Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ослоор амиа алдсан айлын ганц хүүгийн үрийг хадгалж үлдээх шийдвэрийг АНУ-ын шүүх гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хятад гаралтай АНУ-ын иргэн, Уэст Поинтын цэргийн академийн сонсогч, 21 настай Питер Зу хоёрдугаар сарын 23-ны өдөр ууланд цанаар гулгаж байгаад хүнд бэртсэн юм.

Эмнэлэгт хэд хоногийн турш ухаангүй байсны эцэст түүний тархи үхснийг эмч нар зарлаж байжээ.

Залуу сонсогч таван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болж, эдлэн газартаа адуу өсгөх мөрөөдөлтэй байсныг эцэг эх нь ярьж байв. Ганц хүү нь нас барж, үр удам нь тасрах болсныг мэдсэн Ёнмин болон Моника Зу нар өнгөрсөн Баасан гарагт Нью Йорк мужийн Уэстчестэр дүүргийн шүүхэд хандаж өргөдөл гаргажээ.

Тэд хүүгийнхээ үрийг авч хадгалах зөвшөөрлийг хүссэн байна. Хүсэлт гаргаснаас хэдхэн цагийн дараа шүүхээс залуугийн үрийг авч хадгалах зөвшөөрлийг Уэстчестэр Эрүүл Мэндийн төвд өгчээ.

Шүүх хадгалсан үрийг цаашид хэрхэн ашиглах шийдвэрийг гаргахын тулд гуравдугаар сарын 21-ний өдөр дахин хуралдахаар болсон байна.

Уэстчестэр Эрүүл Мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд анх удаагаа нас барсан хүнээс үрийг нь авах ажиллагааг явуулсан нь энэ ажээ.

Ийм хагалгааг анх 40 орчим жилийн өмнө Лос Анжелесын урологич Кэппи Ротман гүйцэтгэсэн нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд тооцогдож, маш их хэл ам дагуулж байсан гэнэ.

Энэ явдлын дараа нас барсан нөхрийнхөө үрийг суулгуулсан эмэгтэй хүүхэд төрүүлж, АНУ-ын түүхэнд анхны тохиолдол болон бичигдэж байжээ.

Одоо болтол уг асуудал маргаантай хэвээр байгаа. Тухайлбал ийм ажиллагаа явуулахдаа нас барсан хүний хүслийг хүндэтгэж үзсэн эсэхийг тогтооход хэцүү гэж мэргэжилтнүүд үздэг ажээ.

Питер Зугийн тохиолдолд эцэг эх нь хүүгийнхээ ирээдүйн амьдралын хүсэл мөрөөдлийг нарийвчлан баримттайгаар танилцуулсан нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэгдэж байна.

Бас голомт залгах хүүтэй байх хятад үндэстний соёл, уламжлалыг Питерийн эцэг эх өргөдөлдөө сайн тайлбарласан нь шийдвэр гарахад нөлөөлсөн гэнэ.

 

Эх сурвалж: The Washington Post