Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Айлчлалаа амжилттай дуусгасан Ким Жон Уныг Умард Солонгост баатрын ёсоор угтаж авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Галт тэргээр Вьетнам улсад айлчилж, АНУ-ын ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагаа уулзаад буцаж ирсэн Ким Жон Уныг өнгөрсөн шөнө Пёньян хотын төв вокзалд баатрын ёсоор угтаж авчээ.

Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг их удирдагчаа “айлчлалаа амжилттай дуусгаад” шөнийн 3:00 цагт ирснийг дуулгасан байна. Ким Жон Ун нийтдээ 4,000 км замыг галт тэргээр туулан Вьетнамын нийслэл Ханойд хүрээд эргэж ирсэн юм.

Хэдийгээр Дональд Трамптай хийсэн хэлэлцээр нь үр дүнгүй дууссан ч Пёньянд түүнийг хүндэт харуулын цэргүүд, цэцгийн баглаатай иргэд баатрын ёсоор угтаж авсан байна.

 

Бямба гарагийн өглөө тэр нутгийн зүг жолоо залахаасаа өмнө Вьетнамын хувьсгалч Хо Ши Миний бунханд хүндэтгэл үзүүлсэн нь ховор тохиолдол байв. Ким Жон Ун өөрийн эцэг, өвөг эцэг нарын бунханд жил бүр хүндэтгэл үзүүлдэг ч гадаад орны удирдагчдад ингэж хандаж байгаагүй юм.

Ким Жон Уны өвөг эцэг Ким Ил Сун 1964 онд Вьетнамд мөн төмөр замаар айлчилж байжээ.

Ким Жон Уныг Дональд Трамптай уулзсаны дараа талууд хэлэлцээр үр дүнгүй болсонд харилцан бие биеэ буруутгаж байсан. АНУ-ын тал Умард Солонгосыг эдийн засгийн хоригийг бүхэлд нь цуцлах нөхцөл тулгасан гэж мэдэгдсэн бол нөгөө тал нь хоригийг зөвхөн хэсэгчилж цуцлах санал тавьсныг Вашингтоны засаг захиргаа хүлээж аваагүй гэж мэдээлсэн юм.

Хэдийгээр үр дүнгүй уулзалт болж өндөрлөсөн ч Вашингтон, Пёньяны талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээр цаашид үргэлжилнэ гэсэн итгэлтэй байгаагаа илэрхийлээд байна.

 

Эх сурвалж: AFP