Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Либертари үзэл бол ардчиллаас цааш хөгжсөн үзэл мөн

ikon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уг нь либертари үзэлтэй хүн төрд юу болж байна хэмээн Левайфанд их анхаарал та­вин, улстөрчдийг сонир­хоод байдаггүй л дээ. Тэднээс аль болох хол, өөрийн хийх ёс­той зүйлийг хийгээд яв­даг. Хүнд гэм хор уч­руулахгүй, хүний хүрээ рүү орчихгүй явах нь либертари үзэлтний гол эрмэлзэл. Гэтэл Монголын нийгэмд улс тө­рөөс бүрэн тасархай байх арга үнэхээр алга. Иймд либертари үзэлтнүүд улстөрчдөд хэр­хэн хандах вэ гэдгээ тодорхойлохоос өөр аргагүй.

Монгол бол үнэхээр өөрийн “онцлог” бүхий орон. Хэдийгээр пост-коммунист Ун­гар, Польш, Чех, Словак, Латви, Литва, Эс­тони, Румын шиг шилжилтийн үедээ яваа гэгддэг ч үнэндээ улс төрийн шал өөр соёл, уламжлалтай орон юм. Бидэнд ком­му­нистуудтай амь хайргүй тэмцэлдэж байсан өвөг дээдэс алга. Оюун санааны өөрөөр сэт­гэгч, анти-коммунист нууц утга зохиол огт байсангүй (Р.Чойномыг эс тооцвол). Ядахад л Баруунд гарсан хамаатан садан, анд нөхөд, тэд­ний нөлөө гэх зүйл байгаагүй. Монголын ком­­мунизм бол бараг л жинхэнэ коммунизм бай­сан.

Иймэрхүү улс төрийн соёл, уламжлалтай Монгол оронд одоо дутуу боловсорсон ардчилагчид (ийм хүмүүс эрчимтэй олширч байна), эрэмдэг зэрэмдэг либералууд (эд харьцангуй цөөн), дундад зууны үндэс­ний үзэлтэн (эдгээр нь сэхээтэн дүртэй бодга­лиу­даар дамжин өсөж байна), коммунист уг­шилтай социалистуудаас (уг нь олонх бай­сан, цаг хугацаа өнгөрөх тусам тоо нь цөөр­сөөр байна) өөр хүмүүс алга гэхэд бараг болно.

Ардчиллыг шүүмжилж болох уу?

“Монгол бол ардчилсан орон. Ардчиллыг тайван замаар амжилттай хэрэгжүүлсэн орон гэж америкчууд биднийг магтсан” гэдэг нь Монголын улстөрчдийн ганц бахархдаг зүйл (Үнэндээ Румын зэрэг ганц хоёр орныг эс тооцвол 10 гаруй оронд хувьсгал тайван замаар л өрнөсөн шүү дээ). Ардчилал гэдэг хүн төрөлхтний шүтээн болсон, гайхамшигт сайхан зүйлийг ер нь шүүмжилж болох уу? Шүүмжилснээсээ болоод зохиогч би хамгийн адгийн харгис амьтан болж, Хойд Солонгос, Кубыг хамгаалагч хэмээн цоллогдож, Монгол дахь пост-коммунистуудтай адилтгагдах юм биш биз (уг нь пост-коммунистууд ард­чил­лыг шүүмжилж зүрхлэхгүй, зүрх гаргасан ч олиг­той үндэслэл гаргаж чаддаггүй)? Үнэн­дээ ардчиллыг ардчиллаас цааш хөгжиж, түү­нээс дээгүүр болж чадсан үзэл онол л шүүмжлэх эрхтэй.

Шулуухан хэлэхэд, либертари үзлийн үүднээс авч үзэх юм бол ардчилал тийм ч олигтой нийгмийн байгууламж биш. Ард­чилсан нийгэмд хүртэл дарангуйлал, тота­ли­тарианизмын элемент байдаг. Ардчиллыг хоосон шүтэгчид (үнэндээ тэд ардчилагчид биш) ийм элементүүдийг “өөрсдийн гоё сайхан ардчилсан” нийгмээсээ олж хар­даггүй бөгөөд харин либертари үзэлтнүүд эрх чөлөөний үзлийн үүднээс олж хараад шүүм­жилдэг. Ардчиллыг хоосон шүтэгчид ард­чилсан нийгмээ коммунизмтай харьцуулдаг. Мэдээж ардчилал нь коммунизм, фашизмаас дээр байлгүй яахав. Харин либертари үзэлт­нүүд ардчиллыг эрх чөлөөний үзэлтэй харь­цуулдаг. Үүнийг Платоноос аваад олон сэт­гэгч хэлж байсан.

Шулуухан хэлэхэд, либертари үзлийн үүднээс авч үзэх юм бол ардчилал тийм ч олигтой нийгмийн байгууламж биш

ХХ зуунд гэхэд Английн Ерөн­хий сайд байсан У.Черчиллийн хэлсэн үгийг бид бүгд мэддэг. Ардчиллын төлөө хүн биш, ардчилал хүний төлөө байдгаараа урьдах нийгмийн байгууллаас ялгагдах ёстой. Ямар нэг зорилго тавьчихаад түүнийхээ төлөө хүнийг золигт гарган, золиослоод байдаг үзлийг тийм дэвшилтэт үзэл гэж үзэх аргагүй. Үүний нэгэн адил ардчилсан үзэл ч хүнийг өөрийн төлөө золиослох биш, ха­рин хүний төлөө үйлчилж байсан цагт дэвшилтэт болох учиртай. Дэлхий дээр ардчилалд шилжээгүй улс орон гэж бараг байхгүй болсон өнөө үед ардчилал нийгмийн дэвшилтэт байдлын шалгуур болж чадахгүй. Ард­чилал тогтсон оронд нийгмийн шударга бус байдал, ядуурал, өлсгөлөн гуйланчлал бай­­саар байна. 

Либертари үзэлтний хувьд зүүн ханд­лагатай, коммунлаг юм ярьдаг хүмүүс бол тийм аюултай биш. Учир нь, тэдний үзэл баримтлал, хандлага тодорхой ил байдаг. Тэд либертари үзлийн эсрэг байдгаа ч нуудаггүй, нуух ч аргагүй учраас хор багатай. Харин ардчиллын нөмрөгөн доор орсон албан ту­шаа­­лын хэнээтэн, эд хөрөнгийн шуналтан, бюрократууд л аюултай. Тэд ардчилал, эрх чөлөө, хувь хүн, эрх гэсэн зүйлийг либертари үзэлтнүүдээс багагүй ярьж (ингэснээрээ уг ойлголтуудын үнэ цэнийг бууруулж), өөрс­дөө нууцлаг байдлаар түүнийхээ эсрэг зүйл хийж, “ардчилсан бюрократизм”, “ардчилсан боолч­лол”, “нийгмийн шударга бус байдлыг” гааруулдаг.

Тийм ээ, ардчиллыг хүн бүр шүүмжлээд байдаг ч юм биш. Хүн төрөлхтний маш том (хамгийн том) ололт ч байж магадгүй. Гэх­дээ дахин хэлэхэд энэ байгууламж, энэ үз­лийг шүүмжлэх эрхтэй ганц үзэл бий. Тэр бол либертари үзэл юм. Энэ бол ардчиллаас цааш хөгжсөн, ардчиллаас дэвшилтэт, хүн төрөлхтний ирээдүй болсон үзэл учраас ийм эрхтэй юм. Энэ үзэл хамгийн түрүүнд эрх чөлөө, дараа нь ардчиллыг тавина.

Бидэнд либертари номуудыг унших зав чөлөө олддоггүй юм гэхэд Кристиан Майклийн “Би яагаад ардчилагч биш вэ?” (Би эрх чөлөөг илүүтэй үздэг) гэсэн өгүүллийн утга санаатай танилцах ёстой гэж санагдаж байна (Ташрамд хэлэхэд, энд мөн л Бэртран Рассэлийн "Би яагаад христийн шашинг шүт­дэггүй вэ?" эссэний нэрнээс зээлсэн санаа явж байгааг уншигч анзаарсан буй заа. Урьд бид Хайк Боолчлогдох зам номынхоо нэ­рийг мөн л түүний "Эрх чөлөөнд хүрэх зам" номноос авсныг дурьдаж байсан). Үнэнийг хэлэхэд, миний хувьд www.liberalia.com/htm/cm_not_democrat.htm сайт уруу орж дээрх өгүүл­лийг харах гэж оролдсон боловч франц дээр гарч ирээд болоогүй юмдаг.

