Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Black mirror" ирээдүйг зөгнөх бус, түүнийг бүтээж байна

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Их Британийн зохиолч, найруулагч Чарли Брукерийн “Black Mirror" Netflix-ийн цуврал гарсан цагаасаа хойш олны анхаарлыг татаж, шуугиан тарьж байгаа билээ.

Өмнөх дөрвөн цуврал ангид техник технологи, улс төр, дэлхийн ирээдүйн чиг хандлагыг харуулж, шүүмжилж байсан бол өнгөрсөн сарын 28-нд гарсан нэг ангит "Bandersnatch" /Ид шидийн амьтан/ өмнөх ангиудаасаа тэс ондоо болж, үзэгчдийг харилцан нөлөөлөлд оруулж, ирээдүйг зөгнөх бус, харин өөрөө түүнийг бүтээж буй мэт болсон нь олны анхаарлыг татаж байна.

Энэхүү ангид зохион бүтээгч хүү нэгэн триллер номын дагуу компьютерын тоглоом зохион бүтээхийг оролддог ч түүнийг цаанаас нь нэг зүйл удирдаад байгаа мэт эмх замбараагүй байдал үүсэж, хүү ойлгохоо ч больдог тухай гардаг.

Тэгвэл тус шинэ анги нь Netflix стриминг платформд гарч буй анхны интерактив буюу үзэгчтэй харилцан ажиллаж, нөлөөлдөг кино болж байгаагаараа онцлогтой.

Өмнө нь үзэгчид дэлгэцийн урд зүгээр сууж, кино үздэг байсан бол энэ удаа киноны гол дүрийн хийж буй үйлдэл бүрийг удирдаж, цаашид ямар алхам хийхийг нь заана гэсэн үг.

Ингэхдээ өглөөний цайндаа юу идэж, уух, хаашаа явах зэрэг энгийн зүйлээс эхэлж, цаашлаад киноны өрнөл хэсэг хүртэл аль дүрийг хөнөөх, ажлын саналыг хүлээн зөвшөөрөх үү, татгалзах уу гэдгийг хүртэл шийдэж, олон томоохон сонголтыг үзэгчдээр хийлгэж, киног өрнүүлж байгаа юм.

Үзэгчид гарч ирж буй хоёр сонголтоос аль нэгийг нь сонгоод зүгээр киногоо үзчихэж байна гэж бодож магадгүй.

Гэвч тус киногоор дамжин үзэгчдийн хийж буй сонголт болгон Netflix-ийн дата санд хадгалагдах юм байна. Ингэснээр Netflix-ийн санд аль хэдийнэ бүрдээд буй таны ямар төрлийн кино үзэх дуртай, үзэхдээ хэрхэн, ямар байдлаар, хэр удаан хугацаатайгаар үздэг, мөн хэзээ, ямар үед Netflix ордог зэрэг нь мэдээллийн санд нэмэгдэх юм.

Жишээ нь, "Bandersnatch" кинонд гарсан аавыгаа хөнөөх үү, хөнөөхгүй юу? гэх сонголтод хөнөөх товчлуурыг дарсан үзэгчдэд дараагаар нь Биллийг ал буюу Kill Bill киног үзэхийг илүүд үзэж магадгүй гэх таамаглал дээр үндэслэн ийм төрлийн киног та бүхэнд санал болгох боломжтой гэсэн үг.

Өнгөрөгч жилийн есдүгээр сарын байдлаар Netflix нийт 137 сая гаруй байнгын хэрэглэгчтэй болсон байна.

Тэгвэл эдгээр үзэгчийн дийлэнх нь Netflix-ийн санал болгох алгоритмаар киног сонгон үздэг талаар тэд мэдээлсэн юм. Мөн энэ онд тэд илүү олон ийм төрлийн интерактив кино хийхээр төлөвлөөд байгаа аж.

 

 

Эх сурвалж: Quartz