүч, нөөц, мэдлэг бололцоогоо зориулъя гэх иргэн болж төлөвшиж байсан.

Өнөөгийн залуу үеийнхэнд өнгө, мөнгө гэдэг хоёр хэрэгсэл асар хүчтэй нөлөөлж байгааг бид харж байна. Тийм учраас бид энэ залуу үеэ илүү бүтээлч, оюунлаг байлгахын төлөө тэднийг хүмүүжүүлж буй сургууль, эцэг эх, нийгэм нь асар их зүйлийг бодож, хийх ёстой гэж бодож байна. Үүгээрээ би өнгө, мөнгө хоёрыг буруу, муу зүйл гэж хэлж байгаа юм биш. Гол нь эвийг эрхэмлэж, эрдэм дээдэлж, хөдөлмөрт шамдаж байгаарай л гэсэн санаа юм.

2. Бидний амьдралд 100% цагаан, эсвэл 100% хар зүйл гэж байдаггүйтэй адил амьдралд бэрхшээлгүй зүйл гэж үгүй. Энэ бол амьдралын хууль юм.

Харамсалтай нь өнөөдөр нийгмийн дийлэнх үйл явцаас харахад хар бараан нь илүү болжээ. Нийгэмд бид хар юмыг хэтэрхий их хөндөж, сөрөг энергийн асар том урсгалыг бий болгож байна. Бэрхшээл тулгарахад ялаад, давах л хэрэгтэй. Бэрхшээл таарчихлаа гээд дагаж уйлаад, гомдлоо гээд тэр бэрхшээл алга болохгүй. 

Хүн л юм хойно бэрхшээлийг давж гарах арга замаа тунгаан боловруулж, алдсан алдаандаа дүгнэлт хийгээд явахаас өөр зам байхгүй. Үүнийг бас залуу үе маань ч ойлгох хэрэгтэй.

Амьдрал гэдэг зовлон, жаргал хоёрын нийлбэр. Зовлонгоос ухаарал сургамж авч, түүнээсээ ялан дийлэх хүчийг өөртөө бий болгох нь чухал. Харин жаргалд ташуурч, онгирч сагсууралгүйгээр авах ёстой сургамжаа авдаг байх хэрэгтэй болов уу.


Б.Отгонтөгс
Эдийн засгийн ухааны доктор, профессор, МУИС-ийн эдийн засгийн багш

Хүн залуу байхдаа зөвхөн нэг зүйлд бус, олон төрлийн зүйлд сонирхолтой байж, өөрийгөө хөгжүүлэх нь зөв юм

1. Миний хувьд 20 настай байхдаа Москвагийн Улсын их сургуульд, гэрээсээ хол сурч байсан юм.

Тухайн үед би өөрийн эзэмшсэн мэргэжил болох эдийн засагчаар сурч байсан. 

 

Одоо бодоход эргээд би 20 настай байсан бол зөвхөн өөрийн эзэмшиж байсан мэргэжилдээ анхаарах бус, хажуугаар нь бусад төрлийн, жишээ нь урлагийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх байсан гэж их боддог. 

Миний боловсрол эзэмшсэн Москва хот зөвхөн Оросын бус, дэлхийн соёл урлагийн төвүүдийн нэг бөгөөд урлагийн бүтээл, сонгодог урлагийн эх болсон, маш олон үзэх үзмэртэй газар байсан хэдий ч би оюутан байхдаа энэ бүгдийг сайн үзэж, гоё зүйлүүдийг нь мэдэрч, ойлголгүй явсандаа хожим харамсдаг. Өөрөөр хэлбэл, хүн залуу байхдаа зөвхөн өөрийн ажил мэргэжилд анхаарал хандуулж улайрах бус, бусад төрлийн зүйлд сонирхолтой байж, өөрийгөө хөгжүүлэх нь зөв юм.

2. Миний амьдралын хамгийн хүнд хэцүү үе 2006 онд буюу АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын Их сургуульд сурч байх хугацаанд тохиолдож байсан. Тухайн үед хүний амьдралд хүнд хэцүү, шантрах үе тохиолдоход завгүй байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэр үед би сургуульдаа сурч, гэрийн даалгавар, ажлаа хийгээд л завгүй явж байгаад нэг мэдэхэд хүнд хэцүү үеэ даваад гарсан байсан.


Б.Тунгалаг
Монгол Улсын гавьяат жүжигчин

20 нас хөгжиж, хөөрч, онгирч гүйж, ээж болж явдаг сайхан нас

1. Хорин нас гэдэг өөрөө их юм бодож, тунгаагаад байх нас биш.

Тэр ч утгаараа эмэгтэй хүмүүс тэр үедээ хөгжиж, хөөрч, онгирч гүйж, ээж болж явдаг сайхан нас.

Миний хувьд 20 насандаа харамсдаггүй.

 

Тухайн үед театрт ирээд, жүжигчин болчихсон, олон сайхан кинонд тоглочихсон сайхан нас минь байсан.

Одоо эргээд харахад 20 насаа хайрлаж явах минь яалаа гэж л бодож байна.

2. Хүнд хэцүү үе тулгарахад хүн бодох л хэрэгтэй.

Миний хувьд дуугуй болоод бодож эхэлдэг.

Ер нь хүн ямар нэгэн гэнэтийн зүйлтэй тулгарахаараа чимээгүй болж, тэр байдлаасаа гарахын тулд их бодож эхэлдэг юм болов уу.

Тэгэхээр зовлон өөрөө их ухаан суулгадаг гэсэн үг юм.


Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг
тэмдэглэх болсон түүхээс...

Анх 1908 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 15,000 гаруй эмэгтэй ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болгох зэргийг хүсэж Нью-Йорк хотод жагсаж эхэлсэн байдаг. 

Тэрхүү үйл явдлын дараагаар эмэгтэйчүүдийг дарамтлах, ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, шүүмжлэлт маргаан ихээр өрнөх болсон бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө кампанит ажил энэ үеэс өргөн зохион байгуулагдах болжээ.

Дэлхийн I дайны өмнөхөн орос эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг байсан бөгөөд удалгүй тус өдрийг гуравдугаар сарын 8-нд тэмдэглэх болсноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг ийнхүү дэлхий даяар өргөн тэмдэглэх болсон түүхтэй.

Харин манай улсад тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид 1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргаж байжээ.

Тус зарлигт Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гуравдугаар сарын 8-ны өдрийг жил бүр тэмдэглэж байхаар тусгасан байдаг. Ийнхүү 1955 оноос хойш манай улс энэ өдрийг жил бүр өргөн тэмдэглэх болжээ.

О.Булган, Б.Даваабазар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.