Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д олон жил ухаангүй байгаа эмэгтэйг хүчиндэж, хүүхэдтэй болгосон хэргийн сэжигтнийг илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр АНУ-ын Аризона мужийн асрах төвд арав орчим жил ухаангүй хэвтэж байгаа өвчтөн эмэгтэй гэнэт хүүхэд төрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байв.

29 настай өвчтөн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр хүүхдээ төрүүлсэн байна. Эмнэлгийн ажилтнууд болон захиргаа түүнийг дуншиж эхлэх хүртэл жирэмсэн болсныг нь мэдээгүй байжээ.

Шинээр мэндэлсэн хүү одоо өвчтөний эцэг эхийн халамжинд байгаа юм. Энэ хэргийн дараа Финикс хотын цагдаагийн газар буруутныг хайх ажиллагааг эхлүүлж, Хасиенда эрүүл мэндийн төвийн бүх эрэгтэй ажилтнаас ДНХ шинжилгээ авч эхэлжээ. Мөн эмнэлгийн захирал уучлал гуйж, албан тушаалаасаа огцорч байв.

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт цагдаагийн газар сэжигтнийг олсноо зарлажээ. Өвчтөн эмэгтэйг хүчирхийлж, жирэмсэн болгосон хүн нь тус эмнэлгийн асрагч, 36 настай Натан Садерланд гэгч болохыг шинжилгээгээр урьдчилан тогтоосон байна.

Садерланд нь албан ёсны гэрчилгээтэй асрагч бөгөөд 2011 оноос хойш Хасиенда эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа ажээ. Хэрэг гарах үед тэр хохирогч эмэгтэйн асаргаа эмчилгээг хариуцаж байсан гэнэ. 

Садерландын өмгөөлөгч Дэвид Греган түүнийг 1993 оноос хойш Аризонад амьдарч байгаа, бага насны хүүхдүүдтэй, өрхийн тэргүүн, сайн эцэг гэдгийг баталсан байна.

Садерланд уг хэргийг үйлдсэн гэх шууд баримт одоогоор олдоогүй байгааг мэдэгдсэн өмгөөлөгч өөрийн сонгосон мэргэжилтнээр ДНХ шинжилгээг дахин гүйцэтгүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.

Жич: Сүүлд ар гэрийнхнийх нь баталснаар өвчтөн эмэгтэй өмнө хэвлэлүүд мэдээлж байсанчлан бүрэн комд ороогүй бөгөөд гурван настайдаа осолд орсны дараа оюун ухааны гүн сааталд орж, ярьж, хөдөлж чаддаггүй, дуу авиа сонсоод нүүрний хувирал үзүүлж хариулдаг болсон юм байна.

 

Эх сурвалж: BBC