Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Алтансүх: 29 санг нэгтгэж, 15 сан болгох гэж байгаа нь хийсэн хэргээ нуух хэлбэр болж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Хэвтүүл" хөдөлгөөнөөс Засгийн газрын сангуудыг нэгтгэх нэрээр эрх мэдэлтнүүд гэмт хэргийнхээ нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл үүсэж өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн бүх түвшинд хууль тэгш үйлчилдэг хууль, зөрчил гаргасан бол үүргээ ухамсарлан хариуцлагаа хүлээдэг төрийн албан тушаалтнуудтай болохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Мөн маргааш буюу энэ сарын 2-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах тул иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.  

 
Гэрэл зургийг MPA.mn

“Хэвтүүл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Баянмөнх "Өнөөдөр манай улсад амиа хорлолт ихсэж байна. Энэ нь нийгмийн байдалтай шууд холбоотой бөгөөд төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагаас энэ бүхэн бий болж байна. Өнөөдөр Монголын хамгийн баян хүмүүс Засгийн газрын ордонд сууж байна. 

Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал болох 60 тэрбумын схемийн дагуу гарч ирсэн УИХ-ын гишүүд Эрүүгийн хууль, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм зэрэг хууль дүрмүүдийг зөрчсөн нь тодорхой болчихоод байхад хариуцлагаа үүрч чадахгүй байна. Нэмж хэлэхэд бидний ард нам, хэн нэгэн хүн байхгүй. Бас “Нэхүүл”-ийн эсрэг “Хэвтүүл” гэж гарсан зүйл ч байхгүй.  

Маргааш Сүхбаатарын талбайд болох жагсаалд иргэд та бүхэн идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлэн эрхээ эдлэхийг уриалж байна. Бид 10:00-16:00 цагийн хооронд иргэд үзэл бодлоо илэрхийлэхэд нь туслахаар Сүхбаатар дүүргээс зөвшөөрлийг нь авсан. Бүх зүйлийг улс төртэй холбож ойлгодгоо одоо болих хэрэгтэй. Хүүхдүүд хэлд орохдоо аав ээж гэж хэлд ордог байсан бол, одоо авилга, хээл хахууль гэж хэлд орох шахаж байна" гэв. 

"Хэвтүүл" хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Л.Алтансүх “Бид үүсээд байгаа нөхцөл байдалтай тэмцэхгүй бол бусармаг байдалд хүрлээ. Засгийн газар 29 санг нэгтгэж, 15 сан болгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай мэт харагдавч, өөрсдийн хийсэн хэргийн нотлох баримтыг устгах, ул мөрөө баллах хэлбэр болж байна гэж үзэж байна. Баримтуудаа хаяж, шатаах нөхцөл байдлыг хүртэл үүсгэж  байна. Иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдал энгийн мэт байгаа явдалд цэг тавих цаг болсон. Маргааш 10:00 цагаас бид тэмцлээ эхлүүлнэ. Хууль жирийн иргэн, эрх баригчдад жигд үйлчилдэг ирээдүйн төлөө тэмцэнэ. Яагаад гуравхан сая иргэнтэй ард түмэн яагаад ядуу зүдүү амьдрах ёстой юм бэ. Өнөөдөр монголчууд ямар амьдарч байна. 60 гаруй сая малтай, хөрсөн доороо эрдэнэсээр дүүрэн асар уудам нутагтай оюуны өндөр чадамжтай гуравхан сая хүн ядуугийн туйлд амьдарч байна. Эх орондоо ихийг бүтээх, амьдралаа эхлүүлэх насан дээрээ байгаа олон мянган залуус гадаад оронд дайжаад дууслаа. Ажилгүйдэл, ядуурал, хөрс, агаарын бохирдол, элдэв төрлийн хавдар, нас баралт, гэмт хэрэг, утаа гээд бидэнд гялайх зүйл харагдахгүй байна. Өргөн хэрэглээний барааны үнэ урьд хожид байгүйгээр өсч, валютын ханш тэнгэрт гарчихлаа. Бид энэ бүхнийг тэвчсээр, харсаар суух уу” гэв.

Оюуны өндөр чадамжтай гуравхан сая хүн ядуугийн туйлд амьдарч байна

 
Гэрэл зургийг MPA.mn

Харин НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Миний бие "Хэвтүүл" хөдөлгөөнийг дэмжиж нэгдэхээр шийдсэн. Манай Баянзүрх дүүрэг ажил амьдралаа дээшлүүлэхээр тэмцдэг олон хүн янз бүрийн зээл хөөцөлдөн явдаг. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд нь тэр боломжийг нь хулгайлчихлаа. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд дархан эрхийнхээ хүрээнд хамгаалагдаж, шалгуулахгүй байгаа нь бухимдал төрүүлж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байх хэрэгтэй. Би олон жил Японд сурч, ажиллаж байгаад ирсэн. Тэр улсад хариуцлага хүлээх гэдэг маш чухалд тооцогддог. Хувийн ашиг сонирхлыг төрийн өндөр албан тушаалтнууд ялгаж салгах ойлголтгүй болчихжээ.  Одоо зүгээр л үүссэн нөхцөл байдалд дасаад явдгаа больцгооё. Маргаашийн жагсаалд бүх хүмүүсийг оролцоосой гэж уриалж байна. Би төрийн албан хаагч биш. Иргэдээсээ итгэл хүлээн төлөөлж гарч ирсэн хүн. Тийм учраас иргэдийнхээ өмнөөс тэмцэнэ” хэмээн хэллээ.