Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн зардлын 94.3%-ийг УРСГАЛ ЗАРДАЛ эзлэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын нэгдсэн төсөв өнгөрсөн сард 132.3 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 690.6 тэрбум төгрөг байсан бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 558.2 тэрбум төгрөг байжээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнө оны нэгдүгээр сарын үзүүлэлтээс 160.2 тэрбум төгрөг буюу 30.2% өссөнийг дагаад зарлага ч өссөнийг доорх зургаас харж болно. Төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ мөн өнгөрсөн оны нэгдүгээр сарынхаас 34.1% буюу 142 тэрбум төгрөгөөр өсжээ.  

Төсвийн орлого өсөхөд татварын орлогын өсөлт нөлөөлөв. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн орлогын 

  • 73.8%-ийг татварын орлого
  • 7.6%-ийг татварын бус орлого
  • 18.6%-ийг ирээдүйн өв сангийн орлого эзэлж байна.

Татварын нийт орлого 2018 оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад 157.7 тэрбум буюу 33.7%-аар өсөж, 626.3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг задалж харвал: 

  • Хөрөнгийн албан татвар 3.2 (69.3%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч 
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 47.6 (76.2%) тэрбум төгрөг
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 42.6 (54.1%) тэрбум төгрөг
  • Онцгой албан татвар 26.9 (43.1%) тэрбум төгрөг
  • Нийгмийн даатгалын орлого 24.5 (24.2%) тэрбум төгрөг
  • Гадаад үйл ажиллагааны орлого 17.5 (43.3%) тэрбум төгрөг
  • Орлогын албан татвар 0.7 (0.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Харин төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 558.2 тэрбум төгрөг бол 34.1% нэмэгдэхэд хүүгийн зардал 41.8 (94.3%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч  урсгал зардал 112.3 (27.1%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 23.9 (4.6 дахин) тэрбум төгрөгөөр өссөнтэй холбоотой аж. 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 94.3 хувь, хөрөнгийн зардал 5.5 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.2 хувийг эзэлж байна.