Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын оргодол эгч дүүсийн визийг Хонг Конгийн эрх баригчид сунгахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабаас эрх чөлөөт нийгэмд амьдрахаар зугтаж яваа эгч дүүсийн оршин суух эрхийг нэг сараар сунгах болсноо Хонг Конгийн засаг захиргааныхан өчигдөр мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс өмнө тэд өөрсдийн шинээр амьдрах улс оронд оршин суух эрхээ авах ёстой юм. 20 болон 18 настай эгч дүү Рэм, Равана нар өнгөрсөн оны есдүгээр сард Шри Ланкын нийслэлээс Австралид хүрэхээр Хонг Конгод оргож ирсэн байна.

Тэднийг Саудын Арабын консул Хонг Конгийн олон улсын нисэх буудалд саатуулж, бичиг баримтыг нь хурааж авсан ажээ. Улмаар тэднийг Саудын нийслэл Рияд хот руу хүргэх онгоцонд суулгах үеэр зугтаж чадсан байна.

Есдүгээр сараас хойш эгч дүүс Хонг Конгод нуугдан амьдарч байгаа юм.

Саудын Арабт эмэгтэй хүн амьдрахад маш хэцүү, гэр бүлийнхэн нь боол мэт харьцдаг, байнга эрчүүдийн хараа хяналтад байдаг зэрэг нь тэднийг эх орноосоо зугтахад хүргэсэн байна.

Эгч дүүс Исламын шашнаас гарах хүсэлтэй байгаа нь Саудын Арабт үхлийн ял сонсох гэмт үйлдэл болдог ажээ. Ингээд Рэм, Равана нар Шри Ланкын нийслэл Коломбод гэр бүлийн хамт аялж явахдаа оргосон юм байна.

Эгч дүүсийн өмгөөлөгч нь тэднийг гурав дахь улс орны иргэн болгохоор ажиллаж байгаа бөгөөд эрх чөлөөт орны иргэн болох хангалттай үндэслэл байгааг саяхан хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: CNN