Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Болд: Компаниуд өмчлөлөө задалж, ил тод, хариуцлагатай системд шилжээсэй

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 1 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор үндэсний үйлдвэрлэгч “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болдыг урилаа.

БЛИЦ:

БОЛОВСРОЛ

  • 1997-2001 МУИС,
  • Эдийн засгийн сургууль эдийн засаг, менежмент

АЖИЛ ЭРХЛЭЛТ

  • 2001-2003 онд Хас банкны эдийн засагч
  • 2003-2007 онд Капитрон банкны эдийн засагч
  • 2007 оноос “Түмэн шувуут” ХХК-ийн захирал
Уламжлалт мал аж ахуйг бизнес болгохын тулд дэлхийн жишиг рүү орохоос аргагүй

-Манай улс хөдөө аж ахуйн орон мөртлөө хэрэглэж байгаа хүнснийхээ ихэнхийг импортолдог. Ингэж хүнсээ гаднаас авна гэдэг нь  улс орны хөгжил, иргэдийн идэж байгаа хоол хүнс, эрүүл мэндийн баталгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Тиймээс яалт ч үгүй дүгнэлт хийх шаардлагатай.

Урьд нь уламжлалт мал аж ахуйгаар болоод байсан ч өнөө цагт хөгжил дэвшлээ дагаад зайлшгүй өөрчлөгдөж байна. Хэдийгээр уламжлалт мал аж ахуй буруу биш ч үүнийг бизнес болгохын тулд дэлхий нийтийн жишиг рүү орохоос аргагүй. Уламжлалт мал аж ахуйгаар зөвхөн хүнсний хэрэгцээгээ хангаад явж болох ч бүтээгдэхүүн болгож зах зээлд борлуулахад хангалттай биш юм.

Эрчимжсэн мал аж ахуйн хувьд цэвэр үүлдэр, тохилог байртай фермерийн аж ахуй, сайн чанарын тэжээл гэсэн тулгын гурван чулуу бүрэлдэж байж хөгжлийн талаар ярина. Үүний тулд цэвэр үүлдрийн малтай болох ёстой. Хоёрдугаарт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд фермерийн зохион байгуулалтад оруулахгүй бол бэлчээрийн мал аж ахуй эдийн засгийн хувьд үр ашиг, ач холбогдолгүй.

Энд нэгжээс авах ашиг шимийн үзүүлэлт зайлшгүй яригдах ёстой. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд өвлийн -35 хэмийн хүйтэнд малыг саравчинд хашчихаад ашиг шим авна гэж ярих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, малын идэж буй хоол тэжээл биологийн амьтны хувьд өөрийгөө дулаацуулах, амьд авч үлдэхэд зарцуулагдаж буй энерги болохоос биш шим тэжээл үр ашиг өгөх хэмжээнд хүрэхгүй байна гэсэн үг.

Амьд гарч чадах эсэх нь эргэлзээтэй нөхцөлд ашиг шимийн талаар ярих боломжгүй. Тэгэхээр фермерийн аж ахуйн хувьд хамгийн эхлээд малд тохирсон тохилог байр, орчныг нь бүрдүүлэх ёстой. Тахианы аж ахуйгаар жишээ авч үзвэл байр нь өвөл, зунгүй 18-25 хэмийн дулаан байхаас гадна агаарын урсгал, чийгшил, гэрэлтүүлэг гээд бүх зүйл нь шувуунд ая тухтай байх орчныг бүрдүүлнэ. Үүний дараа сайн чанарын тэжээлээр тэжээж үр ашиг авах талаар ярина.

Эрчимжсэн мал аж ахуйн бас нэг чухал зүйл нь сайн чанарын эрдэс болон уургийн гаралтай тэжээлүүд. Ялангуяа, өвлийн улиралд фермерүүдийн сүүний гарц мууддаг нь тэжээлийн дутагдалд орсонтой холбоотой. Тэжээл бэлтгэж чадахгүйгээс гадна үйлдвэрлэж нийлүүлэх бололцоо муу байна. Нийлүүлж байгаа тэжээл нь өртөг өндөр учраас малчид тэр бүр худалдаж авч чадахгүйгээс эрчимжсэн мал аж ахуйн хөгжил муу байгаа юм. Газар тариалангийн хувьд ч  төрөөс зөвхөн улаанбуудайнд түлхүү анхаарч байна. Стратегийн чухал хүнсний хувьд татаас өгч дэмжих нь зөв ч олон төрлийн тэжээлийн ургамал тариалах хэрэгтэй.

Татаасаас илүү дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлого хэрэгтэй

-Би хувьдаа төрийн өндөр оролцоо, дэмжлэгийг сайшаадаггүй. Зах зээлийнхээ зарчмаар явах нь зөв. Харин төр татаас олгохоос илүү бодлого нь тодорхой, тогтвортой байх хамгийн чухал. Тухайлбал, шувууны аж ахуй эрхлэгчид төрөөс хөнгөлөлттэй зээл тусламж хүсэхгүй байж болно. Харин өндөг үйлдвэрлэл, тахианы махны импортын бодлого ямар байх вэ гэдэг тодорхой байх ёстой.

Монгол Улс хүнсээ импортолдог орон байх юм уу, эсвэл дотоодын эх үүсвэрээрээ хангадаг орон байх уу гэдгийг маш тодорхой болгож, нээлттэй зарлах ёстой. Жишээлбэл, 2019 онд өндөгний хэрэгцээний хэдэн хувийг импортоор, 2020 онд импортыг ингэж бууруулна гэх зэргээр алсын хараа, зорилготой байж ядаж таван жилийн стратеги, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Мөн гаргасан бодлого нь өөрчлөгддөггүй, урт хугацаандаа тогтвортой байх нь бизнес эрхлэгчдэд үзүүлж буй хамгийн том дэмжлэг. Ингэж чадвал зоригтой хөрөнгө оруулж богино хугацаанд дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар өндөгнийхөө 50 хувийг, тахианы махны 90 хувийг импортолж байна.

Төр алсын хараагүй байгаа учраас бүх хөрөнгөө барьцаалаад банкнаас зээл авч үйлдвэрээ өргөтгөж чадахгүй, эрсдэлээс айж эргэлзэж байна. Импортоос дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлого байхгүйгээс Хятад, Оросын зах зээлтэй өрсөлдөж чадахгүй байна. Татаас дэмжлэгээс илүү зөв бодлого эрүүл өрсөлдөөнийг бий болгоно. Хүнсний аюулгүй байдлын тухайд дотоодын  үйлдвэрлэл харьцангуй сайн.

Бүтээгдэхүүний чанарыг хэрэглэгч эсвэл аль нэг байгууллага шалгаж мэдэх бүрэн боломжтой. Ер нь бизнес хийж байгаа хүн хамгийн сайныг л үйлдвэрлэхийг бодно. Олон нийтийн хяналт хүчтэй болсон үед чанаргүй зүйл хийвэл маргааш нь л баригдах нь тодорхой учраас хулхины байдлаар бизнестээ ханддаг хүн байхгүй болсон. Тиймээс зах зээл дээрээс арчигдахгүйн тулд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамгийн сайнаараа ажиллахаас өөр сонголтгүй.

Гэтэл хилийн цаана байгаа зүйлийг төрийн байгууллага ч хянахад учир дутагдалтай. Тээвэрлэлт, хадгалалтаас эхлээд наад захын асуудалд баталгаа гаргах хэцүү. Жишээлбэл, ОХУ-аас орж ирж байгаа өндгийг анзаарвал хадгалах хугацаа их урт буюу заримынх нь 30 хоног байдаг. Гэтэл өндгийг 14 хоног хадгалах ёстой. Хадгалах хугацаа уртсах тусам өндөгний эрдэс бодис, амин дэм багасаж, шим тэжээлгүй болж байдаг. Шинэ тусмаа шим тэжээлээр баялаг гэсэн үг.

Импортыг багасгаснаар дотоодын үйлдвэрлэлийн үнэ  бага зэрэг нэмэгдэж мэдэх ч дотоодод цэвэр өрсөлдөөн бий болж урт хугацаандаа эрүүлжиж, үнэ буурна. Манай улс дотооддоо 130 сая, импортоор 130 сая өндөг оруулж ирдэг. Энэ тоог нэмээд 260 саяыг хүн амдаа хуваахаар нэг хүн дунджаар жилд 90 өндгийг ямар нэг байдлаар хэрэглэж байна. Гэтэл олон улсын дунджаар нэг хүн жилд 250 ширхэг өндөг хэрэглэсэн байдаг. АНУ, Японд нэг хүн  жилд 300 өндөг хэрэглэдэг бол ОХУ 220 өндөг хэрэглэдэг.

Хоёр өндөг өглөөний цайндаа хэрэглэхэд тухайн өдрийнхөө амин дэм, уураг, эрдэс бодисын хэмжээг бүрэн авах боломжтой. Энэ талаасаа хэдийгээр манайх олон улсын дунджаас гурав дахин бага өндөг хэрэглэж байгаа ч өмнөх жилүүдийнхийг бодвол харьцангуй нэмэгдэж байна. 2007 онд нэг хүн жилд 38 өндөг хэрэглэдэг байсан бол одоо 90 болох зэргээр үүнийг дагаад үйлдвэрлэл, импорт нь ч нэмэгдэж байна. Манайх 15 жилийн өмнө 20 мянган шувуутай байсан бол одоо 310 мянга болсон. Бусад фермерүүд ч адил. Ойрын таван жилд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн прогноз бий.

