Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мартынчук: Өлсөх нь хүний бие махбодод тохирохгүй үйлдэл

ikon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд 8,300 ажилтантай, Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE: HLF)-д бүртгэлтэй Herbalife Nutrition компани Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулаад найм дахь жилтэйгээ золгож буй. 2017 онд л гэхэд хувьцааных нь цэвэр борлуулалт 4.4 тэрбум ам.долларт хүрсэн тус компани олон хүнийг амьдралын хэв маягийг эрүүл, зөв болгоход том хувь нэмэр оруулж байгаа билээ.

Тус компанийн Шим Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Анагаах ухааны доктор (Ph.D), Дэд профессор, хоол зүйч Александр Мартынчук энэ сарын 20-24-нд Монгол Улсад айлчиллаа. 

Монголд тав дахь удаагаа айлчилж байгаа тэрбээр эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүдийн клубүүдийн тоо өсөж байгааг Монголчууд өөрсдийн эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болсон байна хэмээн дурдсан юм. 

2010 оноос өнөөг хүртэл “Иммунотермистометри - хүнсний үл зохицлын оношилгооны шинэ чиглэл” сэдвээр докторын ажил гүйцэтгэж буй түүнтэй хооллолтын талаар түлхүү ярилцлаа.


-Та орчин үеийн хоол зүйн чиглэлээр олон жил судалгаа хийж, эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүллийг хэвлүүлсэн гэж байсан. Орчин үеийн хоол зүйн хандлага, хөгжил хэрхэн өөрчлөгдөж байна вэ. Энэ талаар ярихгүй юу?

-Хоол хүнс сүүлийн үед маш их өөрчлөгдөж байна. Техник технологиор боловсруулсан хоол хүнсний давс болон транс тосны хэмжээ нэмэгдэж хүний биед өгөх ёстой ашигтай эрдэс бодис, шим тэжээлийг өгч чадахгүй харин зүгээр л илчлэг ихээр агуулсан хоол болж хувирч байна. Одоогийн хүн хоолноос өдөрт шаардлагатай бүх эрдэс бодис, амин дэмээ авъя гэвэл 5,000 ккал авах хэрэгтэй болчихож байна. Гэтэл ингэж боловсруулсан хоол хүнс нь өдөрт зөвлөдөг илчлэгээс 2-3 дахин илүү болчхож байгаа юм.

Нөгөө талаар, тухайн улс орны газар зүйн онцлогоос хамаарсан махны хэрэглээг бас анхаарах хэрэгтэй. Улаан мах нь өөх тос ихээр агуулдаг бөгөөд ходоод гэдэс, зүрх судасны өвчин, мөн онтологийн эмгэгүүд зэрэг олон асуудал үүсгэх эрсдэл дагуулдаг. Гэвч хүмүүс эрүүл хооллолтын талаар мэддэг болж байгаа хирнээ олон жилийн зуршил, дадлаасаа татгалзаж, хооллолтоо өөрчилж чадахгүй байна. Энэ нь өнөөдрийн томоохон асуудал болоод буй таргалалтад хүргэж байгаа юм. 

Эдгээр хандлагыг өөрчлөхийн тулд дэлхий даяар тусгай зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Гол зорилго нь яг тухайн хүнд дутагдаад байгаа эрдэс бодисыг нөхөж өгөх юм. Тухайлбал, зарим бүтээгдэхүүн эслэгээр баян байхад зарим нь пробиотиктой, бараг давсны агууламжгүй гэх мэт.

Бас нэг хандлага нь хоол хүнсний дэглэмд чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болсон. Хүмүүс ийм төрлийн бүтээгдэхүүнүүдээс айх нь бий. Энэ нь магадгүй хэрэглээ,  зориулалтыг нь сайн ойлгохгүй байгаагаас хамааралтай байж болох юм. Үүнийг энгийнээр ойлговол, хүнсний нэмэлт, биологийн идэвхт гэж нэрлээд буй энэ төрлийн бүтээгдэхүүн нь хүнд дутагдаж буй иод, төмөр гэхчлэн эрдэс бодисыг нөхөж өгдөг болсон. 

-Хүнсний үл зохицлын оношилгооны шинэ чиглэл гэсэн сэдвээр 10 гаруй жил судалгаа хийж байгаа хүний хувьд хүнсний үл зохицол гэж юу болох талаар ярихгүй юу. Энэ нь ямар үр дагавартай байна вэ?

-Миний ажлуудын гол сэдэв бол хоолноос үүдэлтэй харшил, хоол хүнс хоорондоо тохирохгүй байх тухай юм. Товчхондоо үл зохицол гэдэг нь хүний бие хоол хүнсийг хүлээж авч, боловсруулж, түүнийгээ шингээж чадахгүй хүнсийг хэлээд байгаа юм. Энэ нь цаашлаад өвчинд хүргэж болох юм.  

Глютен буюу цавуулгийг боловсруулах чадваргүй зарим хүмүүс байхад зарим хүн лактоз буюу сүү, сүүн бүтээгдэхүүнийг тэсвэрлэх чадваргүй гэж ярьцгаадаг. Энэ талаар би илүү дэлгэрэнгүй нарийвчлан судлахыг хүссэн юм. 

Тухайлбал, глютен боловсруулж чаддаггүй хүн энэ төрлийн хүнс хэрэглэх нь целятия гэдэг өвчинд хүргэдэг. Энэ нь хүний дархлаа өөрийнхөө эд эс рүү дайрч, ходоод гэдэсний асуудал үүсгэдэг өвчин. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож байвал интернетээс судлаад үзэх боломжтой байгаа шүү. 

-Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолтод ач холбогдол өгөх болсон ч өвчлөл өндөр байсаар байна. Тухайлбал, манай улсад хорт хавдрын өвчлөл өндөр байгаагаас гадна таргалалт буюу халдварт бус өвчлөл жилээс жилд нэмэгдэх болсон. Та судлаач хүний хувьд энэ өвчлөлүүдээс ангижрах шийдлийг хэрхэн хардаг вэ? 

-Үндэсний боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Энэ асуудлуудыг яаж шийдэж болохыг жишээгээр харуулах хэрэгтэй.

Манай Украйн улсын хувьд ДЭМБ-ын хөтөлбөрийн хүрээнд тусгай мэргэжлийн багш нар бүх сургуулиудад эрүүл амьдрал, хооллолтын талаар хичээл заадаг. Энэ хичээлийг оруулснаар хүүхдээр дамжуулан томчуудад мөн нөлөөлж чаддаг. Учир нь томчууд хүүхдүүдэд хэрхэн эрүүл зөв хооллох талаар үлгэр болох ёстой ч хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс, түргэн хоолыг хүүхдүүддээ хамгийн ихээр хэрэглүүлсээр л байгаа шүү дээ. 

“Herbalife Nutrition” компани ийм сургалтуудыг клубийн системээрээ дамжуулан хүмүүст хүргэдэг. Яг өөрийнхөө бие дээр туршаад, үр дүнг нь үзээд, эрүүл мэндийн асуудлаа шийдчихсэн хүмүүс бусдадаа зааж сургаж, үлгэрлэдэг. Ийм байдлаар хүмүүст эрүүл зөв хооллолтын шинэ зуршлуудыг бий болгодог. Ингэснээр амьдралынхаа хэв маягийг тэр чигт нь өөрчилж байна гэсэн үг. Өөр арга зам бараг л байхгүй дээ. 

-Хүмүүс энэ асуудлыг богино хугацаанд буюу эмээр шийдэхийг урьтал болгодог шүү дээ.  

-Тийм ээ, хүмүүс ихэвчлэн хялбар аргаар шийдэх гэж “шидэт шахмал” үргэлж хайж байдаг. Үнэндээ тийм эм бэлдмэл байхгүй.

