Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгчийг томилжээ

ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгчөөр Руфат Алимардановыг томилжээ.

Тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ОУСК-ын Монгол Улс дахь Хөрөнгө оруулалт, Зөвлөх үйлчилгээг удирдан ажиллаж эхэлсэн байна.

Руфат Алимарданов “Монгол Улс байгалийн баялаг, хөгжлийн нөөц бололцоо ихтэйгээрээ алдартай. Эдийн засгийг илүү өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, тогтвортой болгоход ОУСК болон Дэлхийн Банкнаас тус улсад тусалсаар ирсэн” хэмээн онцлоод “Засгийн газар болон хувийн хэвшилтэй түншлэл байгуулж, Монгол Улсад шинэ зах зээл нээх, ард түмэнд нь шинэ боломж бий болгохын төлөө ажиллахыг эрмэлзэж байна​” гэв.

Руфат Алимарданов нь Азербайжан улсын иргэн бөгөөд Техасын Христийн их сургууль, Остин дахь Техасын их сургуульд суралцсан ба Бизнесийн удирдлагын магистр, Санхүүгийн мэргэшсэн шинжээч буюу CFA цолтой.

1997 онд АНУ-ын Вашингтон хот дахь ОУСК-ийн Төв оффисоос ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд хэд хэдэн бүс нутагт ОУСК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн зах зээл зэрэг чиглэлийн төслүүд дээр ажилласан  туршлагатай, мэргэшсэн удирдах ажилтан юм.

Тэрбээр 2004 оноос ОУСК-ийн Зүүн Европ дахь бизнес хөгжлийн багийг бүрдүүлж, удирдахаар Москва хот руу шилжин ажилласан ба 2011 оноос Украин, Беларусийг хариуцсан даргын үүргийг Киев хотод гүйцэтгэх болсон. Энэхүү бүс нутагт ажиллах хугацаандаа тэрээр шинэчлэл, өмч хувьчлалын бодлогын хэрэгжилтийг дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг хөхиулэн дэмжих ажилд идэвхтэй оролцсон. Монголд ирэхээс өмнө Европ, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсийн чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэхээр Истанбул хотноо  ажиллаж байсан.


2017 оны 6-р сарын байдлаар ОУСК-ийн Монгол Улсын уул уурхай, банк, бичил санхүү, зочид буудал, үйлчилгээ зэрэг гол салбаруудад оруулахаар амласан хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум орчим ам. доллар байсан (Эх сурвалж: iPortal, 2018 оны 12-р сарын байдлаар нийт амласан хөрөнгө оруулалт $1,462,530,000).

ОУСК-ийн тухай

ОУСК нь Дэлхийн Банк Группийн гишүүн бөгөөд шинэ тутам хөгжиж байгаа зах зээлтэй орнуудын хувийн хэвшлийн хөгжлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Дэлхийн хэмжээнд хоёр мянга гаруй бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн хамгийн хүнд бэрх газруудад зах зээл, боломж бий болгоход хөрөнгө, нөөц, мэдлэг туршлага, нөлөөллөө ашиглаж байна. 2018 оны төсвийн жилд хөгжиж байгаа улс орнуудад нийтдээ 23 тэрбум ам. долларын урт хугацаат санхүүжилт олгосон бөгөөд үгээгүй ядуурлыг арилгах, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд хувийн хэвшлийн хүч чадлыг дайчлан ажиллаж байна.

 

Эх сурвалж: ОУСК-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар