Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цэрэндагва: "2000" кинонд тоглосноор өнгөрсөн түүхээ эргэн харж, ухаарах нь чухал гэдгийг ойлгосон

А.Намуун, iKon.mn
2019 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Улиастайд 1883 онд болсон 2,000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "2000" уран сайхны кино ирэх гуравдугаар сарын нэгний өдөр нээлтээ хийх гэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1298707960267208/

"2000" Уран сайхны киноны Ерөнхий продюсер, МУСГЗ П.Батсайхан "Монгол Улсын сэргэн мандалтын үеийн түүхэнд хаягдаж, мартагдаж болзошгүй байсан Улиастайд болсон 2,000 цэргийн тулааны талаарх түүхэн явдлын кино болгох сэдэл 40 жилийн турш Завхан аймгаас төрсөн хувилгаад, гэгээнтнүүдийг судалж ирсний үр дүнд гарч ирсэн.

Тэдэнтэй холбоотой түүхийг судалж байхад энэхүү Улиастайн 2,000 цэргийн тулааныг судлах болсон юм. Судалгааны явцад мөхөх төрийн бодлогын дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна гэдэг зүйлийг би олж харсан.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Энэхүү киноны жүжигчдийн бүрдэлд манай улсын орчин үеийн кино урлагийн салбарыг төлөөлж буй хүндэт жүжигчид бүрдсэнд таатай байна. Би энэхүү уран бүтээлээрээ дамжуулан Манжийн төрийг үзэн ядах сэтгэгдлийг  төрүүлэлгүй, эсрэгээрээ хэн нэгнийг дүвийлгэж, магтаж гаргахыг хүсээгүй юм. Харин Улиастайд 1883 онд ямар бодит явдал болж байсныг л гаргаж, харуулахыг хичээлээ" хэмээлээ.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Дэмчиг Тайжийн дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва "Түүхийг зохиогоод түүхтэй мэт бүтээл хийж, хойч үедээ нөлөөлж буй энэ цаг үед бид мартаад, орхичихсон түүхийг хэсэг үеээ гаргаж ирж, эргэж санаж, сэргээх нь чухал гэсэн үндсэн үүднээс тус кинонд нэгдсэн.

Миний тус кинонд бүтээж буй Дэмчиг Тайжийн дүр одоогийн төрийн албан хаагчдын нэг. Тус кинонд тоглосноор өнгөрсөн цаг үе, түүхээ ихээхэн харж, нягталж, ухаарч, ойлгох нь чухал гэдгийг ойлгоход томоохон алхам болсон" хэмээлээ.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Эхийн дүрийг бүтээсэн Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаяр "Тус кинонд нэгэн жирийн эхийн дүрийг бүтээлээ. Дүр бүтээсэн эх үр хүүхдээ алдаж, олон золгүй явдал тохиолддогийг харуулсан ба киногоор дамжуулан эхийн сэтгэл хэр их зовж, шаналдгийг гаргахыг зорьсон байгаа.

Түүнчлэн бидний өмнөх өвгөд маань ямар их зүйлийг туулж ирсний үр дүнд өнөөдрийн энэ нийгмийг бүтээснийг бид тэр бүр мэдэж, ойлгодоггүй юм байна. Тийм учраас тус киногоор дамжуулан залуучууд маань их зүйлийг харж, ойлгож ухаарах болов уу гэж бодож байна" гэлээ.

Түүнчлэн энэхүү бүтээлд МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг нэгэн дүрийг бүтээжээ.

Түүний сэтгэгдлээс сонслоо Ч.Дэлгэрцэцэг "Энэхүү гайхамшигтай уран бүтээлд зориглон тоглуулсан найруулагчдаа талархал илэрхийлж байна. Миний хувьд өөрийн мэргэжлээс тэс өөр салбарт орж, дэлгэцийн уран бүтээлд анх удаа тоглож, дүр бүтээе гэсэн нэгэн хүсэл минь биеллээ олсонд тун их баяртай байна.

Залуучууд түүхийн сэдэвтэй бүтээлд тийм ч их анхаарал хандуулж, үзэхгүй байх хандлагатай байдаг ч энэхүү киног залуучуудыг хамгийн их үзэж, түүхэн сургамжит үйл явдлаас нэг зүйлийг олж ухаараасай гэж хүсэж байна" хэмээн тус тус хуваалцлаа.