Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Америк-Хятадын худалдааны дайн өндөрлөх “өндөр магадлалтай” болсныг талууд мэдэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийт $360 гаруй тэрбумын дүнтэй худалдаанд нөлөөлж байгаа Америк-Хятадын зөрчил маргаан өндөрлөх магадлал өндөр болсныг хоёр талын албаныхан мэдэгдлээ.

Бээжингийн төлөөлөгчдийг ахалж Вашингтонд ирээд байгаа Хятадын засгийн газрын шадар сайд, тус улсын эдийн засгийн бодлгогыг гол тодорхойлогч гэгддэг Лю Хэ өчигдөр орой Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад бараалхсан байна.

Түүний багийнхан дахин хоёр өдөр Вашингтонд саатаж, хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болжээ.

Уулзалтын дараа Трамп “Хоёр орны хооронд худалдааны гэрээ байгуулагдах өндөр магадлалтай болсныг би хэлмээр байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Хятадын талаас харвал гэрээ байгуулагдахад тун ойрхон болоод байна” гэж Лю Хэ мөн мэдэгджээ. Түүнийг ингэж хэлэх үед хажууд нь АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн Роберт Лайтайзер, Сангийн сайд Стивен Мнючин, Худалдааны сайд Уилбур Росс нар байсан юм.

Одоогийн байдлаар АНУ-ын талаас Хятадын $250 тэрбумын дүнтэй бараанд, Хятадаас АНУ-ын $110 тэрбумын дүнтэй бараанд импортын өндөр татвар ноогдуулаад байгаа.

Хоёр орны худалдааны гэрээг эцэслэн батлахын тулд Дональд Трамп, Ши Жиньпин нар нүүр тулан уулзах шаардлагатай байгаа. Тэдний уулзалт ирэх гуравдугаар сард Флорида дахь Трампын эзэмшил Мар А Лаго амралтын газарт болох төлөвтэй байна.

Талуудын төлөөлөгчид гуравдугаар сарын 1-нээс өмнө гэрээний нөхцлийг тохиролцохоор олон удаагийн цуврал хэлэлцээрийг Бээжин, Вашингтонд хийгээд байгаа юм.

Арванхоёрдугаар сарын 1-нд Трамп, Ши нар Буэнс Айрест уулзахдаа худалдааны дайнд “гал зогсоох” 90 хоногийн хугацаа зарласан нь гуравдугаар сарын 1-нд дуусч байгаа ажээ.

Гэхдээ энэ хугацааг сунгах магадлалтай болсон байна. Дональд Трамп өчигдөр хэлэхдээ “Хэрвээ хэлэлцээр амжилттай урагшилж, ахиц дэвшил гарч байна гэж үзвэл эцсийн хугацааг сунгах боломжтой” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Хятадын тал АНУ-аас худалдаж авдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ хэмжээг огцом нэмэгдүүлж, электрон төлбөр тооцооны зах зээлээ Visa, MasterCard компаниудад нээж өгөх тохиролцоо хийгдсэн гэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post