Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой” ХХК-ийн 46 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Ханбогд суманд барьсан 35.1 км замыг нээлээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 2 сарын 19
iKon.MN
Эх сурвалж MPA.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойг холбосон 35.1 км замын нээлт өнөөдөр боллоо. Энэ зам ашиглалтад орсноор Оюутолгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна.

“Оюу толгой” ХХК 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулсан тус замыг Өмнөговь аймгаас 2018 оны “Шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”-аар шалгаруулсан. Энэ бол “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Өмнөговь, тэр дундаа Ханбогд суманд хийж буй олон бүтээн байгуулалтын нэг.

 Тухайлбал, сар гаруйн өмнө Ханбогд суманд иж бүрэн тохижуулсан, 840 хүүхдийн сургууль, цэцэрлэгийг хүлээлгэн өгсөн. Тус сургуулийнхан олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх болсноороо сумд дундаа анхдагч болсон юм.

ЗТХ-ийн төлөөлөл өнгөрсөн арванхоёрдугаар сард Ханбогд-Оюутолгой чиглэлийн замтай танилцаж, замын ажил, тэр дундаа тэмдэг тэмдэглэгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна хэмээн сайшаасан билээ. Тус замыг Улсын комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд хүлээн авсан юм.

Хоёр жил гаруй үргэлжилсэн замын ажлын гүйцэтгэгчээр үндэсний 26 компани ажилласнаас “Арж зам”, “Анандын зам”, “Заг инженеринг”, “КАСМС” компаниуд голлон гүйцэтгэв. Удаа дараа үерлэн, барилгын ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн ч хүн хүч, техникийн хүртээмжийг нэмэгдүүлж, хугацаанд нь, чанартай гүйцэтгэж чадсан. Ид ачааллын үед төслийн талбайд өдөрт 550 гаруй ажилчин, 171 машин механизм ажиллаж, 2800 м хүртэл асфальтбетон дэвсэж ажилласан нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт байлаа.

Говь нутгийн материал замын бүтээн байгуулалтад ашиглахад тохиромж муутай байсан тул тухай бүрд нь нарийн шинжлэн, шаардлагатай тохиолдолд алсаас тээвэрлэн авчирч, ашиглаж байв. Зам барих явцад талбайд иж бүрэн лаборатори ажиллан тогтмол шинжилж, ажлын явцад орц норм тогтоох 1,200 орчим шинжилгээ хийж материалуудын чанарыг баталгаажуулсан.

Зам барихдаа байгаль орчны нөлөөллийг сайтар харгалзсан. Энэ хүрээнд археологи, палеонтологийн нарийн шинжилгээ хийн түүх, соёлын үнэт зүйлс хөндөхөөс сэргийлжээ. Түүнчлэн зургаан төрөл зүйлийн нийт 10 мянга гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгаж, хамгаалсныг онцлууштай юм.

Ханбогд-Оюутолгой чиглэлийн 35.1 км хучилттай замын талаарх баримтууд:

  • Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замын ажлыг 46 тэрбум төгрөгөөр “Оюу толгой” ХХК санхүүжүүлсэн.
  • Замын ажил 2016 оны 11 дүгээр сард эхэлж, 2018 оны 12 сард дууссан. Зам, гүүрийн ажлыг төлөвлөгөөт хугацаандаа амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.
  • Нийт 26 гүйцэтгэгч компани ажиллаж, цаг агаарын хүнд нөхцөлд технологийн горимыг чанд сахин, стандарт, техникийн шаардлагын дагуу амжилттай гүйцэтгэсэн.
  • “Арж зам”, “Анандын зам”, “Заг Инженеринг”, “КАСМС” компаниуд голлон гүйцэтгэсэн.
  • 35.1 км урт замын зорчих хэсгийн өргөн 8 м, хөвөөний өргөн 1.5 м, далангийн дундаж өндөр 1 м.
  • Газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхдээ даланг 20 см-ээр үелэн 95 хувь хүртэл нягтаршуулсан. Хайрган дэд суурийг 98 хувийн нягт, 20 см зузаантайгаар хийсэн.
  • 49 байрлалд 817 м урт ус зайлуулах хоолойтой, 2 байршилд нийт 160 м урт давуулах далантай.
  • 20 см цементээр бэхжүүлсэн суурь, 4 см суурь асфальтбетон, 3 см өнгө асфальтбетон хучилттай. Цементээр бэхжүүлсэн суурийн ажлыг гурван сард, суурь болон өнгө асфальтбетоны хучилтыг хоёр сард хийж гүйцэтгэсэн.
  • Хугацаандаа чанартай хийж дуусгахын тулд хүн хүч, техникийн хүртээмжийг нэмэгдүүлж өдөрт 2800 м хүртэл асфальтбетон дэвсэж ажилласан нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт юм.
  • Замын хучилтад маш их хэмжээний материал орохоор байсан тул цементээр бэхжүүлсэн суурийн хольцийн үйлдвэр (ЦБС), асфальтбетон хольцийн үйлдвэр (АБХ) яаралтай байгуулж, ашиглалтад нэвтрүүлсэн.
  • ЦБС-ийн үйлдвэр цагт 300 тн цементээр бэхжүүлсэн суурийн хольц, АБХ-ийн үйлдвэр цагт 168 тн асфальтбетон хольц үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай байв. Энэ дагуу нийт 141 мянга гаруй цементээр бэхжүүлсэн суурийн хольц, 56 мянга гаруй асфальтбетон хольц үйлдвэрлэн гаргасан.
  • Нөөц бүрдүүлэхийн тулд хэд хэдэн эх үүсвэрээс хайгуул судалгаа хийж 300 орчим шинжилгээгээр баталгаажуулан 152100 м3 буталсан чулууг 90-110 км-ийн зайнаас тээвэрлэлт хийж нийлүүлсэн. 
  • Төслийн талбайд иж бүрэн лаборатори ажиллаж, тогтмол шинжилж, ажлын явцад орц норм тогтоох 1200 орчим шинжилгээ хийж материалуудын чанарыг баталгаажуулсан.
  • Ид ачааллын үед төслийн талбайд өдөрт 550 гаруй ажилчин, 171 машин механизм ажилласан.
  • Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км авто замын төслийн хүрээнд 64, 32 метрийн урттай хоёр гүүр байгуулсан. Гүүр тус бүр 16 м урттай 42 хүчитгэсэн дам нуруутай.
  • 64, 32 м урттай хоёр гүүрийн дам нуруудыг Улаанбаатар хотод үйлдвэрлэн 710 км зайд тээвэрлэн авчирч угсарсан.
  • Гүүрүүдийг зургаан сар барьсан. Уг гүүрүүд 2 үе асфальт бетон хучилттай, ус тусгаарлах үе, ус зайлуулах цорготой, хэв гажилтын 5 заадастай.
  • Зам барихдаа 6 төрөл зүйлийн нийт 10 мянга гаруй ховор ургамлыг нүүлгэн шилжүүлсэн.
  • 15 байршилд малын гарам гаргасан.
  • Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгаж, тоосжилтыг бууруулсан.
  • Замын ажлыг эхлүүлэхээс түрүүнд байгаль орчны нарийн шинжилгээ буюу археологи, палентологийн тусгайлсан нарийн шинжилгээ хийж баталгаажуулсан бөгөөд илэрсэн археологийн олдворуудыг аймгийн болон улсын холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгсөн.
  • Энэхүү зам, гүүр орон нутгийн өмчлөлд байна.
  • Ханбогд-Оюу толгой чиглэлийн замаар өдөр бүр дунджаар 600 орчим хүн тогтмол зорчдог.
  • Шинэ замаар “Оюу толгой”-д ажилладаг, Өмнөговийн 3000 гаруй хүн болон орон нутгийн бусад иргэд зорчих юм. 

ФОТО:

Алтан шар зам өлзийтэй байг!