Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэлттэй ажлын байрны жагсаалтыг шаварчин, гагнуурчин, оёдол, эсгүүрчин, тогооч тэргүүлж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "Хөдөлмөрийн зах зээлийн 2019 оны төлөв"-ийг танилцууллаа.

2019 онд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болохоор байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал М.Алтансүх хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр "69.4 мянган ажлын байрны 70 хувь нь байнгын ажлын байр байхаар байгаа. Нийт эрэлтийн 17.7 мянга нь барилгын салбарт, 13 мянган нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, 10 мянга нь боловсруулах үйлдвэрлэлд гарах нь. Энэ гурван салбарт дийлэнх ажлын байр гарах таамаглалыг хийлээ.

Эрэлттэй байгаа ажил мэргэжлийн жагсаалтыг шаварчин, засварчин, гагнуурчин, оёдолчин, эсгүүрчин, тогооч, худалдагч гэх мэт мэргэжлүүд тэргүүлж байгаа. Мөн их, дээд сургуулиар бэлтгэгддэг их эмч, эм зүйч, барилгын инженер, бага ангийн багш, нягтлан эрэлттэй байна.

2018 оны гуравдугаар улирлын байдлаар манай хөдөлмөрийн зах зээл дээр 93,000 ажилгүй иргэн байгаа. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ердөө 25,000 бүртгэлтэй ажилгүй иргэн байна.

Ажилгүй иргэдийн 50 хувь буюу 46,000 нь нийслэлд байна. Нөгөө талаас ажил олгогчдын санал болгож буй 69.4 мянган ажлын байрны 76 хувь нь нийслэлд байгаа. Энд ажил олгогч болон ажилгүй иргэдийг холбох шинэ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн шинж, чадавх дэлхийтэй харьцуулахад өөр хэдий ч ирээдүйд чиг баримжаатай байх зорилгоор олон улсын чиг хандлагыг тайланд орууллаа. Ингэхдээ 2018 оны дэлхийн эдийн засгийн форумаас гарсан "Ирээдүйн ажиллах хүчний тайлан"-аас эш татсан.

Дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр мэдээлэл технологийн, робот хөгжүүлэгч, удирдлагын менежмент гэх ажлын байрууд хүрээгээ тэлж, өгөгдөл оруулагч, нягтлан бодогч, нярав, аудиторын ажлын байр хумигдах, зарим нь алга болох төлөвтэй байна. Дэлхийн чиг хандлага ийм байгаа ч манайд бол өөр байна. Жишээлбэл, нягтлан бодогчийн ажлын байр ойрын жилүүдэд эрэлтэй хэвээр байх төлөвтэй байгаа. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн онцлог, эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн түвшинтэй холбоотой" хэмээн тайлбарлалаа.