Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд Монгол Улсын иргэний харьяатаас 490 хүн татгалзаж, гадаадын гурван иргэн харьяат болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ) ирэх онд гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, цахимаар визний хүсэлтийг авдаг болох тухайд анхаарч ажиллана гэдгийг тус газрын дарга Д.Мөрөн дурдлаа. Мөн Монгол Улсад бодитой хувь нэмрээ оруулах хөрөнгө оруулагч нарыг дэмжихээ илэрхийлсэн. Тухайлбал, хөрөнгө оруулалтын мөнгөө улсад шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага тавих юм байна. 

Энэ тухай болон 2018 оны тойм мэдээлэл, 2019 онд төлөвлөсөн ажлуудынхаа тухай ГИХГ-ын дарга Д.Мөрөн өнгөрсөн Баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус газраас Монгол Улсад ирэх зорчигчдын урьдчилсан мэдээллийг илгээх системийг шинэчлэхээр төлөвлөсөн байна. “Зорчигчдын урьдчилсан мэдээллийг илгээх АРР системийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь манай улс руу зорчих гэж буй иргэд онгоцоор нисэх бүртгэлээ хийлгэхэд гурван секундын дотор бидэнд мэдээлэл ирэх боломжийг олгоно. Тус мэдээллийг нь шалгаад хэрэв орохыг хориглосон, албадан гаргасан хүн байвал бид хариу илгээснээр тухайн хүн онгоцондоо сууж чадахгүй гэсэн үг” гэж Д.Мөрөн ярив.

Одоо ашиглаж буй систем нь онгоц хөөрснөөс хойш 15-30 минутын дараа зорчигчдын мэдээллийг ирүүлдэг юм байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх эрхгүй хүн байвал хил нэвтрүүлэлгүй дараагийн нислэгээр буцаадаг байна. 

Мөн гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй бөгөөд ирэх оны эхний улиралд хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөжээ. 

2018 онд 29 улсын 531 иргэнийг албадан гаргажээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эцсийн дүнгээр манай улсад 123 улсын 23,484 иргэн оршин сууж байна.

Гадаадын иргэд болон гадаад иргэнийг урьсан аж ахуйн нэгжүүдийн гаргаж буй нийтлэг зөрчил нь визний хугацаа хэтрүүлэх, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, мөн зохих ангиллын визгүй байх тохиолдол их байгааг Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяр ярив. 

Хэрэв гаднын иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн нь тогтоогдвол 100 мянган төгрөгөөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар Монгол Улсад эргэж орж ирэхгүйгээр албадан гаргадаг байна. Энэ онд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 29 улсын нийт 531 иргэнийг албадан гаргасан. Үүнээс 372 нь буюу 70 хувь нь БНХАУ-ын иргэн, 42 нь БНАСАУ-ын иргэн байсан ажээ. 

ГИХГ-ын дэд дарга Д.Түвшинтөр “Гаднын иргэн ажиллуулж буй аж ахуйн нэгж гадаад ажилчдын тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг ажилгүйдлийн санд сар бүр тушаадаг.

Энэ төлбөрөөс чөлөөлөгдсөн ганц улс байдаг нь БНАСАУ.  Жил хагасын өмнө БНАСАУ-ын 1,200 гаруй иргэн манай улсад ажиллаж байсан бол одоогоор 350 орчим хүн бий” гэлээ. 

490 хүн Монгол Улсын харьяатаас гарсан бол гурван хүн шинээр харьяат болжээ
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс харьяат болохоор хүсэлт гаргаж буй хүмүүст дараах шаардлагыг тавьдаг. Тодруулбал, 

  • Монгол Улсад сүүлийн таван жил тасралтгүй оршин суусан байх;
  • Сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний байх;
  • Монгол хэл, үндсэн хууль, ёс заншлын тухай зохих мэдлэгтэй байх зэрэг бөгөөд тусгай комисс ажиллан шалгалт, ярилцлага авдаг байна. Харьяат болох асуудлыг зургаан сарын дотор багтаж шийдэх хуультай.

1996 оноос хойш 240 иргэн Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын иргэн болсон байна. 

Харин Цагаач иргэдийг Монгол Улсын харьяат болгодоггүй хэмээн албаныхан хэллээ. Түүнчлэн Монгол Улсын иргэдээс ялгахын тулд “ЮД” серийн регистр олгодог байна. Мөн цагаач иргэдийн мэдээллийг бүртгэлийн сан үүсгэн хадгалдаг бөгөөд нас барснаас нь хойш 70 жилийн дараа устгадаг ажээ. Одоогоор манай улсад 3,000 орчим цагаач иргэн амьдарч буй бөгөөд 2012-2016, 2016-2020 оны Улсын их хурал бүрэн эрхийнхээ хугацаанд цагаач иргэн авах квот батлаагүй тул  2012 оноос ямар нэгэн цагаач аваагүй байна.

Түүнчлэн 2018 онд 490 хүн Монгол Улсын иргэний харьяаллаас татгалзжээ.