Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Америк фэнүүд нь K-pop одын нэрийг шинэ төрсөн янзаганд өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын 19-ний өдөр Лос Анжелес хотын амьтны хүрээлэнд Өмнөд Америкт амьдардаг нэг төрлийн бугын согоо янзагалжээ.

Чили, Аргентин улсуудын нутаг дэвсгэрт амьдардаг энэ амьтан дэлхийн бугын төрөл зүйлүүд дотор хамгийн жижиг биетэй нь бөгөөд ховордсонд тооцогддог юм байна.

Амьтны хүрээлэнгийн захиргаа хэд хоногийн өмнө шинэ төрсөн янзаганы зургийг сошиал сүлжээнд нийтэлжээ. Гэтэл хүмүүс энэ амьтныг Өмнөд Солонгосын NCT хамтлагийн дуучин Хэчантай адилхан юм хэмээн бичиж эхэлсэн байна.

Амьтны хүрээлэнгийнхэн хүмүүс хэний тухай хэлэлцэж байгааг ойлгоогүй тул судалж үзээд Хэчан хэмээх 18 настай K-pop од байдгийг мэдэж авчээ.

Удалгүй тэд Хэчаны зургийг янзаганы зурагтай зэрэгцүүлсэн эвлүүлгийг сошиал хуудсандаа нийтэлсэн нь фэнүүдийн анхаарлыг улам их татсан байна.

Тус хүрээлэнд хандив өгсөн хүмүүс шинээр мэндэлсэн амьтанд нэр хайрлах онцгой эрх эдэлдэг. Тиймээс хүрээлэнгийн захиргаа $2,000-ын хандив өгвөл одынх нь нэрээр янзагыг нэрлэх санал тавьжээ.

Гэтэл энэ санал гурван цагийн дотор 28,000 “лайк” цуглуулж, хандивын мөнгө тэр дороо цугларсан байна. 

Ингээд Хэчаны нэрийг бугын янзагад өгөхөөр болжээ. Амьтны хүрээлэнгийн захиргаа бас Хэчанд нэр нэгт янзагатайгаа ирж уулзах урилга явуулсан байна. Дуучин залуу урилгыг хүлээж авсан эсэх нь одоогоор мэдэгдээгүй байна.

Ямартай ч энэ үйл явдал Өмнөд Солонгосын поп урлаг АНУ-д хэрхэн түгснийг харуулсан тохиолдол болжээ.

 

Эх сурвалж: Associated Press