Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович эх орноосоо урван тэрсэлсэн үндэслэлээр эчнээ ял сонслоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Украины шүүх тус улсын ерөнхийлөгч асан Виктор Януковичийг эх орноосоо урван тэрсэлсэн гэж дүгнээд 13 жил шоронд хорих эчнээ ял оноожээ.

2014 онд дэгдсэн иргэдийн бослого тэмцлийн үр дүнд Янукович албан тушаалаасаа зайлуулагдсан юм. Тэрээр эх орноосоо дүрвэж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас цэргийн тусламж гуйсан нь яллах үндэслэл болсон гэнэ.

“Янукович Украин улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн юм” гэж Киевийн Оболон дүүргийн шүүгч Владислав Девятко дүгнэлтдээ тайлбарлажээ.

Януковичийн ял түүнийг баривчлагдсан цагаас эхлэн хэрэгжих гэнэ. Одоо 68 настай Украины ерөнхийлөгч асан шүүх хуралд оролцоогүй бөгөөд түүнийг ОХУ-д амьдарч байгаа гэлцдэг.

Москвагийн талыг баримтлагч Янукович 2013 оны сүүлээр Украиныг Европын Холбоонд нэгдэхэд шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалзсан нь иргэдийн тэмцлийг эхлүүлсэн юм. 2014 онд Киевийн Майданд болсон иргэд, цагдаагийн мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн амиа алдаж байв. Янукович Москвагаас зохион байгуулсан тусгай ажиллагааны үр дүнд Украинаас явсныг сүүлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баталж байжээ.

Үүний дараа Москва-Киевийн харилцаа муудаж, 2014 онд Крымийн хойгийг ОХУ-ын цэрэг эзлэн авсан бол Украины дорнод хэсэгт салан тусгаарлагчдын дайн үргэлжилсээр байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас Донецк, Луганьск зэрэг мужуудад нийтдээ 10,000 гаруй хүн амь үрэгджээ.

 

Эх сурвалж: AFP