Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистан улс Энэтхэгтэй яриа хэлэлцээр хийхийг уриалж, НҮБ-ээс дэмжлэг хүслээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Газар нутгийн маргаантай Кашмир мужид долоо хоногийн дотор хоёр террорист халдлага гарч, Энэтхэгийн талаас 50 шахуу хүн амь үрэгдээд байгаа билээ.

Эдгээр халдлагыг Пакистанд оршдог Жайш-Э-Мохаммед террорист байгууллага үйлдсэнээ хүлээгээд байгаа ч Энэтхэг улс Пакистаны засгийн газрын явууллага хэмээн үзэж, хариу хатуу арга хэмжээ авахаа амлаад байна.

Харин Пакистаны ерөнхий сайд Имран Хан өчигдөр террорист халдлагад засгийн газар нь ямар ч оролцоогүйг мэдэгдээд Энэтхэгийн эрх баригчдад яриа хэлэлцээрийн замаар маргаанаа шийдэхийг уриалжээ.

Тэрээр Энэтхэгийн талыг баримт нотолгоогүйгээр Пакистаны талыг буруутгаж байна гэж хэлээд террорист ажиллагааг мөрдөн шалгахад хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

“Хэрвээ танайд Пакистан улс оролцсон гэх ямар нэг нотолгоо байгаа бол бидэнтэй хуваалцахыг хүсэж байна. Тэгвэл бид шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байна” гэж Имран Хан мэдэгджээ.

Хэрвээ Энэтхэг улс “хариугаа авч” Пакистанд цэргийн цохилт өгвөл зүгээр суухгүй гэдгийг тэр бас сануулсан байна.

Өчигдөр бас Пакистаны гадаад хэргийн сайд Шах Махмуд Куреши НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад захидал илгээж, хоёр орны сөргөлдөөнийг зогсооход дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Тэр захидалдаа Энэтхэгийн эрх баригчдыг улс төрийн зорилгоор нөхцөл байдлыг зориуд хүндрүүлэхийг хичээж байгааг тайлбарласан байна.

1947 онд Энэтхэг, Пакистан улсууд Британий колоничлолоос салсны дараа муслим хүн ам голлодог Кашмир мужийн харьяалал маргаантай хэвээр үлдсэн юм. Энэ бүс нутагт гардаг террорист ажиллагаануудыг Пакистан улс далдуур дэмждэг хэмээн Энэтхэгийн тал байнга шүүмжилдэг.

Хөрш хоёр улс түүхэндээ гурван удаа дайн хийсний хоёр нь Хималайн уулын бүсэд орших Кашмир мужид болж байжээ.

 

Эх сурвалж: Reuters