Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сар руу аялж яваа Израйлийн хөлөг анхны сэлфигээ дэлхийд илгээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саранд хүрэхээр аялж яваа Израйлийн сансрын хөлөг өчигдөр анхны сэлфи буюу өөрийн хөргийг дэлхийд илгээжээ.

Beresheet (еврей хэлээр эхлэл гэсэн үг) нэртэй хөлгийн эх биеийн зарим хэсэг дэлхийн бөмбөрцгийн наана харагдаж байгаа уг гэрэл зургийг 37,600 км-ын алсаас Израйлийн Ехуд дахь нислэгийн удирдлагын төвд ирүүлсэн байна.

Израйлийн хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар боссон Beresheet хөлгийг хоёрдугаар сарын 22-ны өдөр Флоридагийн Канавералын хошуунаас SpaceX компанийн Falcon 9 пуужинд тээвэрлэн хөөргөсөн юм.

585 кг жинтэй уг хөлөг дөрөвдүгээр сарын 11-нд саран дээр газардах төлөвлөгөөтэй байгаа.

Өнөөдрийг хүртэл зөвхөн Зөвлөлт Холбоот Улс, АНУ, Хятад улсууд 384,000 км замыг туулж, дэлхийн дагуул дээр хөл тавиад байгаа юм. Хэрвээ Израйлийн хөлөг амжилттай газардвал саранд хүрсэн дэлхийн дөрөв дэхь улс болно.

Бас саранд хүрсэн анхны хувийн хэвшлийн хөлөг болох юм.

Израйльчуудын хувьд саран дээр бууж чадах нь нэн тэргүүний зорилго бөгөөд дараа нь бага хэмжээний шинжлэх ухааны туршилт хэмжилтүүдийг хийж гүйцэтгэнэ.

Үүнээс гадна израйльчуудын таних тэмдэг, бэлгэдэл болсон Библийн судар, хүүхдүүдийн зурсан зураг, ардын дуу хөгжим, Холокостоос амьд үлдсэн хүмүүсийн дурсгал, Израйлийн төрийн далбаа зэрэг агуулгатай дискнүүдийг саран дээр үлдээх юм.

Энэтхэг улс энэ оны сүүлээр өөрийн Чандраяан-2 хөлгийг саранд илгээх гэж байна. Хэрвээ Израйлийн аялал бүтэлгүйтвэл тэд саран дээр буусан дөрөв дэх улс болж түүхэнд бичигдэх юм. Харин эсрэг тохиолдолд тав дахь улс болох ажээ.

Үүний дараа 2020-2021 онд сарны гадаргуу дээр хөлгөө буулгах Япон улс ээлжээ хүлээж байна.

 

Эх сурвалж: The Guardian