“Дэлхийн ногоон байгууллага” БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан “Ногоон паспорт” аяныг үнэлж, байгаль орчны салбарт хамгийн нэр хүнд бүхий шагналууд олгосон. Тэгвэл тус аяныг хэрэгжүүлэгч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Б.Номинд “Байгаль орчны салбарын үндэсний хэмжээний агентлаг 2018” шагналыг санаачлагч БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат албан ёсоор гардууллаа.
Хэдхэн хоногийн өмнө “Ногоон паспорт” шилдгүүдээ шалгаруулж, шилдэг 5 сурагч, 2 багшийг Хонг Конгийн Диснейлэнд, 10 багшийг БНСУ-ын Чежү арлаар аялах эрхээр шагнасан билээ.
“Ногоон паспорт” аяны хүрээнд Эко клубуудын сурагчдын болон багш нарын анхдугаар чуулганыг зохион байгуулж, хаягдал зай хураагуур цуглуулах савны загварын уралдаан зарлаж, сурагчдыг байгаль орчны өртөөчилсөн сургалтад хамруулахаас эхлээд “Хог түүх марафон”, “Байгаль орчны өсвөрийн сурвалжлагч”, “Бид байгаль орчноо хамгаална” сэдэвт уралдаануудыг зохион байгуулж, шалгарсан сурагчдыг ийнхүү урамшуулаад байгаа юм. Цаашид энэхүү үйл ажиллагааг улам өргөжүүлэх бөгөөд зөвхөн сурагчдаас гадна ААНБ, иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна. Уг аяныг зохион байгуулсан үеэс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр дэмжиж ажилласан билээ.
“Ногоон паспорт” аянд нэгдсэн сурагчид “Ногоон паспорт” хөтлөн жилийн хугацаанд хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар ялгарч буй нүүрс хүчлийн хийг бууруулан байгаль орчны боловсрол эзэмших юм.
Эх сурвалж: БОАЖЯ