Зарим тохиолдолд олонд хүлээн зөвшөөрөгдсөн бэлдмэлүүд нь хүмүүсийн хүссэн хугацаанд, хүссэн хэмжээгээр нь үр дүнгээ өгдөггүй. Жишээ нь, таргалалтыг бууруулах эм байдаг. Гэхдээ тэр нь зөвхөн хооллолтоо өөрчилсөн тохиолдолд л үйлчилдэг.

Хооллолт болон эрүүл мэнд хоёрын холбоо харилцааг авч үзэхдээ гол зүйл дээр нь анхаарах хэрэгтэй. Хялбар нөлөөлөх болон өөрчлөх боломжтой зүйлд нь анхаарах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, зөвхөн давсны хэрэглээгээ багасгаснаар цусны даралт хэвийн болно.

Ийм хандлага нь эм хэрэглэсэнтэй ижил үр дүнтэй. Тиймээс сөрөг нөлөө үзүүлдэг эмийг сонгох уу, зөвхөн давсны хэрэглээгээ бууруулах уу гэдэг нь хувь хүний сонголт юм.

-Таны хэлсэн энэ үг “Өвчин амаар орж ирдэг” гэдэг үгийг санагдууллаа. Хүний эрүүл мэндийн 80 хүртэлх хувь нь зөвхөн хооллолтоос шалтгаалдаг буюу хоолоор эрүүлжиж болдог гэдэг юм билээ.

-Ихэнх халдварт бус өвчнүүд бүгд хооллолттой холбоотой байдаг. Эртний Грекийн аугаа их эмч, эртний анагаах ухааныг шинэчлэгч Гипократ “Би юу идэж байна, түүнийхээ дүр төрх нь” гэж хэлсэн байдаг. Энэ үгийн утга санаа өдий хүртэл алдагдаагүй байна. 

 

-Хүмүүс жингээ хасахын тулд янз бүрийн дэглэм, мацаг барьдаг. Ингэж удаан юм идэхгүй байх нь эрүүл мэндэд ямар нөлөөтэй байдаг вэ?

-Өлсөх бол ер нь муу, хүний бие махбодод тохирохгүй үйлдэл. 

Жишээн дээр ярья. Эд, эс болгон маань байнгын хөдөлгөөнд өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг бөгөөд үүний тулд хэрэгцээтэй зүйлсээ хаа нэгтэйгээс авч байдаг. Цусанд л гэхэд уураг, сахарын хэмжээ нь байнга хэвийн түвшингээ хадгалан нөхөгдөж байх ёстой. Хэрэв хоол идэхгүй бол тэр эд, эсүүд цусан дахь уураг, сахарын хэвийн түвшнийг хангахын тулд биед байгаа бүх нөөцөө шавхдаг. Ийм учраас өлсөхөд уургийн түвшин унадаг. Уургийн хэмжээ буурснаар булчин, зүрх гээд уургийг ашигладаг бүх эд эрхтэнд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. 

Хүмүүс жингээ хасахын тулд өлслөө гэж бодъё. Тэгвэл биед нь байсан тэр бүх өөх хаачдаг вэ? Гоё асуулт байгаа биз?

Үнэндээ тэр өөх тос хаачаа ч үгүй. Бидний судсаар дамжаад элэг, цөсөнд хүрдэг. Хэрэв их хэмжээний өөх судсаар урсвал бөглөрөө үүснэ. 
Бидний идсэн зүйлс боловсруулагдаж явсаар элгэнд ирэхэд цөс пигментээ ялгаруулж, хоол боловсруулалтад нөлөөлдөг. Гэтэл бид юу ч идэхгүй байвал өөх тос нь цөсөнд бөглөрч, ялгарсан цөс нь хүүдийнээсээ гарахгүй байна гэсэн үг. Энэ үйл явц удаан давтагдсанаар цөсний чулуу бий болно гэсэн үг. Энэ бол ганцхан жишээ. 

