Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Салах ёс

Үндэсний шуудан сонин
2019 оны 1 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг

Хүний амьдрал мөнх бус, үхэл-хагацал гэдэг зайлшгүй шинжтэй. Бурхан болоочийг бид өөрсдийн мэдэх хамгийн “зөв” замаар, санхүүгийн боломждоо нийцүүлэн үддэг жамтай. Харин үлдэгсэд биеэ хэрхэн авч явах, гуниг гутралаа яаж илэрхийлэх, хэдий хугацаанд зовлон шаналлаа бусадтай хуваалцах ёстой юм бэ. Гашуудлын “хэвийн” хэмжээ гэж байна уу. Ер нь А.Камюгийн “Этгээд хүн” зохиолын баатар Мерсо шиг энгийн тайван байсан хүн хатуу, хүйтэн сэтгэлтэй, гашуудалд автаагүй нэгэн болж таарах уу.

Монголын ихэнх гэр бүлд дээрх асуултыг нээлттэй хэлэлцэх, санал бодлоо хуваалцах нөхцөл хомс биз. Камил Вортман болон Кохен Силвер гэх эрдэмтэд дээрх сэдвээр судалгаа хийжээ. Тэд хагацалтай тулгарсан эр, эм болон ижил хүйстэн хосуудаас урт хугацааны туршид судалгаа авч хэд хэдэн чухал дүгнэлт хийж бүтээлээ 1980 онд хэвлүүлсэн ба саяхан дээрх судалгаагаа дахин баяжуулан нийтлүүлсэн байна.

Тэдний судалгааг хураангуйлан дүгнэвэл, Нэгдүгээрт, Ойр дотны хүн эсвэл гэр бүлээ алдсан хүн сэтгэл санааны гүн хямралд шууд автах, эерэг болон өөдрөг үзэл санааг илэрхийлэх чадваргүй болдог байна. (Судалгаанд хамрагдсан иргэдийн 75-80 хувь нь эхний нэг сарын хугацаанд сэтгэл санааны гүн хямралд шууд орсон, гэнэтийн осол, ургийн гажиг болон дутуу төрсөн эхчүүдийн 80 гаруй хувь нь дипрест орсон байна.) 

Хоёрдугаарт, Дотны хүн эсвэл гэр бүлээ алдсан хүн сэтгэл санааны хямралд огт орохгүй байх, ямар нэгэн сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй байх нь хэвийн бус, эмгэг гэж үзсэн. (Ингэхдээ, өндөр настан болон урт хугацааны турш өвчтэй байсан нэгнийг ялгамжтай авч үзжээ, түүнчлэн, зарим тохиолдолд “delayed grief reaction” буюу сэтгэл гутрал, харуусал хожим илэрдэг тохиолдол мөн байдгийг дурджээ) 

Гуравдугаарт, Хагацлыг даван туулах алхам буюу “өөртэйгөө ажиллах”, өөрийгөө танин мэдэх үйл явц нэн чухал болохыг онцолсон (Гашуудал, зовлонг өөрийн биеэр туулж, давж гарах санаа юм. Үүнд, өөрийн бүхий л нөөц боломжийг дайчлах, тасралтгүй хичээл зүтгэл гаргах болон бусдаас шаардлагатай тусламж, дэмжлэг авахыг ч хамруулна. Хүн бүрийн онцлогоос хамаарч гашуудлыг хүлээн авах явц харилцан адилгүй.

Өөрийгөө илэрхийлэх, бусадтай нээлттэй ярилцах, цаашдын амьдралаа бодитой төсөөлөх чадвартай хүмүүсийн гашуудлаа тайлах чадвар илүү байх хандлага ажиглагдсан байна. Хаалттай, аливаа асуудлаас зугтах, санаачилга гарган өөртэйгөө ажилладаггүй хүмүүс архи болон түүнтэй ижил төрлийн мансуурлах, сэтгэцэд нөлөөлөх бодист донтох зуршилтай болох нь түгээмэл байж) 

Дөрөвдүгээрт, Гашуудлыг даван туулж буй хүн бурхан болоочоос сэтгэлийн болон “бусад” харилцаагаа таслах, ардаа үлдээх хүндхэн шаардлагатай тулгардаг (Энэхүү ойлголтыг З.Фройдоос эхлээд цөөнгүй эрдэмтэн чухалчилж авч үзсэн ба өнөөдрийг хүртэл олон судалгааны ажил хийгджээ. Тэд үндсэндээ, “Гашуудагч өөрийн сэтгэлийг бүрэн чөлөөлөхгүй бол гашуудлаас нэг мөр ангижрах боломжгүй” гэж үздэг аж.

Гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нь нас барснаас хойш 13 cap өнгөрсөн ч судалгаанд хамрагдсан иргэдийн 63 хувь нь бурхан болоочтой “хамт байгаа мэт сэтгэгдэл төрсөөр байгаа” талаар, 47 хувь нь бурхан болооч “тэднийг хаа нэгтэйгээс харсаар байгаа” гэж, 34 хувь нь бурхан болоочтой “ярьсаар байгаа” талаар тус тус мэдүүлжээ. Хүүхдүүдийн хувьд дээрх үзэгдэл нь илүү хүндээр илрэх тохиолдол ч байдаг аж); Тавдугаарт, хүмүүсийн олонх нь гашуудлаас 1-2 жилийн хугацаанд бүрэн гарч чаддаг (Зарим тохиолдолд хүмүүс гашуудлаас хэзээ ч бүрэн гарч чаддаггүй, хямралын далд хэлбэр рүү шилждэг ба тодорхой үйл явдлаас үүдэн сэдрэх, мөчлөгийн шинжтэй болдог байна) гэж тус тус дүгнэжээ.

Олон зуун жилийн турш итгэл үнэмшил, үнэт зүйлс, түүх соёлоо үе дамжуулан өвлүүлсээр ирсэн “барууны” улс орны хувьд “бурхан болооч”-той салах ёс хийх зан үйл даяарчлалын шуурганд төдийлөн хөндөгдөөгүй байж болох юм. Харин Монголчуудын 1990 оноос хойш ардчилсан-хүнлэг иргэний нийгэм, чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд суурилсан эдийн засагтай болох, хуучин бүхнийг адалж бүгдийг “шинэ”-ээр хийх гэсэн дийлдэшгүй хүсэл тачаал, өлөн зэлмүүн байдлаасаа салахын төлөө яахаас ч буцахгүй болсон галзуурал нь даамжирсаар өнөөдөр чухам юу “чухал”, юу “үнэ цэнэ”-тэй болохыг сэхээрэх завгүй тэмцэж байна. Энэ нийгэм зан заншил, соёл, өв уламжлал гэхээсээ илүүтэй мухар сүсэг, баярхал, омогшил, сөнөрөлд бүрэн автжээ.

Бид, нийгмийн амьтан тул чөлөөт сэтгэхүй, олон ургалч үзэл, хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх нь бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг. “Нийгэм” гэдэг биднийг харилцан шүтэлцээтэй, харилцан хамааралтай, зэрэгцэн оршихыг шаардаж байна. Цаашилбал, хүн-хүнтэйгээ эсхүл хүн-хиймэл оюун ухаантай хэрхэн харилцах вэ гэдэг ирээдүйд улам бүр ээдрээтэй болох нь дамжиггүй юм. Бидний төсөөлөөч үгүй “харилцаа”, түүнийг дагасан сорилтууд ар араасаа хүлээж байна. Салах ёс ч тэр.

Дээрх судалгаанаас үзвэл, гашуудал тайлах үйл явц 49 хоногт багтаад дуусчих асуудал биш болох нь харагдаж байна. Аливаа асуудалд манай нийгмийн хандаж буй байдал, уур уцаар, архидалт ч мөн дээрхтэй шууд холбоотой биз ээ. Бид өнөөдөр гэр бүлийн гишүүн, нэг өрөөнд өдөржин зэрэгцэн суух ажилтнаа ч сэтгэл зүйн ямар зовлон, шаналалтай байдгийг сонсож, дэмжиж, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бид барууны соёлыг хүлээн авч, түүгээр үнэт зүйлээ төлөвшүүлнэ гэж тооцож байгаа тохиолдолд түүний дайвар соёлуудыг эх орондоо нутагшуулахаас өөр сонголт үгүй.

Зөвхөн ламын заавраар гүйцэтгэсэн зан үйлээс илүүтэй асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандах, урт хугацааны сэтгэл зүйн болон эд материалын дэмж-лэг үзүүлэх, энэ талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд албан газар, сургалт-хүмүүжлийн байгууллага тусгайлан анхаарах шаардлагатай байна.

Төрийн шагналт Ч.Лодойдамба гуайн зохиолоор бүтээсэн “Гарын таван хуруу” хэмээх кино бий. Киноны хэсгээс эргэн санавал, гэр хорооллын нэгэн хашаанд түлээ бэлтгэж буй залуус, зэрэгцүүлэн өрсөн усны савууд, хаалга үүдээр нь байнга хүн орж гарах монгол гэр, асарт хураасан үзэмнээс инээд алдан идэж суух талийгаачийн бага хүү, чулуун хөшөөнд нэр сийлж буй дархан, нэг нэгийгээ бараадан эмгэнэл илэрхийлэхээр ирж буй 10 жилийн сурагчид, жаазтай хөрөг газар тавиад тамхиа асаах этгээд зураач...

Магадгүй, өнөөдөр хаа нэгтээ яг ийм дүр зураг, зан үйл давтагдаж байгаад эргэлзэхгүй. Гашуудлын сүүдэр биднийг нөмөрч “Амьд байтлаа амьгүй мэт” орших иргэдийн тоог нэмсээр л байна.

Зураг