Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэй компани болон түүний захиралд АНУ-ын засаг захиргаа ял тулгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компани болон түүний санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч Мэн Ванжоуд олон тооны ял тулгаж байгаагаа АНУ-ын хууль зүйн яам өчигдөр зарлалаа.

Тулгасан ялнуудаас хамгийн том нь эдийн засгийн хоригийг зөрчиж, Иран улсад тоног төхөөрөмж, технологи нийлүүлсэн хэрэг байв. Хонг Конгод бүртгэлтэй Skycom компаниар дамжуулж энэ наймааг хийсэн бөгөөд Хуавэй тус компанитай ямар ч хамааралгүй гэж тухайн үед мэдүүлж байжээ. Гэвч мөрдлөгийн явцад Хуавэй нь Skycom-ийн үйл ажиллагааг хянадаг болохыг илрүүлсэн байна.

Skycom-оор дамжуулж Иранд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн, технологийн дүн $100 сая гаруй болжээ.

Өөр нэг том хэрэг нь Хуавэй компани АНУ-ын T-Mobile компаниас гар утасны эдэлгээг шалгадаг “Tappy” нэртэй робот технологийг хулгайлсан явдал юм.

Үүнээс гадна Ирантай наймаа хийхдээ олон улсын банкнуудыг хуурч залилсан, харилцагчийн мэдээллийг Хятадын засгийн газарт дамжуулсан, мөнгө угаасан зэрэг нийтдээ 20 гаруй ялыг Хуавэй компани, түүний санхүү хариуцсан захирал Мэн Ванжоу нарт тулгажээ.

АНУ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Мэттью Уайттэйкер Хуавэй компанийн буруутай үйлдлүүдийг зөвхөн хууль зөрчсөн явдал төдийгүй үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан хэрэг гэж дүгнэсэн байна.

Өчигдөр бас АНУ-ын хууль зүйн яам Канадын Ванкуверт гэрийн хорионд байгаа Мэн Ванжоуг шилжүүлж авах хүсэлтээ албан ёсоор гаргах гэж байгааг мэдэгджээ.

Арванхоёрдугаар сарын 1-нд баривчлагдсан захирлыг шилжүүлж авах хүсэлт гаргах хуулийн хугацаа нэгдүгээр сарын 30-нд дуусч байгаа юм.

Хуавэй компанийн үүсгэн байгуулагчийн охин, 46 настай Мэн Ванжоуг Ирантай наймаа хийхдээ олон улсын банкнуудыг хуурч, залилсан хэмээн буруутгажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post