Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ББСБ-уудын нийт хөрөнгө 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 32.5% өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зугийг MPA.mn

Санхүүгийн зах зээлд 2018 онд өмнөх 20, 30 жилийн түүхэнд байгаагүй дээд амжилтууд тохиосон. Ялангуяа, үнэт цаасны зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд буюу 2.4 их наяд төгрөгт хүрэв. 1995 оноос хойш 2018 он хүртэл Монголын хөрөнгийн зах зээлд хийсэн нийт хувьцааны арилжааны дүн анх удаа 1.0 их наяд төгрөгт хүрч, хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлдэг ТОП-20 индекс сүүлийн 10 жилд буюу 2008 оноос хойш 288 хувиар өссөнийг Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн оны тоймыг өнөөдөр танилцуулахдаа онцолсон юм.  

Мөн даатгалын компани, ББСБ-ууд, ХЗХ-дын нийт хөрөнгийн хэмжээ 2018 оны гуравдугаар улиралд 1.7 их наяд төгрөгт хүрч, 2017 оны жилийн эцсээс 26 хувиар өсжээ. ХЗХ-ны салбар 10 жилд хамгийн ихээр хөгжиж, нийт хөрөнгийн хэмжээ нь 2018 онд 34.8 хувиар өссөн бол ББСБ-уудын нийт хөрөнгө 1.2 их наяд төгрөгт хүрч, 32.7 хувиар, даатгалын зах зээлийн нийт хөрөнгө 30 хувиар тус тус өсөв. Ингэснээр санхүүгийн зах зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2018 онд 15 хувь болсон гэдгийг СЗХ-ны хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун тэмдэглэв. 

Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэг жилийн дотор хамгийн олон IPO гарсан бөгөөд таван компани 30.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг анхдагч зах зээлээс амжилттай татан төвлөрүүлсэн. Түүнчлэн 210.3 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа өнгөрсөн жил хийгдсэн бөгөөд зөвхөн IV улиралд 254.4 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь мөн л түүхэнд шинэ хуудас нээж байна. Энэхүү арилжааны нийт дүнгийн 85.7 хувийг хувьцааны, 13.7 хувийг Засгийн газрын үнэт цаасны, үлдсэн 0.7 хувийг компанийн бондын арилжаа эзэлжээ. 

Санхүүгийн салбарын хамгийн анхаарал татаж буй салбар нь ББСБ. СЗХ 2016 оны аравдугаар сард ББСБ-уудын дүрмийн санг нэмэх шийдвэр гаргасан нь жилд 100, 100-гаараа нэмэгддэг байсан ББСБ-ын тоог хязгаарлаж, чанар, хүртээмж нэмэгдэх боломжийг олгосон хэмээн хорооноос тайлбарлаж байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд ердөө таван тусгай зөвшөөрөл олгосноор өдгөө 539 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, шинээр ББСБ байгуулах бол анхны хөрөнгө 2.5 тэрбум төгрөг байх ёстой. Харин хуучин байгууллагууд 2021 он хүртэл үе шаттайгаар хөрөнгөө нэмэх бөгөөд 2019 онд 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүрэг хүлээж буй. 

ББСБ-уудын нийт хөрөнгө 2018 онд 1.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оноосоо 32.5% өссөн нь дээрх шийдвэртэй холбоотой аж. Салбарын хөрөнгийн өсөлтийн актив талаасаа 73.2 хувийг зээлийн өсөлт, пассивын бүтцээс харвал өөрийн хөрөнгийн өсөлтийн 66.1 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлжээ. Нийт харилцагчийн тоо нь 1.6 саяд хүрч, зээлийн  үлдэгдэл 868.5 тэрбум болжээ. Үүнээс

  • 86.6 % нь хэвийн зээл 
  • 3.8 хувь нь хугацаа хэтэрсэн
  • 9.6% нь чанаргүй зээл аж. Чанаргүй зээл 2017 онд 12.7%-тай байснаа ийнхүү 3.1 нэгжээр буурсан нь ББСБ-ын зээлийн чанар сайжирсныг илтгэж байна.

ББСБ-ын зээлдэгчийн тоо нь хоёр дахин нэмэгдэж, 233.8 мянган болж, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.3 хувьд хүрч буурчээ