Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Лондонд болсон хавдрын эсрэг гүйлтэд Британи дахь монголчууд оролцож, хандив босголоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Лондон хотын өвлийн хамгийн том гүйлт хоёрдугаар сарын 3-ны өдөр Лондон хотноо зохиогдлоо. Нийтдээ 30,000 орчим хүн оролцсон энэ арга хэмжээнд 30 гаруй монголчууд оролцсон юм. Тэд энэхүү гүйлтэд оролцохын тулд сүүлийн гурван cap гаруйн хугацаанд бэлтгэл хийжээ.

Гүйлтэд оролцох санааг Д.Үднаран гаргажээ
 

Лондонгийн өвлийн гүйлтэд орох санааг Британид ажиллаж, амьдарч буй Д.Үднаран хавдар туссан элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөх зорилгоор анх гаргажээ. 

Тэрбээр хавдрын эсрэг үйл ажиллагаанд хандивын мөнгө босгох зорилгоор Британийн Хавдар Судлалын Байгууллагаас зохион байгуулж буй энэ гүйлтэд найзуудтайгаа оролцохоор 2018 оны аравдугаар сарын 15-нд нүүр номдоо уриалга гаргаснаар 30 гаруй хүн бүртгүүлсэн байна. 

Энэ удаагийн Өвлийн гүйлтээр 750,000 паунд босгохыг зорьж байна

Британийн Хавдар Судлалын Байгууллага нь 2002 онд байгуулагдсан бөгөөд хүмүүнлэг, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага. Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаггүй, зөвхөн олон нийтийн тусламж дэмжлэг дээр тулгуурлаж ажилладаг байна. Гол зорилго нь хавдрыг эрт оношлох, анагаах, хавдраар өвчилсөн хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, мөн урьдчилан сэргийлэх болон хүмүүсийн мэдлэг ухамсарыг хөгжүүлэх зэрэг хүрээ далайц ихтэй үйл ажиллагаа явуулдаг аж. 

 

Британид байгаа монголчууд энэ буяны байгууллагын хишгийг шууд болон шууд бусаар хүртэж байгаа бөгөөд хоёр монгол залуухан ээж хөхний хорт хавдрын үе шаттай эмчилгээнүүд хийлгээд үр дүнг нь хүртэж байна. 

Түүнчлэн янз бүрийн хавдрын оноштой монгол хүүхдүүд ч эмчилгээнд хамрагдаж байжээ. Иймээс энэ байгууллагад Их Британид амьдарч байгаа монголчуудынхаа нэрийн өмнөөс далайд дусал нэмэр болгох үүднээс хандивын мөнгө босгох зорилгоор энэ гүйлтэд оролцсон аж. Британийн Хавдар Судлалын байгууллага жил бүрийн тайлангаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж ил тавьдаг. 2018 оны жилийн дүнгээр нийт £634 сая хандивын мөнгө цугларснаас £49 саяыг зөвхөн спортын төрлийн арга хэмжээнээс олжээ.

Энэ удаагийн Өвлийн гүйлт нь тав дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд үүгээрээ 750 мянган паунд босгох зорилготой байгаа юм.