Шүүмж­лэгддэггүй, няцаагддаггүй юм бүр цаагуураа ялзарч доройтож байдаг

Коммунизмын үед коммунизмыг шүүм­жилж болохгүй, фашизмын үед фашизмыг шүүмжилж болохгүй, ер тоталитари дэглэм өөрийгөө шүүмжлэхийг зөвшөөрдөггүй. Ард­чиллын үндсэн ялгаа өөрийгөө шүүмж­лэ­­хийг зөвшөөрдөг байх ёстой. Поппэгийн хэлс­нээр шүүмж­лэгддэггүй, няцаагддаггүй юм бүр цаагуураа ялзарч доройтож байдаг. Түүн шиг ардчилал шүүмжлэгддэггүй юм бол мөн л цаагуураа ялзран доройтох ажээ.

Ардчиллыг шүүмжилж, харааж, загнаж болж байна. Ганцхан шүтэж л болохгүй. Учир нь энэ үзэл угаасаа хоосон шүтэхийн эсрэг үзэл шүү дээ. Ардчиллыг дээрээс, доороос, баруунаас, зүүнээс, өнгөрснөөс, одоогоос, ирээ­дүйгээс шүүмжилж болно.

Ардчиллыг өн­­гөрс­­нөөс шүүмжлэх нь хоцрогдсон шүүмж­лэл, хэт баруунаас шүүмжлэх нь хар­гис хүч­ний шүүмжлэл, зүүнээс шүүмжлэх нь ойл­гоо­гүй зүйлээ шүүмжлэх оролдлого, хоо­сон мат­рын ну­лимс гаргах маягийн шүүмжлэл бол­­но. Хамгийн дэвшилтэт шүүмжл­эл бол ирээдүйгээс буюу либертари ханд­лагат шүүмж­лэл. Харин хамгийн хар­гис шүүмжлэл өнгөр­сөн үеийнхний шүүмжлэл…

Одоо Монголд хамгийн “хачирхалтай” хүмүүс ардчилал хэмээн бархиралдах болжээ. Ардчилсан гэсэн хаягийг авсан намд буй ийм “ардчилсан бус” хүмүүжил, зан төлөв, амьдралын арга барилтай хүмүүсийг тэнд  байсан цагт хэн ардчилалд итгэх юм бэ? Ардчилал гоё, сайхан, дэвшилттэй гэж Африк, Латин Америкийн хуурамч ардчилалтай орны удир­даг­чид шиг улиг болсон зүйл ярьж байхаа одоо боливол таарна. Нэгэнт эрх мэдэл авсан бол ямар ч демократ (ардчилагч) бюрократ (хүнд сурталтан) болдог, тэднийг контороос нь гаргах боломжгүй гэж анхааруулсаар ирсэн либертари үзэлтнүүдийн хэлж байсан үгийн үнэнийг Монголын ардчилагчид ил тод харуулав.

“Ардчилал гэдэг бол ард түмэн өөрсдийн төлөө, өөрсдөө бий болго­сон, өөрсдийнх нь засаг” байсан бол одоо Ричард Нийдхэмийн хэлснээр “Ард­чи­лал гэдэг бол төрийн төлөө, төрийн бий болгосон зүйлийг хэрэг­жүүлэх гэж зүтгэж байдаг ард түм­ний засаг” болон хувирчээ.

Саявтар Монгол оронд ардчилсан хөдөл­гөөн ялсны 20 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүллээ. Өнгөрүүлсэн биш юм аа, 2010 оныг тэр чигээр нь энэ баярт зориулж бүтэн нэг жил тэмдэглэх юм гэсэн. Одон медаль гэж баахан төмөр нэгэндээ олгож, шагнал урсгаад. Үүнийг харахад манай ардчилагчид гэдэг яг л нөгөө хуучны социалистууд. Баяр бол албадлагын зүйл биш. Улс төрийн үйл явдлыг баяр болгож тэмдэглэдэг уламжлал тасрахгүй нь. Хуучин Октябрийн баяр, Майн нэгний баяр, Ардын хувьсгалын баяр гээд. Баярлахыг албаддаг, баярлахгүй бол улс төрийн агуулгатайгаар шүүмжилдэг байв даа. Жинхэнэ баяр бол уламжлалаар дамжиж ирсэн ёс заншлаар мөрдөгддөг зүйл: Крист­мас, Цагаан сар, Шинэ жил, Халловин, төр­сөн өдөр. Түүнээс биш энэ бол бүх нийтийн баяр гэж хэн нэг даргын хэлснээр яаж баярлах вэ? Амьдрал ядуу зүдүү, гачиг­даж дутагдсан үед юуны чинь баяр! Ийм байхад “Та нар баярла!” гэж тушааж болохгүй. 

Өөрсдөө л ууж идэцгээж, уйлж дуулцгаана биз. Архи дарс, агсам согтуу, аархуу дээрэлхүү, цээж баячууд. Үүнийг нь харахаар социалист биш, харин ихээхэн феодал маягтай ч юм шиг.

Ноорхой дээл шиг болсон ардчилал 

XXI зууны дэвшилтэт сэтгэгчдийн хувьд ардчилал үнэхээр “моодноос” гарчээ. Ард­чи­лал гэхээр ямар ч өө сэвгүй зүйл байдаг мэтээр ойлгож байсан “гэнэн материалист” үе ард хоцорсон байна.

Ардчиллын талаар хэлсэн Черчиллийн алдарт үгэнд "Ардчилал бол өнөөг хүртэл байсан нийгмийн байгууламж дотроос хамгийн сайн нь, гэхдээ түүнд бас дутагдал байдаг" гэсэн хоёр гол санаа агуулагддаг. Черчилль жинхэнэ ардчилсан нийгэмд бай­сан учраас ардчиллыг шүүмжилж байсан хэрэг. Түүнээс биш ардчиллыг хоосон шүт­дэг, хэдхэн хүн ардчилал гэсэн үгээр бусдыг айлган сүрдүүлдэг, ардчилал гэсэн далбаан доор албан тушаал хөөдөг нийгэмд бол хэн ч ардчиллыг шүүмжлэхгүй.

Одоо дэлхий дээр ардчиллын тухай ярь­даггүй хүн алга. Ази, Африк, Латин Америкийн дарангуйлагчид хийгээд Монгол дахь коммунистуудын үр сад бүр ч их ярьж байна. Хүмүүс гэнэт ардчилсан бус гэж хэлүүлэхээс айдаг болж гэнэ. 90-ээд оны эхээр ардчиллын талынх гэж хэлүүлэхээс сүнсээ зайлтал айж явсан хүмүүс одоо АН-ын томоохон зүтгэлтэн болчихсон явж байх жишээтэй.

Ардчилал өөрийнхөө сайхан нэрний цаана эрх чөлөөний дайсан, хамгийн олиггүй юмнуудыг нуудаг халхавч болжээ

Залуучууд нь гадаад хэл дээр байтугай, монгол хэл дээр хүний бичсэн юмыг хөлсөө чийхартал уншаад жинхэнэ логикт нь хүрч чаддаггүй, карьер хөөж нэг намаас нөгөө нам уруу харайж байдаг, хажуу дахь үл мэдэгчээ болон олон түмнийг “элэг барьж мэдэмхийрэн үндэслэдэг” (argumentum ad ignoratiam), утга учрыг нь ойлгоогүй мөртлөө ардчилал, либерализм, хүний эрх, хууль зүйт ёс гэсэн юм ярьж явна. Ардчилал өөрийнхөө сайхан нэрний цаана эрх чөлөөний дайсан, хамгийн олиггүй юмнуудыг нуудаг халхавч болжээ. Дарангуйлагч, нэр төр хөөгч, албан тушаалын хэнээтнүүд гээд ажил-хөдөлмөр хийгээд амьдарч чаддаггүй, чалх­гүй улстөрчдөд “үхтлээ ашиглуулсан” муу ардчилал.

Ард­чилал өөрийнхөө хүрээнд гарч ир­сэн ямар ч удирдагчийн үйл ажиллагааг хууль ёсны болгодог. Гитлер мэтийн харгис зүт­гэлт­нүүд ардчиллаар дамжин засгийн эрхэнд гарч ирж байсан шиг одоо ч хамгийн олиггүй юм­нууд ардчиллаар дамжин засгийн эрхэнд гарч байна. Ардчиллаар гарч ирсэн удирдагч өөр­төө санал өгсөн хүнийг төдийгүй, санал өгөө­гүй, өөр саналтай байсан, тэр ч бүү хэл эсрэг саналтай байсан хүнийг хүртэл захир­на.

Сонгуулийн ардчилал, парламентын ардчилал, шууд ардчилал, төлөөллийн ард­чилал, либерал ардчилал гэх шиг. Алинд нь ч авах юм алга. Ардчилал хамаг бололцоогоо шавхаж, хэрэглээнээс гарчээ. Хүн төрөлхт­ний  хамгийн удаан өмсөж, урагдаж ноорсон хувцас шиг болсон ардчилал аргагүй л туйлдаж дээ.
Товчхон хэлэхэд, сонгуулийн ардчилалд дараах дөрвөн дутагдал лав байна.

