Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань Хятадад нэгдэх ёстойг Ши Жиньпин дахин санууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хятад улс сэргэн мандаж, хүчирхэгжихийн тулд Тайванийг нэгтгэх зайлшгүй шаардлагатайг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин шинэ оны эхний өдөр мэдэгджээ.

Өчигдөр бол Бээжингийн засгийн газар Тайваньд дайсагнахаа зогсоосны 40 жилийн ойн өдөр юм. АНУ-Хятадын хооронд дипломат харилцаа тогтсоны дараа буюу 1979 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Хятадын эргээс Тайваний захиргааны арлууд руу тогтмол их буугаар галладаг байснаа зогсоосон юм. Үүний дараа эх газрын Хятадаас Тайваний ард иргэдэд хандаж “Тайвань дахь нутаг нэгтнүүдэд илгээх захидал” нэртэй ил захидал гаргаж байв.

Уг захидалд Тайваний хоолой дагуу цэрэг, дайны ажиллагааг эцэслэх, харилцаа холбоогоо сэргээхийг уриалж байжээ.

Энэ түүхэн өдрийг тохиолдуулсан арга хэмжээний үеэр Ши Жиньпин “Шинэ эринд шилжиж байгаа Хятад үндэстний түүхэн сэргэн мандалтад гарцаагүй шаардлагатай алхам бол нэг улс болж нэгдэх юм” гэж хэлсэн байна.

Тэр бас салан тусгаарлах үзэлтнүүдэд хандаж “Тайваний хоолойн хоёр тал хоёул нэгдмэл Хятад улс байх ёстой нь хууль ёсны асуудал юм. Үүнийг хэн ч, ямар ч хүч өөрчилж чадахгүй” гэж хатуу анхааруулжээ.

Харин Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн өчигдөр шинэ оны мэндчилгээндээ Тайванийг тусгаар тогтнуулах хатуу үзэл бодлоо батлан илэрхийлж, эх газрын зүгээс аюул занал байнга ирж байгааг ард иргэдэдээ анхааруулсан байна. Саяхан түүний нам орон нутгийн сонгуульд Бээжинтэй найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг Куоминтаны намд ялагдаад байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg