Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгч ард түмэндээ ая дуугаар мэндчилгээ хүргэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны босгон дээр төв Азийн Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ард түмэндээ өөрийн зохиосон дуугаар мэндчилгээ хүргэжээ.

Тэрээр өөрийн ач хүү Керимгулытай хамт энэ мэндчилгээгээ хүргэсэн байна. Дууны нэр нь “Арзув” (Мөрөөдөл) бөгөөд тэд дуугаа туркмен хэлнээс гадна англи, герман хэлүүдээр дуулжээ.

Телевизээр цацсан дүрсэнд Бердымухамедов төгөлдөр хуур тоглон дуулж байгаа ч түүний өөрийн гараар тоглож буй дүрс харагдахгүй байгаа нь сэжигтэй байна.

Ерөнхийлөгчийн дуулж буй дүрс гарах үеэр гар нь төгөлдөр хууранд халхлагдаж, гарыг харуулах үеэр ерөнхийлөгчийн царай харагдахгүй байгаа нь түүнийг өөрөө хөгжим тоглоогүй байх гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Гэхдээ энгийн туркменчуудын хувьд амьдрал Бердымухамедовын үзүүлж байгаагаас өөр байна. Тус улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн турш эрчимтэй унаж байгаа. Байгалийн хийнээс хэт хамааралтай Туркменистан улс өнөөдөр таван жилийн өмнө олдог байсан экспортын орлогынхоо талаас багыг олж байна.

2018 оны төсөв нь 95.5 тэрбум манат ($27.3 тэрбум) байсан нь 2017 оныхоос 8 хувь буурсан дүн юм. 2019 оны төсвөө 83.8 тэрбум манатаар батлаад байгаа.

Дэлгүүр, захууд барааны хомсдолд орж, өдөр тутмын хоол хүнсээ цуглуулахын тулд иргэд урт дараалалд зогсдог болоод байна. Дараалал ихтэй байгаа газруудад цэрэг, цагдаагийнхан олноор ажиллах болсон нь зөвхөн дэг журам сахиулахтай холбоогүй, бас хүлээж зогсоо хүмүүсийн дунд төр засгийн эсрэг яриа гарахаас сэргийлж байгаа гэгддэг.

2018 онд гарсан шинэ хуулиар 40 хүртэл насны Туркмен эрчүүд гадагшаа явж, ажил хөдөлмөр эрхлэхэд маш хэцүү болжээ. 20 гаруй жил чөлөөтэй байсны эцэст яагаад ингэх болсноо эрх баригчид огт тайлбарлахгүй байна.

Бас 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Туркмены иргэд хэрэглээний хий, ус, цахилгааны төлбөрөө төлдөг болж байгаа. ЗХУ задарсны дараах 25 жилийн турш энэ бүх хэрэглээ үнэ төлбөргүй байсан юм.

Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч Туркменистаны парламент 2019 оныг “Туркменистаны хөгжил цэцэглэлтийн жил” болно гэж зарлажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty