Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ шинэ зэвсгээ амжилттай туршсаныг Владимир Путин зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам Авангард дуунаас хурдан пуужингийн эцсийн шатны туршилтыг амжилттай зохион байгуулжээ.

Авангард бол цөмийн цэнэгт хошууг агаар мандалд маш өндөр хурдтай, өндөр нарийвчлалтай жолоодлогоор тээвэрлэх зориулалттай тив алгасах пуужингийн систем юм.

Одоохондоо уг зэвсгийг эсэргүүцэх систем бий болоогүй байгаа. “Туршилт бүхэлдээ амжилттай боллоо. Шинэ системийн бүх техник үзүүлэлтийг баталгаажууллаа” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин туршилтыг ажиглах өрөөнөөс зарлажээ.

Тэр бас Авангард систем 2019 онд Оросын армийн зэвсэглэлд шилжинэ гэдгийг мэдэгдсэн байна. Кремлийн гаргасан мэдэгдэлд Авангард пуужинг Оросын өмнөд хэсгийн Оренбург орчмоос Камчаткийн хойгийн Кура туршилтын талбай дахь байг чиглүүлэн харвасан нь босоо болон хэвтээ тэнхлэгийн маневрыг амжилттай гүйцэтгэж, байндаа өндөр нарийвчлалтай туссан гэжээ.

 

Путин “Өнөөдөр манай зэвсэгт хүчний болон улс орны түүхэнд чухал өдөр болж байна. Орос улс цоо шинэ стратегийн зэвсэгтэй боллоо” гэж мэдэгдсэн байна.

Одоогоор дуунаас хурдан пуужингийн зэвсэг хөгжүүлэх чиглэлд ОХУ, АНУ, Хятад улсууд тэргүүлж байгаа гэгддэг. АНУ энэ тал дээр хоцорч яваагаа хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын стратегийн командын төвийн командлагч Жон Хайтен сенатын батлан хамгаалахын байнгын хороонд үг хэлэхдээ “Ийм зэвсгийг манай эсрэг хэрэглэвэл бидэнд хамгаалах боломж байхгүй” гэж байжээ.

Тухайн үед Владимир Путин шинэ зэвсгийн талаар анх танилцуулахдаа “Сүүлийн 15 жилийн турш зэвсэглэлээр өрсөлдөж байгаа бүх талуудад би нэг үг хэлмээр байна. Та нар Оросыг гүйцэх боломжгүй болсон” гэж байв.

АНУ-ын арми дуунаас хурдан зэвсэг бий болгохоор ажиллаж байгаа ч одоохондоо цөмийн биш, энгийн цэнэгт хошуу тээвэрлэх хэмжээнд хүрээд байгаа. Харин Хятад улс өөрийн анхны цөмийн хошуу тээвэрлэгч дуунаас хурдан зэвсгийг туршсан тухайгаа өнгөрсөн наймдугаар сард зарлаж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today, Quartz