Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд, аж ахуйн нэгжүүд Архивын газарт хувийн сан хөмрөг үүсгэх бүрэн боломжтой"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн харьяа байгууллагуудын  архивын бичиг хэргийн ажилтнуудад зориулсан тусгай төрлийн  баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх, нөхөн бүрдүүлэлтийг хийх тухай арга зүйн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Архивыг баримт бичгийн төрлийг цаасан суурьтай, тусгай төрлийн баримт хэмээн хоёр хуваадаг байна. Тусгай төрлийн баримтад нь гэрэл зураг, дүрс бичлэг, дуу авиа,  кино, зураг төслийн баримт ордог байна. Өнөөдрийн сургалтад нийслэлийн харьяа 50 гаруй байгууллагын архивын бичиг хэргийн ажилтнууд оролцож туршлага судаллаа. 

Сургалтын үеэр Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа хэлэхдээ “Энэ удаа Монголын хүүхдийн ордонтой  хамтран зохион байгуулж буй нь ихээхэн ач холбогдолтой. Энэ газарт тоглогдож, зохион байгуулагдаж буй ажлууд нийслэлийн, цаг үеийн түүх болон үлдэх учраас тэр юм. 1990 оны дугуйлангийн тоглолтууд өнөөдрийн тоглолтын чанартай харьцуулахад түүх болон үлдсэн байна.

Үнэн хэрэгтээ тусгай төрлийн баримт нь архивд маш ховор байдаг. Өмнө нь бол нийгэм цаг үе цаасаар ажлаа явуулдаг байсантай холбоотой. Харин сүүлийн үед бараг бүх байгууллага үйл ажиллагаагаа бичлэг, зургаар баримтжуулж явдаг болсон хэрнээ архивд хадгалуулдаггүй. Тэр утгаараа тусгай төрлийн баримтуудаар төрөлжсөн сан хөмрөгтэй байхыг байгууллагуудаас шаардаж байгаа юм.

Архивын тухай хуульд зааснаар байгууллага өөрийнхөө үйл ажиллагааг баримтжуулах үүднээс төсвийн хөрөнгөөр бүтээгдсэн кино, гэрэл зураг, дуу бичлэгийг архивд шилжүүлэх ёстой.
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн архивд одоогийн байдлаар 300 гаруй байгууллага хөмрөг үүсгэн баримтаа шилжүүлчихсэн. Эдгээрт бүгдэд нь тусгай төрлийн баримт дагалдаж ирдэг. Тоог тодорхой хэлж чадахгүй байгаа шалтгаан нь дамар гэхэд метрээр, СD, DVD нь багтаамжаараа гэх зэрэг тоолох арга нь өөр байдаг учраас тэр юм.

Бас шуудхан хэлэхэд архивд иргэдийн зүгээс судалгааны зорилгоор, танин мэдэхүйн чиглэлээр хандах хандлага сул байдаг. Иргэд өөрт тулгамдсан асуудлаар л түлхүү ханддаг. Энэ нь магадгүй архивын зориулалтын байргүй, уншлагын танхимгүй байдал нь сул тал болж байгаа байх” хэмээн ярилаа.

Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд хувийн сан хөмрөг үүсгэх бүрэн боломжтой учир цуглуулж, хураасан зүйлсээ тодорхой гэрээний хүрээнд архивд хадгалуулан, түүхийн үнэт өв болгох бүрэн боломжтой гэдгийг сургалтын үеэр онцлон хэлсэн юм.