Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоочгүй автомашин бүтээх Apple компанийн нууц төсөл дээр ажиллаж байсан Хятад инженер баривчлагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн жолоочгүй автомашин бүтээх нууц төсөл дээр ажиллаж байхдаа мэдээлэл хулгайлж, Хятадын компанид дамжуулсан инженерийг АНУ-д баривчилжээ.

Нэгдүгээр сарын 11-ний өдөр Чэн Жизон ажлын байран дээрээ өргөн тусгалтай дуран бүхий камераар зураг авч байхыг хамт ажилладаг инженер нь анх олж харсан байна.

Чэн ердөө зургаан сарын өмнө нууц хадгалах хатуу гэрээ байгуулж, Apple компанийн энэ төсөл дээр ажиллаж эхэлж байжээ.

Калифорни мужийн Сан Хосе хотын прокурорын мэдээлснээр Чэн гэрэл зураг, бичиг баримт бүхий нийт 2,000 файлыг хувийн санах байгууламжиндаа хуулж аваад Хятадад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанид дамжуулснаа хүлээсэн байна.

Тэрээр Apple-д ажиллаж байхдаа Хятадын компанид ажиллаж хүсэлт гаргаж, хулгайлсан мэдээллээ давуу тал болгон ашиглах гэж байсан ажээ. Алдагдсан мэдээлэл нь компанийн бизнест үлэмж хэмжээний хохирол учруулахуйц болохыг Apple компани шүүхэд мэдүүлсэн байна.

Чэнийг Хятадад байгаа өвчтэй аавыгаа эргэх зорилгоор чөлөө аваад нисэх гэж байхад нь өнгөрсөн долоо хоногт баривчилжээ. Өнгөрсөн оны долдугаар сард бас нэг хятад инженер Жан Шяолан Apple компанийн жолоочгүй автомашины төслийн нууцыг Хятадын компанид дамжуулаад баригдаж байв.

Apple компани 2015 онд “Project Titan” нэртэй автомашин бүтээх төслөө эхлүүлж байв. Анхандаа тэд Теслатай өрсөлдөх бүрэн цахилгаан автомашин бүтээх зорилт тавьж байсан бол сүүлд зөвхөн жолоочгүй автомашины зүрх болсон програм, технологийг бүтээхээр болж ажлын хүрээгээ хумьсан юм.

Тус төсөл дээр 1,200 орчим хүн ажиллаж байгааг Apple мэдээлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg