Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжирвал ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгээс УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгууль явуулах тогтоолын төсөл боловсруулж, гарын үсэг цуглуулах ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зураад байна. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай болон УИХ-ын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 25-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Тийм учраас дахин ямар нэгэн явц дээр АН-ын бүлэг гарын үсэг зурахгүй. 

УИХ-ын чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. АН-ын бүлэг, хэрэв УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжрах юм бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, энэ асуудлыг нэг тийш нь болгох ёстой гэдэг байр суурьтай байгаа. 

Дээрх мэдээллийг хийсний дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-УИХ-ын гишүүн Л.Болдын асуудлыг АН-ын бүлэг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Мөн АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолд гарын үсэг зурахгүй гэж ойлгож болох уу?

-АН-ын бүлгийн сүүлийн гарын үсэг бол УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах асуудал. Өөр ямар ч бичиг дээр гарын үсэг зурахгүй. 

Л.Болд гишүүний тухайд өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн хэвээр байгаа. Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Эхний өргөдөл нь намын үндсэн дүрэмд нийцээгүй гэдгийг бид дуулгасан. Нэгдүгээр сарын 17-нд Л.Болд гишүүн үндсэн дүрмийн хүрээнд анхан шатны байгууллагад өргөдлөө гаргасан. АН энэ өргөдлийг хүлээж авсан. Одоо бол АН-ын өөрийнх нь шийдэх асуудал үлдсэн. 

Хэрэв Л.Болд гишүүнийг албан ёсоор намаас чөлөөллөө гэдэг шийдвэрийг АН-аас бүлэгт ирүүлэх юм бол бид энэ асуудлыг авч хэлэлцэнэ.