  1. Чанараас илүү тоонд ач холбогдол өгдөг
  2. Цөөнхийн ухаалаг санал хаягддаг
  3. Санал бүрийг жигнэх боломжгүй
  4. Үл мэдэгчид засаглах боломжтой.

“Ардчилал гэдэг бол 51 хувь нь 49 хувийнхаа эрхийг хураан авч буй, олонхоор хүч түрэх үйлдлээс өөр зүйл биш” - Томас Жэффэрсон

Ардчилал одоо Монголд “ордны про­фессор”, ухаантайгаа харуулах (бас дэв­шил­тэт үзэлтэй хүн болж харагдах) гэж мэрийж буй сэхээтний мөлчийтөл мэрэгдсэн яс, албан тушаалаар амьдардаг улстөрчдийн амьдрах орон зай л болж. Барууны орнуудад иргэд нь ардчилал гэсэн үгэнд хууртагдахаа нэгэнт больж. Хувь хүнийг олонхын дарангуйллаар дарамталдаг хэрэгсэл болох ардчиллыг ка­питализм хамгийн өндөр хөгжиж, хувь хү­ний эрхийг дээдэлдэг болсон орнуудад хүчтэй шүүмжлэн гарч ирж буй либертари онолын үүднээс авч үзэх юм бол ардчилал нь “нуруугаа авахуулсан морь”, “хүн төрөлхт­ний өчнөөн жил өмссөн ноорхой дээл” болсон байна.

Эрх чөлөө, ардчилал хоёрын зөрчил

Нэг онигоог дахин дахин яриад салдаггүй ядаргаатай хүмүүс байдаг. Түүнийг нь сонс­соор байгаад улиг болчихсон хүмүүс инээх ч хэцүү, уурлах ч хэцүү байдалд ордог доо. Түүн шиг би ардчиллын тухай дараах онигоог мөн ч олон удаа ярьж байна. Энэ удаа ч дахиад л яръя. Таныг тэвчихийг хүсэж байна, учир нь энэ онигоо өнөөгийн ардчилагчдын дүр төрхийг маш хошин бөгөөд бодитойгоор харуулдаг юм.

Олонх нь эрүүл сэтгэх чадваргүй нийгэмд эрүүл сэтгэдэг цөөнх сэтгэл мэдрэлийн эм­нэлэгт очдог

1930-аад оны үед Зөвлөлтийн нэгэн хамтралын хурал дээр хот орж ирсэн тариачин дэлхий бөөрөнхий гэж дуулснаа сонирхуулан ярьж гэнэ. Энэ тухай сонссон ганц хоёр хүн ч түүнийг дэмжсэн байна. Гэтэл олонх нь бөөрөнхий юман дээр бид яаж тогтдог юм гэж эсэргүүцэж л дээ. Ингээд хуралд ирэгсэд хоёр тал болоод маргалдаж эхэлж. Тэр үед санал хураалтын ардчилсан зарчмаар маргааныг шийдвэрлэдэг заншил тогтоод байсан тул санал хураахад олонхын саналаар дэлхий хавтгай болж таарсан гэдэг. “Олонх нь эрүүл сэтгэх чадваргүй нийгэмд эрүүл сэтгэдэг цөөнх сэтгэл мэдрэлийн эм­нэлэгт очдог” гэж үүнийг хэлээд байгаа юм.

“Та өөрийгөө олонхын талд бай­гааг мэдэх юм бол өөртөө эргэлзэх, үйл ажиллагаагаа зав­сар­лах үе бол­сон байна гэсэн үг” - Марк Твэйн

Тиймээс “Эрх чөлөө, ардчилал хоёр нь ижил зүйлс биш” гэдгийг бид хамгийн тү­рүүнд санаандаа хадгалж байх ёстой болж байна. Д.Боаз "Либертарианизм" номондоо ихээхэн хоржоонтой бөгөөд ойлгомжтойгоор “Хэрэв бид олонхын санал болгосон хүнтэй гэр бүл болдог нийгэмд амьдрах аваас ардчилсан, гэхдээ эрх чөлөөгүй нийгэмд амь­дарч байна гэсэн үг” гээд “Либертари үзэлт­нүүдийн хувьд улс төрийн хамгийн үнэт зүйл бол ардчилал биш, эрх чөлөө” (уг номны монгол хэвлэлийн 29-30-р тал) гэсэн байдаг.

Ардчиллын нөхцөлд асуудлыг хүчээр шийд­­вэрлэдэг. Ардчилал ноёрхож байх үед нэгий­гээ ялахын тулд ухаалаг үндэслэл гарган, логиктой сэтгэж, оюун ухааныг дээд­лээд байх шаардлагагүй, зөвхөн тооны хувьд олонх болж аваад санал хураахад л бол­но. Дэ Токвилль ардчиллыг “олонхын даран­гуйлал” гэж маш зүйтэй томьёолсон. Ийм баримтлалыг эрх чөлөөний философийн эцэг гэж нэрлэгддэг Ж.С.Милль дэмжиж байв.

Санал хураалт гэдэг бол мэдлэг, авьяас чадвар, үнэн, хувь хүний эрх ашиг гэдгийг огт харгалздаггүй, цэвэр харанхуй массын психологи дээр тоглож байдаг үзэгдэл

Ардчилал хувь хүний эрхийг үл тоом­сорлож байна. Хүний эрх гэдэг бол тооны олон цөөнөөс үл хамаарах констант зүйл. Ардчиллаар шийдвэр гаргадаг олонх энд ямар ч хамаагүй. Олонхоороо шийдэж байна гээд (санал хурааж байгаад) үлдсэн нэгийнхээ юмыг ес нь авчихаж болдог юм биш. 

“Бид олонхын нийгэмд амьдарч байна. Хэрэв олонх эрүүл сэтгэх чадвараа алдсан бол эрүүл сэтгэгч цөөнх сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очихоос өөр аргагүй болдог” - Х.Манн

Ардчилал эрх чөлөөтэй харшилдаг. Ард­чил­лын нөхцөлд 100 хүнээс 51 нь ялсан бол үлдсэн 49-ийнхээ эрх чөлөөг үгүйсгэдэг уч­раас тэр нь олонхын дарангуйлал, түүнээс өөр юу ч биш. Эрх чөлөөнд дайсагнагч ийм хамтын санаа бодол, нийтийн хүсэл зориг бол руссоч-марксч үзэл санаа мөн. Эндээс л коммунизм хийгээд фашизм өөрийгөө зөвт­гөх онолын үндсийг олж авдаг. Ардчилал 99 хувийн эрх ашгаар түрээ барьж асуудлыг шийд­дэг бол эрх чөлөө үлдсэн нэг хувийн эрх ашгийг харгалзахыг шаарддаг. Энэ утгаа­раа ардчиллын хамгийн сайн онол эрх чөлөөний онолд ялагддаг.

“Ардчилал гэдэг бол хоёр чоно, нэг хонь өглөөний хоолондоо юу идэх талаар санал хурааж байгаагаас өөрцгүй зүйл” - Х.Л.Мэнкэн

Сонгуульт ардчиллын нөхцөлд “Хоёр чо­но нь нэг хонио өглөөний хоолондоо идэх шийдвэр гаргах” нь тодорхой. Энэ бол ард­чилалд Плато, Милль хоёрын хамгийн их дур­гүйцэж байсан утга. Санал хураалт гэдэг бол мэдлэг, авьяас чадвар, үнэн, хувь хүний эрх ашиг гэдгийг огт харгалздаггүй, цэвэр харанхуй массын психологи дээр тоглож байдаг үзэгдэл. Хэн ч ямар ч сэдлээр санал өгч болдог, бараг зүс царайны сайхнаар сонгуульд ялах боломжтой.

Асар их бодож, эргэцүүлсэн хийгээд юу ч бодоогүй хоёр хүний саналын жин яг адил гардаг. Ардчилсан сонгууль ердөө л массын психологийг илэрхийлнэ. Фройд, Лебон нарын хэлснээр, массын психологи сэтгэл хөдлөл давамгайлсан, тогт­вор­гүй, сэтгэмж багатай байдаг бол хувь хү­ний психологи ихээхэн рациональ, бат тогт­вортой, шүүмжлэлт хандлагатай байдаг.

Гэтэл одоо сонгууль явагдсан л бол ардчилсан гэсэн нэр зүүх болж. Хуурамч сонгууль байсан ч ардчилал. Сонгууль эрх чөлөө өгдөггүй. Харин 99 хувийн эсрэг буй нэг хувийн сонголтыг хүлээн зөвшөөрч буй бол эрх чөлөө.

 

Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

2010.06.09 Философийн ухааны доктор Б.Батчулуун