Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл Жэксон агсны эдлэнг 70 хувь хямдруулан зарах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Поп од агсан Майкл Жэксоны эзэмшиж байсан Калифорний “Neverland Ranch” эдлэнг $31 саяар худалдах зарыг саяхан үл хөдлөх хөрөнгийн компани гаргажээ.

Дөрвөн жилийн өмнө уг үл хөдлөх хөрөнгийг $100 саяар үнэлж байсан юм.

1,093 гектар талбайтай, зургаан унтлагын өрөө бүхий хаус, усан сан, хиймэл нуур, теннисний талбай, амьтны хашаа бүхий энэхүү байгууламжийг одоо “Sycamore Valley Ranch” гэж нэрлэдэг болжээ.

Зах зээлийн үнэ ингэж огцом унах болсон нь тус бүс нутагт сүүлийн жилүүдэд байнга ган гачиг болж байгаатай холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна.

Майкл Жэксон 1980-аад оны үед $19.5 саяар “Neverland Ranch”-ийг байгуулж байсан бөгөөд 2008 онд өрөө төлж чадахгүй болсноос $22.5 саяар үл хөдлөх хөрөнгийн компанид зарж байжээ.

Попын хаан үүнээс нэг жилийн дараа нас барсан юм.

Дээрх мэдээтэй зэрэгцэн HBO суваг “Leaving Neverland” нэртэй, дөрвөн цаг үргэлжилдэг баримтат киног энэ Ням гарагт цацах гэж байна.

Уг баримтат кинонд хүүхэд ахуйдаа Жэксоны бэлгийн хүчирхийлэлд хэлмэгдэж байсан хоёр эрэгтэйн дурсамжийг үзүүлэх гэж байгаа юм.

Одоо тус бүр 36, 40 настай Австрали, АНУ-ын иргэн эдгээр эрчүүд поп одын “Neverland Ranch” эдлэнд зочлохдоо хэлмэгдэж байжээ.

Майкл Жэксон амьд ахуйдаа хүүхдийг садар самуунд уруу татсан хэд хэдэн дуулианд холбогдож байсан. 2003 онд цагдаа нар “Neverland Ranch”-д нэгжлэг хийхдээ хүүхдийн порнограф материал олон тоогоор илрүүлэн хурааж авч байсан юм.

Гэвч тэр 2005 онд цагаатгагдаж байжээ.

 

Эх сурвалж: AFP