Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улс бүлэглэлийн гишүүдийн 30 хүүхдийг Иракаас Орост шилжүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Исламын улс бүлэглэлд элсэн дайтаж яваад алагдсан Орос гаралтай хүмүүсийн 30 хүүхдийг Ням гарагт Иракаас эх оронд нь шилжүүлж авч ирсэн байна.

Тэдний эхчүүд Багдадын шоронд хоригдож байгааг Ирак дахь ОХУ-ын элчин сайд Максим Максимов мэдэгджээ. Ихэнх нь 3-4 настай эдгээр хүүхдүүдийг Багдадын олон улсын нисэх буудлаас Оросын нисэх онгоцоор Москвад авч ирсэн байна.

Оросын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч Анна Кузнецова өнгөрсөн Даваа гарагт Багдадад ирж, Иракийн ерөнхий сайд Адел Абдул Махдитай уулзсан юм. Тэр өчигдөр хүүхдүүдтэй хамт онгоцоор ирсэн байна.

Хүүхдүүдийг хаана байрлуулах, хэн халамжлах нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнө Исламын улс бүлэглэл хүчээ авах үед гадаадаас олон мянган хүн тус байгууллагад нэгдэхээр Ирак, Сирийг зорьж байв.

Харин 2016 оноос тус бүлэглэл дайнд ялагдаж эхлэхэд гадаад гишүүдийн эхнэр, хүүхдүүдийн хувь заяа бүрхэг болсон юм. Гадаадын улс орнууд өөрийн харьяат иргэдийн эхнэр хүүхдүүдийг буцааж авахаас зайлсхийж, Ирак, Сирид үлдээх сонирхолтой байгаа.

Харин ОХУ өөрийн харьяат иргэдийн хүүхдүүдийг радикал орчинд өсөж хүмүүжих нь аюултай гэж үзээд буцааж авах сонирхолтой байна. Хэрвээ тэд Ойрх Дорнодод үлдвэл буруу замаар орж, эргээд Орос оронд аюул учруулна гэж үзэж байгаа юм.

Одоогоор зөвхөн Иракт Орос гаралтай 123 хүүхэд бүртгэгдсэн бол нийт бүс нутаг даяар 699 хүүхэд байгаа гэж тооцоолжээ. Тэднийг Исламын улс бүлэглэлд элссэн эцэг эх нь Ойрх Дорнодод авч ирсэн байна.

Өчигдрийн нүүлгэн шилжүүлэлт нь өнөөдрийг хүртэл хамгийн олноор нэг дор тээвэрлэсэн арга хэмжээ бөгөөд цаашид дахин хэд хэдэн нислэг зохион байгуулна гэж элчин сайд Максимов ярьжээ.

 

Эх сурвалж: Russia Today, Associated Press