Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын гурав дахь иргэн Хятадад баривчлагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбооны технологийн Huawei компанийн захирлыг Ванкуверт баривчилснаас хойш гурав дахь иргэнийг нь Хятадын эрх баригчид баривчилсан тухай Канадын засгийн газар өчигдөр мэдэгджээ.

Huawei компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг эдийн засгийн хоригийг зөрчиж, Ирантай бизнес харилцаа үүсгэсэн хэрэгт буруутган АНУ-ын эрх баригчдын захиалгаар энэ сарын 1-ний өдөр баривчилсан юм.

Тэр цагаас хойш Хятадад ажиллаж, амьдардаг Канадын гурав дахь иргэн баривчлагдсан тухай мэдээлэл өчигдөр буюу Лхагва гарагт батлагдсан байна.

Өчигдөр хэвлэлийн хурал дээр Канадын ерөнхий сайд Жастин Трюдо уг хэргийг Huawei компанийн захирлыг хорьсон явдалтай холбож, улс төржүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Хятадын талаас иргэнийхээ хэрэг явдалтай холбоотой мэдээлэл хүсээд хариу хүлээж байгааг мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Канадын дипломатч асан Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спэвор нарыг үндэсний аюулгүй байдалд хор хүргэх үйлдэл гаргасан гэх шалтгаанаар Хятадад баривчилсан юм.

Huawei бол харилцаа холбооны тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээр дэлхийд нэгт бичигддэг, ухаалаг гар утасны борлуулалтаар хоёрт бичигддэг том компани.

Хэдийгээр Канадын тал иргэдийнхээ баривчлагдсан явдлыг Мэн Ванжоугийн хэрэг явдалтай холбож тайлбарлахаас зайлсхийж байгаа ч Бээжин Оттавагаас “хариугаа авсан”, “иргэдийг нь барьцаалсан” гэдэгтэй ажиглагчид санаа нийлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд ярихдаа “хэрвээ үндэсний эрх ашигт нийцэх, Хятадтай хийх худалдаанд сайнаар нөлөөлөхөөр” бол Мэн Ванжоуг суллуулах талаар шийдвэр гаргагчдад нөлөөлж чадна гэсэн юм.

Өчигдөр Жастин Трюдогоос Канадын 5G сүлжээний шилжилтэд Huawei компанийн тоног төхөөрөмжийг ашиглах эсэхийг сэтгүүлчид асуухад тэр “энэ бол улс төрөөс ангид, цэвэр мэргэжилтнүүдийн шийдэх асуудал” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Reuters