Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Мандахбаяр: Зөрчлийн хуулиар хүссэн нь сэтгүүлчийг "намайг гүтгэсэн" гэж эдийн засгийн аргаар боомилж байна

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэж Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх тухай 6.21 дүгээр заалтад өөрчлөлт оруулахаар санал зөвлөмж боловсруулжээ.

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв, МҮОНРТ зэрэг салбарын олон байгууллагуудын төлөөлөл өнөөдөр Зөрчлийн тухай хуульд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээ тайлбарлаж, Зөвлөмжийг баталгаажууллаа. Энэхүү Санал зөвлөмжийг Хуульзүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх аж.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа бусдыг гүтгэн доромжилж, гутааж болохгүй. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага, салбарынхан ухамсарлаж ажиллаж байгаа. Гэхдээ алдаа гарч байгааг үгүйсгэхгүй. Тийм бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Гэтэл шийтгэх гэж байна гээд шууд сэтгүүлчийг нь 2 саяар, Хэвлэл мэдээллийн байгууллагыг нь 20 саяар торгодог 6.21 гэсэн заалт Зөрчлийн хуулинд өнгөрсөн жил ороод ирсэн. Үүнээс болж хүссэн улстөрчбизнесмэн, байгууллага нь намайг гүтгэсэн гэж сэтгүүлчийг эдийн засгийн аргаар боомилох, чөлөөт хэвлэлийн эрхийг хязгаарлах үйл ажиллагаанууд явагдаж байна. Маш олон сэтгүүлч, ХМХ-ийн байгууллагууд торгуулж байгаа. Гэтэл сэтгүүлчдийн цалин хөлс ямар хэмжээнд байдаг билээ. 

Сэтгүүлчийг хоёр удаа л Зөрчлийн хуулиар торгоход хагас жилийн цалингаа алдана. Хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 саяар нэг торгоход л багахан хэмжээний байгууллага бол хаалга барих тал руу л явна. Сонгууль ойртох тусам энэ асуудал маш аймшигтай болно. 

Тийм учраас Зөрчлийн хуулийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа энэ үед сэтгүүлч, ард иргэд бид хамтдаа нийлж мэдэх эрхийнхээ төлөө, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн үйл ажиллагааны төлөө тэмцэх ёстой. Зүгээр нэг хууль тогтоогчдыг хараад суулгүй, шаардлагаа хүргүүлэх ёстой. Бид өөрсдийнхөө салбарын түвшинд асуудлыг ярих цаг болсон байна.

Энэ амралтын өдрүүдэд МСНЭ бусад ХМХ-тэй хамтран дахин өргөн хэмжээний хэлэлцүүлгийг хийж энэ асуудлыг ярина. Эцсийн шийдлийг Даваа гараг гэхэд хуулийн ажлын хэсэгт хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Доромжлох гэдэг нь хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нэг хэсэг

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хүний язгуур эрх мэдэл юм. Энэхүү язгуур эрхийг ямар нөхцөлд хязгаарлаж болох вэ гэдэг нь тодорхой байх шаардлагатай.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-т гүтгэх, доромжлох гэдэг олон улсын эрх зүйн хувьд тусад нь авч үздэг зүйл заалтыг нэг өгүүлбэрт "гутаан доромжилсон худал мэдээлэл" гэж оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, доромжлох гэдэг нь хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нэг хэсэг нь байдаг. 

Гүтгэлгийг зөрчил хэмээн үзэж шалган шийдвэрлэх ажиллагааг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч хариуцаж байгаа нь асуудлыг тухайн цагдаагийн үзэмжээр, дур зоргоор шийдвэрлэх, ялгаварлан гадуурхах боломжийг нээлттэй болгож буйгаас гадна "улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлоос хараат бус этгээд хянан шийдвэрлэх тухай" олон улсын хэм хэмжээ, зөвлөмжийг зөрчиж байна. 

Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүд шийтгүүлнэ гэх аливаа айдасгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломжийг олон улсыг хэм хэмжээний дагуу хангахыг шаардаж байна" гэв.