Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Германы арми орон тоогоо гүйцээхийн тулд Европын бусад үндэстнүүдийг цэрэгт татна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа Европын улс орнууд цэрэг армийн хүчин чадлаа нэмэгдүүлж эхэлсэн. Герман улс мөн ийм шалтгаанаар армийнхаа цэргийн тоо хэмжээг одоогийн 179,000-аас нэмэгдүүлж, 2024 он гэхэд 198,000 хүргэх зорилт тавьсан юм.

Гэвч дэлхийн хоёрдугаар дайны дараа үеэс эхлэн цэрэг дайны эсрэг үзэл нийгэмд нь гүн шингэсэн Германд цэрэгт явах залуус олдоход хэцүү байгаа гэнэ.

Энэ дутагдлаа нөхөхийн тулд тус улсын батлан хамгаалах яамны сайд Урсула вон дер Лэйен өөрийн улсад амьдардаг Европын бусад үндэстнүүдийг цэрэгт дайчлах төлөвлөгөө боловсруулаад байгааг Der Spiegel сэтгүүл мэдээлжээ.

Ингэхдээ сайд Германд оршин суудаг польш, итали, румын хүмүүсийг зорилтот хэсэг болгоод байгаа гэнэ.

Батлан хамгаалах яамнаас олж авсан гэх нууц бичиг баримтад өгүүлснээр одоо Германд 18-40 насны 255,000 польш, 185,000 итали, 155,000 румын хүн байнга оршин сууж байгаа гэжээ. Тэдгээр нь нийлээд тус улсад суудаг бусад бүх Европ үндэстнүүдийн талыг бүрдүүлдэг гэнэ.

Эдгээр иргэдийн 10 хувийг армид татвал 50,000 шинэ цэрэг бүрдүүлнэ гэж тооцоолжээ.

Герман биш үндэстнүүдийг герман цэргүүдтэй хамт алба хаалгах, эсвэл Францын гадаад легионууд шиг тусдаа анги нэгж байгуулах эсэх талаар төлөвлөгөөнд дурдаагүй байна.

Харин сонгогдсон эрчүүд Германд олон жил амьдарсан, герман хэлээр чөлөөтэй ярьдаг байх шалгуур тавих гэнэ. Уг мэдээлэл тарсны дараа зүүн Европын орнуудад Германыг цэргийн насны эрчүүдийг нь “өндөр цалин хангамж”-аар булаах вий гэсэн айдас бий болж эхэлсэн байна.

Тухайлбал Польшийн гадаад хэргийн сайд Яцек Чапутович цэргийн алба дайчлагдах хүний үндэс угсаатай нь заавал уялдах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Der Spiegel сэтгүүлд ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters