Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдийн засгийн хариуцлагын аудитыг хэрэгжүүлэх шаардлага байна"

Б.Должинжав, Зууны мэдээ
2019 оны 2 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Аудитын байгууллагын боловсон хүчин ур чадвар, мэдлэг боловсролын хувьд тэргүүний байх учиртай. Төрийн аудитын байгууллагын боловсон хүчнээр бэлтгэгдэж байгаа залуустай уулзаж ярилцсан юм. БНХАУ-ын Наньжин хотын аудитын дээд сургуулийн магистрын хөтөлбөрт суралцаж байгаа Үндэсний аудитын газрын аудитор Б.Билгүүн, П.Амарсанаа нартай манай улсын аудитын байгууллагын хөгжил, хууль, эрхзүйн орчин, олон улсын туршлага, хариуцлагын тогтолцоо зэрэг сэдвээр ярилцсаныг хүргэж байна.

-Та хоёрын хувьд салбартаа ажиллаж байгаад явсан болохоор суралцахад дөхөм байгаа байх. Яагаад аудитор гэсэн мэргэжлийг сонгосон талаар яриагаа эхэлье?

П.А: Миний хувьд манай өвөө Монгол Улсын хууль цаазын нягтлан бодох бүртгэлч, Монголын анхны мэргэшсэн нягтлан бодогч нарын нэг байсан. Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж аудитын байгууллагад орсон гэж хэлж болно. Хөдөө аж ахуйн эдийн засгийн эдийн засаг статистикч, шинжээч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан.

Б.Б: Аудитын салбарт орж ажиллах нь миний хувьд гэнэтийн зүйл байсан. Хүмүүс аудитыг ихэвчлэн санхүүтэй холбож ойлгоод байдаг. Гэхдээ яг одоо төрийн аудитын байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг харахад бүхий л салбарт хүрч ажилладгаараа давуу талтай. Залуу хүний хувьд бүх салбарын мэдлэгийг хуримтлуулах, цаашлаад бусад ямар ч салбарт ажиллахад бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин болж гарах бололцоо бүрддэг нь энэ салбарын давуу тал гэж боддог.

Төрийн аудитын байгууллага бол шударга ёсыг тогтооход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага. Би багаасаа эх орныхоо төлөө, нийгмийн сайн сайхны төлөө сурсан мэдсэн бүх зүйлээ гаргаж, өөрийгөө зориулна гэж боддог байсан. Энэ салбарыг сонгосон нь бас ийм шалтгаантай.

-Та нарын суралцаж байгаа аудитын сургуульд орон орны аудитын байгууллагын ирээдүйн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа байх. Манай улсын Төрийн аудитын байгууллагын хөгжил, тогтолцоо, боловсон хүчин олон улсынхтай харьцуулахад ямар харагдаж байна вэ?

П.А: Наньжины аудитын их сургуульд 2018 оны байдлаар 33 орны 52 аудитор суралцаж байна. Тэнд газрын дарга, аудитор, ахлах аудитор, менежерүүд суралцдаг. Өөрөөр хэлбэл, 33 улсын 33 өөр соёл, өөр аудитын төрөл, онцлох чанар бий. Хоорондоо туршлага солилцох арга хэмжээг байнга зохион байгуулдаг.

Миний хувьд аудитын байгууллагын засаглалын тогтолцооны чиглэлээр түлхүү судалж байна. Дэлхийд аудитын байгууллагуудын засаглалыг дөрвөн төрөлд хувааж үздэг. Хамгийн эхнийх нь буюу хараат бус тогтолцоонд Азийн улс орнуудаас Монгол, Тайланд орно. Дараагийнх нь захиргааны удирдлагын тогтолцоо. БНХАУ-ын аудитын байгууллага энэ зарчмаар ажилладаг. Вест Министрийн буюу шүүхийн тогтолцооны жишээ нь Англи улс. Хэмжээгүй эрхт хаант засаглалтай хажуугаар нь парламентын засаглалтай. Хамгийн сүүлийнх нь хууль тогтоох засаглал байдаг. Миний мэдэхээр Франц улс энэ зарчмаар ажилладаг.

Аудитын байгууллагын хамгийн эцсийн зорилго бол стандартад заасан арга барилын дагуу ажиллаж улсын төсвийн хөрөнгө мөнгийг үр өгөөжтэй зарцуулахад хяналт тавих тодорхой чиг үүргүүдийг биелүүлдэг. Бусад улсын аудитын засаглалыг манай Монгол Улстай харьцуулахад манайх хамаагүй сайн гэж хэлж болно. Үндсэн үйл ажиллагаа нь хараат бус байж чаддаг. Улс орныхоо улс төр, нийгэм, эдийн засгийн байдлаас хамаарч аудитын байгууллагын засаглал тогтдог. Манайд зарим буруу тогтолцооноос болж хараат бус байдал нь бүрэн хэрэгжихгүй байх нь бий.

Харин манай аудиторуудын боловсрол, чадамжийн хувьд олон улсын аудиторуудтай яг л адилхан хэмжээнд байдаг. Манай улс бол хөгжиж буй орон. Тиймээс улсын төсвөөс тодорхой мөнгө зарцуулж эдийн засгаа эрчимжүүлэн, хөгжлөө хурдасгах шаардлагатай. Тэр хэрээр төсөв мөнгөний зарцуулалтад хяналт тавьдаг сайн аудиторууд хэрэгтэй. Мөн байгууллагууд нийгэм, эдийн засгийн байдалд тохирсон дотоод аудитын төрлүүдийг хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.

Б.Б: Миний хувьд стандарт талаасаа илүү ярья гэж бодож байна. Олон улсын аудитын дээд байгууллага гэж байдаг. Англи нэршил нь Интосай. Бүх орны төрийн аудитын дээд байгуугшагыг нэгтгэсэн, өргөнөөр харвал НҮБ гэж хэлж болно. Энэ байгууллага улс орон бүрийн нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудтай уялдуулж жил бүр шинэ стандартыг гаргадаг. Тус стандартыг гишүүн орнууд нь дагаж мөрдөнө.

Гэхдээ заавал дагаж мөрдөх бас албагүй. Жишээлбэл, БНХАУ гишүүн орноор нь байдаг ч өөрийн орны онцлогт тохирсон дотоодын стандартыг гаргасан. Нийт стандартынх нь 30 хувь нь Интосайн стандарт, үлдсэн 70 хувь нь өөрсдийн гаргасан стандарт байдаг.

Бид суралцаж байх явцдаа бусад улсын аудиторуудаас туршлага судалж байхад манай аудиторууд ур чадварын хувьд гологдохгүй гэдгийг тодорхой харсан. Мөн аудитын чанар маш сайн хийгдэж байна. Харин аудитын салбарын чиг хандлага нийгмээ дагаад хувьсаж өөрчлөгдөж байна. Ерөнхийдөө шинэ түвшинд гарч байгаа гэж хэлж болно. Үүнийгээ дагаад ч гэсэн стандарт, дүрэм, журмын хувьд улам нарийн болж байгаа.

Гол чиг хандлагыг харахад олон хүн амтай том орнуудыг авч үзвэл IT буюу мэдээлэл технологит суурилсан аудитыг хийх нь илүү түгээмэл болж байна. Ингэснээрээ өмнөх стандартаар хийгдсэн аудитыг маш богино хугацаанд үр дүнтэйгээр хийх боломж бүрддэг юм байна. Тиймээс улс бүр өөрсдийн онцлогт тааруулсан аудитын технологийн системүүдийг нэвтрүүлж байна.

Манай улсын Үндэсний аудитын газар хөгжлийнхөө бодлогыг тодорхойлсны үндсэн дээр олон улсын туршлагыг нэвтрүүлэх, олон улсын стандартын дагуу хөгжихийн тулд гадаад харилцаагаа хөгжүүлж байна. Тэр дотроо БНХАУ, Кувейт, Солонгос, Турк гэх мэт оронтой харилцан туршлага солилцож байна. Хэдийгээр эдгээр орнуудын засаглал, төрийн тогтолцоо нь өөр боловч арга хэлбэр, шинэ системийг нь Монголдоо нутагшуулах боломж бий гэж харж байгаа.

-Төрийн аудитын байгууллагын чиг үүрэг болон эрхийг Үндсэн хуульд оруулах ажил үргэлжилж байгаа. Олон улсын туршлагаар Үндсэн хуулийн байгууллага болсон аудитын байгууллагын давуу тал юу байна вэ?

П.А: Английн Вест Министерийн засаглалтай улсуудыг манайхтай харьцуулахад нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрээр ч тэр, аудитын байгууллагын хөгжлөөрөө ч тэр 100 гаруй жилийн цаад талд явж байгаа. Миний хувьд дипломынхоо сэдвийг ч ингэж сонгосон. Вест Министерийн засаглалтай орон болон БНХАУ, Тайланд зэрэг оновчтой тогтолцоотой орнуудтай Монгол Улсын аудитын байгууллагын хөгжлийг харьцуулсан хэлбэрээр судалгааны ажлуудаа гүйцэтгэж байна.

Манай улсын Төрийн аудитын байгууллага Үндсэн хуулийн байгууллага болох бэлтгэл ажил жилийн өмнөөс эхэлсэн. Нийгмийн байдлаас болоод түр саатчихаад байгаа. Манай улсын хувьд Төрийн аудитын байгууллага нь Төрийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл, төрийн хяналтын дээд байгууллага гэсэн олон улсын нэршлээрээ явж байгаа.

Манайхтай адилхан тогтолцоотой улсын зарчмаар бол хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д хуулийн төсөл орж ирлээ. Тэр төслийг эхлээд аудитын байгууллага үзээд дүгнэлт гаргадаг. Энэ хуулийн төсөл нь нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй байж чадах уу, бодитоор хэрэгжих боломжтой байна уу гэх зэргээр хяналт тавина. Ингээд аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн УИХ шийдвэрээ гаргадаг. Оновчгүй төсөл бол батлахгүй байх жишээтэй.

Энэ туршлагыг Монголд хэрэгжүүлэх боломжтой, хэрэгцээ шаардлага нь бий гэж харж байгаа. Төрийн аудитын байгууллагын чиг үүргийн бас нэг үндсэн тал нь зөвлөн туслах. Манайд ч энэ чиг үүргээ сайн биелүүлдэг. Дипломынхоо сэдвээр харьцуулалтын судалгаа хийж үзэхэд бусад орныг бодвол манай улсын хуулиуд харьцангуй сайн гардаг.

Гэхдээ сайн хууль байсан ч амьдралд хэрэглэх үү, хэрэглэхгүй юу гэдэг нь өөр асуудал. Төрийн аудитын байгууллагаа Үндсэн хуулийн байгууллага болгоод, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, дотоод аудитын газруудаа Үндэсний аудитын газар өөртөө авах нь оновчтой тогтолцоо гэж боддог. Ингээд түрүүн хэлсэнчлэн УИХ-даа зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлээд аудитаар хэрэгжих нь боломжтой гэж дүгнэгдсэн, батлагдсан хуулийнхаа дагуу явбал зөв болно гэж суралцах явцдаа ажиглаж байна.

Б.Б: Нөгөө талаас нь харвал олон улсын жишгээр ч тэр Төрийн аудитын байгууллага нь улс эх орондоо хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх ёстой. Үүнд энэ байгууллагын оролцоо маш чухал. Харин энэ оролцоог их байлгахын тулд төрийн аудитын байгууллага өөрөө хараат бус байх ёстой. Яаж бүрэн утгаараа хараат бус байх вэ гэхээр Төрийн аудитын байгууллагын эрх үүрэг нь үндсэн хуулиндаа хуульчлагдаж өгснөөр ганц хоёр хуулийн өөрчлөлтөд өргөхөөргүй дархлаатай болно гэж ойлгож болно.

Олон улсын туршлагаас харахад Хятад, Европын зарим оронд үндсэн хуулиндаа Үндэсний аудитын газрын чиг үүргийг, Ерөнхий аудиторынхоо эрх үүргийг тодорхой тусгаад өгчихсөн байдаг. Тиймээс тухайн улсын Т өрийн аудитын байгууллагын дархлаа нь сайн бэхэжсэн байдаг.

-Хариуцлагын тогтолцоо ярьж байна л даа. Төрийн аудитын байгууллага хийсэн аудитынхаа зөрчлийн араас явдаггүй гэсэн шүүмж байдаг. Ер нь олон улсад аудитын байгууллага илэрсэн зөрчилд өөрсдөө хариуцлага тооцдог тийм туршлага байна уу?

П.А: Монгол Улсын Төрийн аудитын байгууллага бол хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Илэрсэн зөрчлийг аудитын явцад залруулж, өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг биелсэн эсэхийг мөн дахин хянадаг. Үнэхээр хүнд зөрчлүүдийг дараагийн шатны хуулийн байгууллагад шилжүүлээд явдаг. Энэ зарчмаараа л ажиллаж байгаа. Манай хуулинд бол аудитын байгууллага хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Гэсэн ч аудит хариуцлага тооцохгүй байна, аудитын байгууллага шалгалт хийгээд үр дүн гарахгүй байна, яагаад алга болоод байна гэсэн шүүмжлэл нийгэмд байдаг.

Гэхдээ аудитын байгууллага яг хариуцлага тооцдог байгууллага мөн үү, биш үү гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй байх. Манай улсад аудитын байгууллагын хөгжил хараат бус зөвлөн туслах үйлчилгээ гэдэг утгаараа илүүтэй чиглэж байгаа болов уу. Аудит хийгээд зөрчлийг илрүүлж акт, албан шаардлагаар улсын төсөвт мөнгийг нь төвлөрүүлээд, ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа. Тогтолцоогоо өөрчилж, нийгмийн шаардлагаар хариуцлага тооцдог хэлбэрт шилжиж болох байх. Гэхдээ одоогийн нөхцөлд зөвлөн туслах үйлчилгээ нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд илүү тохиромжтой гэж боддог.

Вест Министерийн засаглалтай Англи улс бол шүүхийн тогтолцоотой. Шүүхийн тогтолцоотой аудитын байгууллага бол хяналт шалгалтаа хийнэ. Хяналт шалгалтаар илэрсэн алдаа зөрчилд зөвлөмж , акт, албан шаардлага хүргүүлнэ. Үнэхээр албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас улсын төсвийн мөнгийг арвилж хямгадалгүй үрэгдээд залилан хийчихсэн бол тохирох хуулийн заалтаар нь хариуцлага хүлээлгэдэг.

Дээд шүүхийнхээ зарим нэг чиг үүргийг авчихсан байдаг. Турк улс мөн ийм тогтолцоотой. Дэлхий нийтийн аудитын байгууллагын чиг хандлагыг харахад ч манай улсынхтай адил зөвлөн туслах чиглэлд түлхүү явж байгаа.

Манай улсад хариуцлага хүлээлгэхийг чиг үүргийн дагуу бусад хуулийн байгууллага хариуцаж байна. Тиймээс алдаа зөрчлийг давтаж гаргуулахгүйн тулд аудитын байгууллагын үйл ажиллагаа чиглэх нь зүйн хэрэг. Харин зарим буруу тогтолцооны улмаас манай Төрийн аудитын байгууллага олон улсын стандартын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй болчихож байна. Олон улсын стандартын дагуу хамгийн наад зах нь аудитын байгууллагын төсөв нь хараат бус байх ёстой.

Томоохон аудитын төсөв мөнгө хүрэхгүй бол дахиад л УИХ-д хандана. Энэ байдал нь ард иргэдийн хүсэн хүлээж байгаа үр дүнг үзүүлэхгүй байна гэсэн шүүмжлэлийг үүсгэж байгаа юм. Тэгэхээр хамгийн гол нь Үндсэн хуулийн байгууллага болох, бодлогын баримт бичгээ батлуулах, зарим нэг аудитын байгууллагын чиг үүргээ Засгийн газрын байгууллагаас ялгаж салгаж байж бид хараат бусаар үйл ажиллагаа явуулж үр нөлөөтэйгөөр ард иргэдийн хүлээлтийг биелүүлж чадна гэж боддог.

Б.Б: Аудит хийнэ гэхээр тухайн байгууллага шалгагдаж байна гэсэн байр сууринаас хандаад байдаг. Гэтэл үнэнийг хэлэхэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж гарч болох эрсдэлээс сэргийлэх, алдаа дутагдлыг засаж залруулах нь аудитын чиг үүрэг гэдгийг ойлгож, хамтран ажилладаг байх хэрэгтэй. Үүнийг зөв талаас нь хараасай гэж хүсэж байна.

-Аудитаар илэрч байгаа алдаа зөрчил олон шалтгаантай ч ерөнхийдөө хариуцлагагүй байдалтай уялддаг гэж хардаг. Монголд бүх шатанд хариуцлага гэдэг зүйл ямар түвшинд байна гэж бодож байна. Б.Билгүүн энэ сэдвээр дипломын ажлаа хийж байгаа гэж сонссон?

Б.Б: Би “Эдийн засгийн хариуц-лагын аудит” сэдвээр дипломын ажлаа хийж байгаа. Би өөрөө Монголын нийгэмд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх бүхий хүн биш л дээ. Гэхдээ хувь хүний бодлоор манай улсад бүх шатанд, бүх салбарт хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах шаардлага үүсээд байна. Энэ шаардлага өсөн нэмэгдэж байгаа гэж харж байна. Хятадад хариуцлагын тогтолцоог маш сайн хэрэгжүүлсний үндсэн дээр эрх бүхий албан тушаалын хариуцлага дээшилж, эх орны хөгжил хэдэн жилээр хурдсах, улсаас гаргаж байгаа том бодлого шийдвэрүүд хөрсөнд бууж байна.

Хятадын Үндэсний аудитын газраас хийдэг эдийн засгийн хариуцлагын аудит нь зөвхөн ганц төрлөөр биш, олон төрлөөр тал бүрээс нь зөвхөн тухайн албан тушаалтанд чиглэж хийгддэгээрээ онцлогтой. Тухайн албан тушаалтны санхүүгийн сахилга батыг шалгана. Үүнээс гадна гаргаж байгаа шийдвэрүүд дээр хяналт тавих боломжтой. Энэхүү албан тушаалтан нь энэ албыг хашиж байх үедээ гаргасан шийдвэр нь улс эх оронд хэр үр өгөөжтэй байсан, эсрэгээрээ ийм хохирол учруулсан гээд гаргаж ирнэ.

Тухайн хүнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх эсвэл албан тушаал дэвшүүлж өндөр албан тушаалд томилох эрх зүйн шаардлага хангасан хүн мөн үү гэдгийг аудитын тайланд үндэслэж шийдвэр гаргадаг. Мөн хөөх хэлэлцэх хугацаа гэж Монголд байдаг шиг Хятадад эдийн засгийн хариуцлагын аудитор илрүүлсэн алдаа зөрчлийг үндэслэж Хятадын хууль хяналтын байгууллагууд тухайн хүнд эрүүгийн хариуцлагыг хөөн хүлээлгэдэг. Жишээлбэл, Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон компанит ажлууд байна.

Төрийн албанд ажиллаж байхдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан, шамшигдуулсан асуудлууд гаргасан бол хэдий хэмжээний хугацаа өнгөрсөн эсэх нь хамаарахгүйгээр гэмт хэрэгтэн нь тогтоогдсон л бол хилийн дээс алхсан байсан ч гэсэн хариуцлага тооцдог. Зарим хүн бодож магадгүй. Хятад бол өөр тогтолцоотой орон, нэг намын системтэй, холимог тогтолцоотой социалист орон гэж.

Монгол бол ардчилсан орон. Энэ тогтолцоог, энэ аудитын төрлийг Монголд хэрэгжүүлэх боломж байгаа юм уу гэж асуудаг. Хятадын хэрэгжүүлж байгаа аудитын энэ төрлийг Монголд хэрхэн нэвтрүүлэх вэ , хэрхэн өөрийн орны онцлогт тохируулж хөрсөнд буулгах вэ гэдэг судалгааны ажил хийгдээд явж байна.

-Манай улсад хэрэгжүүлбэл их хэрэгтэй аудит болох юм байна?

П.А: Жишээ нь сонгон шалгаруулалт байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдлаар тендер өгдөг, хуйвалддаг, булхай хийдэг жишээ олон. Дараа нь улсын мөнгөөр хийгдсэн ажил чанаргүй боллоо гэхэд хариуцлага хүлээх эзэнгүй болдог. Тэгвэл энэ аудитыг хийснээр хамгийн анх албан тушаалаа урвуулж ашиглаж бусдад давуу байдал үүсгээд тендерийн ажлыг өгчихсөн хүнд нь хариуцлага тооцох боломжтой болно гэж ойлгож байгаа. Албан тушаалтан үнэхээр л буруутай бол хөөн хэлэлцэх хугацаа нь ямар ч байсан, албан тушаалаа сольсон байсан ч хариуцлага тооцох чадамжтай аудит. Урт хугацаанд гэсэн үг.

Б.Б: Гэхдээ нэг чухал зүйл бол Үндэсний аудитын газраас энэхүү аудитын төрлийг хэрэгжүүлэхэд одоогоор хууль эрх зүйн орчин байхгүй байгаа. Тийм ч учраас хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Аудитын байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг гэж дээр хэлсэн. Харин энэхүү эдийн засгийн хариуцлагын аудит гэсэн шинэ төрөл нь хяналт шалгалт, хариуцлага хүлээлгэх тал руугаа орчихож байгаа юм. Монголын нөхцөлд хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдгийг судлаад явж байна.

П.А: Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бол аудитын хэтийн зорилго байдаг. Гэхдээ тэр зорилгод хүрэх явцад олон улсын аудитын хамгийн эхний Лемагийн тунхаглалд аудитын байгууллагын дээд байгууллагын хүчийг заасан. Нийгэм сайн тал руугаа яваад, Монгол Улс маань хөгжөөд, хараа хяналт сайжраад, ашиглана, залилна гэдэг зүйл монгол хүний сэтгэхүйд байхгүй болчихвол аудитын байгууллага зөвлөн туслах үйлчилгээгээ үзүүлээд явахад л хангалттай болно байх.

Яг энэ нийгмийн шаардлага, хөгжиж буй орон энэ олон хүмүүсийн ашиг сонирхол нөлөөлсөн өнөөдрийн нөхцөлд бол хяналтын засаглал, эдийн засгийн хариуцлагын аудитыг хэрэгжүүлэх шаардлага байгаа.

Зураг