Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ оргосон Араб охиныг Канадын гадаад хэргийн сайд угтаж авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын шашны хэт хуучинсаг үзэлтэй гэр бүлээсээ зугтаж Бангкокт ирээд байсан 18 настай Рахаф Мохаммед Аль Кунунд Канадын засгийн газар орогнол олгосон тухай Баасан гарагт Тайландын албаныхан мэдээлсэн юм.

Тэгвэл тэр долоо хоног үргэлжилсэн адал явдал, орголтын эцэст өчигдөр буюу Бямба гарагт Канадын хамгийн том хот Торонтод газарджээ.

Кунуныг нисэх буудлын ирэгсдийн танхимд Канадын гадаад хэргийн сайд Кристиа Фриланд угтаж авсан байна. Саудын Арабт эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа явдлыг хамгийн их шүүмжилдэг хүмүүсийн нэг нь сайд Фриланд юм.

“Энэ маш их зоригтой бүсгүй бол Канадын шинэ иргэн Рахаф Аль Кунун юм” гэж тэр оргодол охиныг сэтгүүлчдэд танилцуулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Кувейтээс Тайландад ирээд Саудын Араб руу буцаагдахгүйн тулд зочид буудалд хориглолт байгуулан тэмцсэн Аль Кунунд хэд хэдэн улс орогнол олгох санал тавьснаас Канадын засгийн газар хамгийн шуурхай арга хэмжээ авсан нь энэ юм.

Баасан гарагт Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “Канад бол хүний эрхийн ач холбогдлыг ойлгодог, дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө байдаг улс тул ийм шийдвэрийг дуртайяа гаргаж байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төлөөлөгчөөс Канадын засгийн газарт талархал илэрхийлсэн байна. Өнгөрсөн онд Саудын Араб, Канад улсуудын хооронд хүний эрхийн асуудлаас үүдэлтэй дипломат маргаан өрнөж байв.

Үр дүнд нь Саудын Арабын засгийн газар нутаг дэвсгэрээсээ Канадын дипломатчдыг хөөж, суралцаж байсан оюутнуудаа буцааж, Канадад хийсэн хөрөнгө оруулалтаа татаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian