Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр үнэтэй бугуйн цагнуудаар гангардаг сайдыг Тайландын хуулийнхан цагаатгав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төрийн албан хаагчийн цалингаасаа өөр орлогогүй ч олон тооны өндөр үнэтэй бугуйн цаг ээлжилж зүүдэг Тайландын засгийн газрын сайдын хэргийг тус улсын мөрдөн байцаагчид хэрэгсэхгүй болгожээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлан хамгаалахын сайд, генерал Правит Вонгсувон олон нийтийн арга хэмжээний үеэр нарнаас нүдээ халхлахдаа үнэтэй цагаа хэвлэлийнхэнд анх харуулсан юм.

Түүний бугуйндаа зүүсэн Richard Mille брэндийн цаг хөрөнгийн жагсаалтад нь байхгүйг сэтгүүлчид олж мэдээлжээ. Мөн өөр бусад цагнуудыг ч хэвлэлүүд олж мэдээлсэн юм.

Дараа нь сайд нийт 20 гаруй ийм тансаг цагийг нас барсан найзынхаа гэр бүлээс зээлж зүүдгээ тайлбарлаж байв. Энэ тайлбар нь тухайн үедээ Тайландын олон нийтийн дунд инээдэм, хошигнол болон яригдаж байжээ. Тэгвэл өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр Тайландын үндэсний авлигатай тэмцэх зөвлөл генералын тайлбарыг үнэн болохыг зарлаж, хэргийг нь цайруулсан байна.

Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Воравит Сокбон “Хорооны 5 гишүүний гурвын саналаар генерал Правит Вонгсувоныг буруутгах хангалттай нотолгоо байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдлээ” гэж мэдэгджээ.

Правит Воравит бол 2014 оны цэргийн эргэлтээс хойш Тайландыг захирч байгаа генералуудын нэг. Тус дэглэм Тайландыг авлигаас салгана гэж амлаж байсан ч өөрсдийнх нь хэд хэдэн хүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод байна.

Цэргийн дэглэм ирэх оны эхээр Тайландад чөлөөт сонгууль явуулах төлөвлөгөөгөө зарлаад байгаа юм. Генерал өөрийн багын найз, нас барсан бизнесмэн Паттават Суксривонгийн өмч болох 22 ширхэг бугуйн цагийг гэр бүлийнхнээс нь зээлээр авч хэрэглэдэг гэж мөрдөгчдөд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Associated Press