Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн хил дээр арми, иргэдийн хооронд мөргөлдөөн үргэлжилж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн Колумби, Бразилтай залгаа хилүүд дээр ирсэн АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийн ачааг нэвтрүүлэхийн тулд сөрөг хүчнийхэн, тэднийг дэмжигч иргэд засгийн газрын цэрэгтэй мөргөлдөөн үүсгээд байна.

Цэргүүд тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэжээ. Венесуэль-Колумбийн хил дээр ирсэн тусламжийн ачаатай гурван автомашин шатсан мэдээлэл байна.

 

Одоогоор тусламжийн цуваанаас нэг ч автомашин хил нэвтэрч чадаагүй байна. Мөргөлдөөний үеэр Венесуэлийн арми, цагдаагийн доод тал нь 23 алба хаагч тэмцэгчдийн талд орсон тухай мэдээлэл иржээ.

 

Бразилын хил дээр гарсан мөргөлдөөний улмаас дор хаяж нэг иргэн алагдсан байна. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлж байгаагаар цэрэг, цагдаа нарын гарт амиа алдагсдын тоо дөрөв болсон гэжээ.

Зөвхөн хил дээр бус, мөн нийслэл Каракас хотод иргэдийн тэмцэл эхэлсэн байна. Энэ үеэр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ сөрөг хүчнийхэн тусламжийн ачааг нэвтрүүлэхийг оролдож байгаа нь эх орноосоо урвасан хэрэг гэж мэдэгджээ. Учир нь тусламжийн ачаанд Венесуэлийн хууль ёсны засгийн газрыг унагах зорилгоор АНУ-аас илгээсэн зэвсэг байгаа гэж тэр тайлбарласан юм.

 

Мөн Мадуро хөрш Колумби улсаас дипломат харилцаагаа тасалж байгааг зарлаад Каракас дахь элчин сайдын яамны ажилтнуудыг нь 24 цагийн дотор гарч явахыг шаарджээ. Мадуро хэлсэн үгэндээ Колумбийн ерөнхийлөгч Иван Дюкийг “хүний дүрд хувилсан чөтгөр” хэмээн нэрлэсэн байна.

Венесуэлийн дотоод нөхцөл байдал цаашдаа улам хүндрэх төлөвтэй болжээ.

 

Эх сурвалж: The Guardian