Нөгөө талаар, өлсөөд ч хамаагүй жин буурлаа. Гэтэл өлсөхөө зогсооход жин огцом өсдөг. Яагаад гэвэл бидний бие өөрийг нь хуурахад дургүй байдаг. “Өлсгөлөн давтаж болох юм байна” гээд ой тогтоолтдоо авчихдаг. Тиймээс өлсөхөө зогсоогоод хоол идэхэд бүх хоол хүнсээ биедээ нөөцлөөд эхэлдэг. Иймээс өлсөх нь асуудлыг шийдэж байгаа хэрэг биш, улам хүндрүүлээд байна гэсэн үг. 

-Тэгвэл дэлхий нийтийн өргөн хэрэглээ болсон кофены талаар та юу хэлэх вэ?

-Дэлхий даяар кофе нь хамгийн их хэрэглэгддэг ундааны гуравт ордог. Эрүүл мэндийн олон байгууллага энэ ундааг эрүүл гэж хүлээн зөвшөөрдөг.

Хэрэв бид яг байгалийн,  хамгийн сайн чанартай кофе уувал энэ нь ашигтай. Тухайлбал, нэг аяга кофенд нэг аяга ногоон цайнд агуулагддагаас их хэмжээний антиоксидант агуулагддаг. Тийм ч учраас үрэвслийн эсрэг нөлөөтэй байж чаддаг. Кофе нь бидний цөсийг ялгаруулахад тусалдаг. Элэгний олон асуудал ч үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Элэгний ямар нэгэн өвчлөлд кофег зөвлөх тохиолдол ч бий. Удаан хугацаанд уух тусам чихрийн шижин тусах эрсдэл буурах гэх мэт давуу талтай. 

Гэвч сөрөг талууд мөн бий. Кофе нь ходоодны хүчиллэг чанарыг нэмэгдүүлдэг учраас хоосон ходоодон дээр уух хэрэггүй. Цусны даралтыг нэмэгдүүлдэг тиймээс эрүүл хүн өдөрт 1-2 аяга уухад асуудалгүй. Харин зүрх судасны өвчтэй хүнд энэ нь асуудал болж нөлөөлнө. 

-Таны ярианд авах ёстой эрдэс бодис, шим тэжээл гэж нэлээд дурдагдлаа. Зохистой тэнцвэржүүлсэн хоол гэж юуг хэлж байна вэ? Хүмүүс энгийн хоолоороо зохистой, тэнцвэржүүлсэн шим тэжээлийг авах боломж байна уу?

-Бидний амьдралд шаардлагатай бүх эрдэс бодис, шим тэжээлийн нэгдлийг өгч байгаа хоолыг шимт хоол гэнэ. Гэтэл бие дааж өөртөө шаардлагатай эрдэс бодисыг авах нь маш хэцүү байдаг.

Насанд хүрсэн зарим хүн иддэг хоолоо л давтаад идээд байдаг. Тухайлбал, өглөөдөө өндөг, өдөр нь мах, оройн хоолондоо будаа, ногоо ч юм уу. Энэ тохиолдолд тухайн хүн зарим нэгдлийг маш ихээр аваад заримыг нь дутуу аваад байна гэсэн үг. Тэгэхээр тэнцвэржүүлсэн хоолны гол зарчим нь хоол хүнсээ олон төрлийн байлгах.

-Хүмүүс юу ч идсэн спортоор хичээллээд, хөдөлгөөн хийгээд байхад жин нэмэхгүй, эрүүл амьдарна гэж ойлгодог шүү дээ. Энэ нь зөв үү? 

-Үүнд би маш энгийн жишээ хэлье. Жингээ хасахад уургийн агууламж өндөртэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэйг хүн болгон мэддэг. Тамирчид булчингаа хэвийн хэмжээнд хадгалахын тулд уургийг их хэмжээгээр хэрэглэдэг. Гэтэл тэр хүн зурагтынхаа урд суугаад зөвхөн уургаа идээд л байвал булчингийн масс нь нэмэгдэхгүй шүү дээ. 

Бас нэг жишээ. Кальци ясанд хэрэгтэйг бид мэднэ. Гэхдээ бид энэ мэдлэгээ тархиндаа л агуулж байгаагаас биш биедээ ойлгуулдаггүй. Тэгвэл кальци ясанд хэрэгтэй гэдгийг биедээ ойлгуулахын тулд ясандаа ачаалал өгнө гэсэн үг. Тэгэхээр жин хасахад хоол хүнс 70-80%, харин спорт, дасгал хөдөлгөөн 20-30% нөлөөтэй байдаг. 

 

-Herbalife Nutrition компанийн ойрын ирээдүйн зорилтын талаар хуваалцахгүй юу?

-Манай компани олон талын ололт амжилттай яваа. Өнөөдрийн хувьд хамгийн гол чиглэл нь бүгд ижил биш, хувь хүн болгоны хооллолтыг нь тохируулах. Үүний тулд маш их судалгаа хийж байгаа. Тэр дундаа генетикийн удамшлын судалгаанууд маш их хийгдэж байна. 

Ген буюу удмын мэдээллийн сангаар дамжин аав, ээжээс бидэнд зөвхөн эрүүл мэндтэй холбоотой биш, мөн өвчлөлтэй холбоотой мэдээллүүд дамжиж ирдэг. Үүнээс гадна ямар хоол хүнс бидэнд тохирдог, тохирдоггүй тухай мэдээлэл ч дамждаг. 

Би ярилцлагынхаа эхэнд ярьсан, зарим хүн зарим хүнсийг шингээж чаддаггүй тухай. Энэ асуудал ихэнх тохиолдолд удамшилтай холбоотой байдаг.
Тиймээс генийг нь судласнаар удмын мэдээллийн сангаар дамжуулан тухайн хүнд ямар шим тэжээл, хоол хүнс хэрэгтэй байна вэ гэдгийг илрүүлж чадаж байгаа юм.

Тухайлбал, удамшлаасаа шалтгаалаад зүрх судасны өвчин тусах магадлал өндөр байж болно. Тэгвэл ийм хүнд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд холбогдолтой хоол хүнс зөвлөх хэрэгтэй. Жишээ нь, аль болох их хэмжээний ногоо, жимс жимсгэнийг зөвлөөд өөх тос, улаан махны хэрэглээгээ багасгахыг зөвлөж болно. Хамгийн энгийнээр тайлбарлахын тулд хоолоор жишээ авлаа. Энэ бол хоол хүнс судлалын ойрын ирээдүйн алсын хараа гэсэн үг. 

-Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хамгийн том шалтгааныг та хэлэхгүй юу?

-Нэгдүгээрт, эрүүл байхын тулд. Хоёрдугаарт, илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд. 

-Таны ярьсанчлан тэнцвэртэй, зөв хооллоод, дасгал хөдөлгөөн хийгээд амьдрахад хүн хэд наслах боломжтой бол?

-Хүн болгон өөр учраас шууд хэлэх боломжгүй. 180-200 гэвэл энэ миний л үг. 

Гэхдээ нэг судалгааны талаар ярья. 

Украйнд герентологийн судалгааны төв байдаг. Тэнд насан туршдаа эрүүл хөгшрөх талаар судалсан нэг профессор байдаг юм. Тэр хүн урт насалсан хүмүүсийн хооллолтын байдлыг нь судалсан. 

Нэгдүгээрт, энэ нь Кавказчууд байгаа юм. Кавказ гэхээр бидний хувьд мах, шорлог санаанд ордог. Гэтэл тэр хүмүүс долоо хоногтоо нэг л удаа мах идэж байсан. Бусад үед хүнсэнд нь ногоон өнгийн ногоо, өргөст хэмх, улаан лооль, сүү, сүүн бүтээгдэхүүн зонхилж байсан. 

Хоёрдугаарт, тэр хүмүүс өдөрт 30 км алхдаг байсан. 
Эндээс хоол хүнс, дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд ямар тустай нь харагдаж байна. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.