Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерланд улсад анх удаа цахилгаан унадаг дугуй ердийн дугуйнаас олон зарагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нидерланд улс унадаг дугуйн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг. 17 сая хүн амтай энэ улсад 22.5 сая унадаг дугуй бий гэсэн тоог RAI Vereniging байгууллага гаргажээ.

Тэгвэл өнгөрсөн онд нидерландчууд цахилгаан хөдөлгүүртэй унадаг дугуйнд хамгийн их мөнгө зарсан байна. 2018 онд Нидерландад нийт нэг сая гаруй унадаг дугуй зарагдсан нь 2017 оныхоос 5.7 хувь өссөн дүн юм.

Өнгөрсөн онд нидерландчууд нийтдээ 1.2 тэрбум еврог шинэ дугуй худалдаж авахад зарцуулсны 823 сая евро нь e-bike буюу цахилгаан дугуйнд зарцуулагджээ.

Энэ нь анх удаа тус улсад унадаг дугуйн жилийн борлуулалтын хэмжээ нэг тэрбум еврог давсан тохиолдол бол бас анх удаа цахилгаан дугуй ердийн дугуйнаас олон зарагдсан жил болсон байна.

Өнгөрсөн онд нийт 409,400 e-bike зарагдсан нь 2017 оныхоос 40 хувь өссөн дүн болжээ.

Ингэснээр нэгж дугуйнд нидерландчуудын зарцуулдаг дундаж мөнгөний хэмжээ 200 еврогоор нэмэгдэж, 1,207 евро болсон байна.

2011 онд энэ дундаж 734 евро байжээ.

Нидерландчуудын хувьд шинэ унадаг дугуй худалдаж авахад 1,000 евро зарцуулах нь хэвийн үзэгдэл. Харин e-bike буюу цахилгаан хөдөлгүүрт дугуйны дундаж үнэ үүнээс 200 евро орчмоор илүү юм.

Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 10-15 жилийн дараа Нидерландад цахилгаан унадаг дугуй ердийн хэрэглээ болох гэнэ.

Өөрөөр хэлбэл унадаг дугуй гэсэн ойлголтод цахилгаан хөдөлгүүр стандарт болох ажээ.

Энэ улсын иргэдийн 60 хувь нь ажил, гэрийнхээ хооронд өдөр бүр нэг талдаа 15 км хүртэл зам туулдаг нь цахилгаан дугуй хэрэглэхэд хамгийн тохиромжтой нөхцөл юм байна.

Дугуйн хэрэглээ өргөн дэлгэрснээр тус улсад автын ослоос шалтгаалсан үхэл буурсан боловч бэртэл гэмтэл нэмэгдэх болсон нь хүн амын хөгшрөлттэй холбоотой ажээ. Нидерландад 80 нас хүрсэн ахмадууд дугуйгаар зорчих нь ердийн үзэгдэл болоод байна.

 

Эх сурвалж: The Guardian