ОХУ төрийн бодлогоор импортоо багасгасан. Шувуу, мах, тахиа, сүүний аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг сүүлийн таван жилд маш сайн дэмжихийн зэрэгцээ  30 хүртэлх хувийн татаас олгосон салбарууд ч бий.Үүний үр дүнд тус улс түүхэнд байгаагүй их хэмжээний ургац авч байна. Манай улс санхүүгийн хувьд ОХУ шиг дэмжлэг өгч чадахгүй учраас бодлого нь тодорхой, тогтвортой байх хэрэгтэй.  Бодлого тодорхой болчихвол хөрөнгө оруулалт босгох нь бизнесийнхний асуудал. ОХУ хөдөө аж ахуйн салбараа хангалттай дэмжсэн гэж үзээд энэ оноос зарим салбаруудынхаа дэмжлэгийг зогсоож байна. Тэгэхээр оросын бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Орос, Монгол өндөгний үнийн  зөрүү багасна.

Компаниуд нийтийн өмч болсноор хариуцлагатай, ил тод нээлттэй, хяналттай болно

-Манай улс импортлогч. Ард түмэн нь хэрэглэгч мөртлөө бүтээдэг үндэстэн биш. Гэтэл экспорт бага, хүнс, барааны үнэ байнга өсдөгөөс дундаж давхарга хангалттай сайн өсөж чадахгүй дүр зураг байсаар л байна. Энэ байдал хэдэн ч  жил хамаагүй үргэлжилнэ. Үүнийг арилгах гарц нь дотоодод үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд өмчлөлөө задалж олон нийтийнх болж, нэгнээ дэмждэг систем рүү ороосой.

“Түмэн шувуут” компанийн хувьд нээлттэй компани болоод 10 тэрбум төгрөг босгохыг зорьж байна. Яг үнэндээ энэ мөнгийг өнөөдөр, маргаашдаа хэрэгтэй байдлаар харахгүй байгаа.  Мөнгөнөөс илүү олон нийт манай компанийн хувьцаа эзэмшигч болж, өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох нь хамгийн том ач холбогдол, өгөөж юм. Манайх 10 мянган хувьцаа эзэмшигчтэй болбол орос өндөг Монголын зах зээл дээр ноёлохгүй. Энэ бол тийм хэцүү асуудал биш. Бид пуужин үйлдвэрлэх, сансрын технологийн талаар яриагүй. Зүгээр л дотооддоо үйлдвэрлэсэн чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байя. Хамжаад хийвэл гадагшаа гарч  байгаа мөнгөний урсгал багасах юм.

Манайх нүүрс, зэс, алт, ноолуур гээд маш бага зүйлсийг зарж ам.доллар олдог ч буцаагаад л гадагш нь “алдчихдаг”. Энэ байдлыг өөрчлөхийн тулд компаниуд нээлттэй болж нэгнээ дэмжиж байж бүтээгч ард түмэн, үйлдвэрлэгч улс болно. Том зүйл рүү хошуурахаас илүү жижиг мэт боловч бодитой асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй.

Мэдээж компани бүр олон нийтийнх болж чадах уу гэдэг өөрсдийнх нь сонголтоос гадна санхүүгийн зөрчил, өмчийн маргаангүй гээд төрийн зүгээс тодорхой шалгууртай. Тиймээс хувьцаат компани болохын тулд бэлтгэл маш сайн хийх хэрэгтэй. Хязгаарлагдмал буюу хаалттай компаниас илүү нээлттэй болсноор  хариуцлага нэмэгдэнэ. Хувийн компанийнхаа хөрөнгийг дураараа өөрсдийнхөө үзэмжээр зарцуулдаг  байсан бол нээлттэй болж олон түмний өмч болсноор илүү хариуцлагатай,ил тод нээлттэй, хяналттай, зорилго төлөвлөгөөний дагуу ажилладаг болно. Ингэснээр компанийн үнэ цэнэ ч  сайжирна. Мөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж хувьцааны үнийг бууруулахгүйн тулд сайн ажиллахаас аргагүй.

“Түмэн шувуут” компани  2018 онд 17.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 16.2 хувь буюу 2.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Энэ мэт санхүүгийн ямар нэг зөрчил асуудалгүй учраас  илүү нээлттэй, хариуцлагатай, “түмний” компани болохоор шийдсэн. Хувьцаат компани болсныхоо дараа хараат бус гишүүд нь хэн байх вэ гэдгийг нээлттэй шалгаруулалтаар шийднэ. Хараат бусаар ажилладаг гурван гишүүн бусад томоохон хувь эзэмшигчдээс оруулж ирэх гээд есөн ТУЗ-тэй ажиллахаар төлөвлөж байна.

Мөн жил бүр цэвэр ашгийнхаа 30 хувийг ноогдол ашиг болгож тараахаас гадна томоохон төслүүд хэрэгжүүлнэ. Ингэж хувьцаа эзэмшигчид ашиг хүртэхээс гадна хувьцааны үнэ цэнэ өсөж байдаг. Өөдрөг биш дундаж төсөөллөөр тооцоход манай хувьцааны үнэ ойрын 3-5 жилд тав дахин өсөх прогноз гарсан. Гэтэл хадгаламжийн мөнгө ингэж өсч чадах уу гэдэг эргэлзээтэй.

Зураг