Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Николас Мадуро Венесуэлийн армитай хамт парад жагслаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро нийслэл Каракас хотын ойролцоо зэвсэгт хүчний парад зохион байгуулж, өөрөө оролцжээ.

Парадын үеэр Оросоос худалдаж авсан агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, танк, хуягт машин зэргийг үзүүлсэн байна. Мадурогийн зорилго нь ард иргэдэдээ болон дэлхий дахинд Венесуэлийн арми өөрт нь үнэнч байгааг харуулах байв.

Өнгөрсөн долоо хоногт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 35 настай сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан юм. Гуайдо гадаадын олон улс орноос дэмжлэг авч, өөрт нь ирж нэгдсэн зэвсэгт хүчнийхэнд Мадурогийн үед үйлдэж байсан гэмт үйлдлийг нь өршөөхөө амлаад байна.

Мадуро хоёрдугаар сарын 10-15-ны хооронд томоохон цэргийн сургуулилалт хийхээр бэлдэж байгаагаа зарлаад энэ арга хэмжээг “Венесуэлийн түүхэнд онцгой чухал үйл явдал” гэж нэрлэжээ.

Бямба гарагт болсон НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр АНУ сөрөг хүчний Хуан Гуайдог хүлээн зөвшөөрөхийг уриалж, ОХУ, Хятад хоёр эсэргүүцсэн тул дэмжигдээгүй байна.

Харин Европын Герман, Франц, Испани, Их Британи улсууд найм хоногийн дотор ээлжит бус сонгууль явуулахыг Мадурогоос шаардаж, ингэхгүй бол Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны удирдагчаар хүлээн зөвшөөрнө гэж мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган утсаар Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуротай ярихдаа түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Ням гарагт Израйль улс Гуайдог дэмжиж байгаа улс орнуудын тоог нэгээр нэмжээ.

Европын гүрнүүдийн шаардлагын хариуд Мадуро “Аз болоход бид Европоос ямар ч хамааралгүй. Тэдний дээрэнгүй, биднийг дорд үзсэн сэтгэлгээ хэвээр байна. Европын элитүүдийн үе өнгөрч, Европын ард түмнийг тэд төлөөлж чадахгүй болсон” гэж CNN сувагт ярьжээ.

Европын орнуудын тулган шаардлагыг ОХУ-ын гадаад хэргийн яам “ёс бус үйлдэл” гэж нэрлэсэн бол Венесуэлийн гадаад хэргийн яам “хүүхдийн санаа” гэж шүүмжилсэн юм.

 

Эх сурвалж: Reuters