Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Санчир гарагийн бүслүүр арилж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нарны аймгийн хамгийн үзэмжтэй гараг болох Санчир түүнийг онцгой болгодог бүслүүрээ алдаж эхэлснийг эрдэмтэд мэдээлжээ.

NASA-гийн Voyager 1, Voyager 2 станцууд уг мэдээллийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Бүслүүрийг бүрдүүлэгч мөсөн ширхэгүүд гарагийнхаа соронзон орны нөлөөнд орсны улмаас Санчирын татах хүчинд автах болжээ” гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл бүслүүрийг бүрдүүлэгч хэсгүүд гарагтаа татагдан хумигдах болсон гэнэ. NASA-гийн судалгааны тайлан өчигдөр Icarus сэтгүүлд нийтлэгджээ.

Санчирын бүслүүр бүрэн алга болоход 300 сая хүртэл жил шаардлагатай тул хүн төрөлхтөнд “санаа зовох” шаардлага байхгүй гэнэ. Гэхдээ ойролцоогоор 4 тэрбум жилийн настай гэгддэг Санчир гарагийн хувьд энэ нь тийм ч урт хугацаа биш.

Тус гарагийн бүслүүр бий болоод хамгийн уртдаа 100 сая орчим жил болж байгаа гэж эрдэмтэд дүгнэжээ. “Бид Санчирын бүслүүрийг харах хувьтайдаа баярлах ёстой. Гэхдээ нөгөө талаар Бархасбадь, Далайн ван, Дэлхийн ван зэрэг гарагуудын бүслүүрийг харж чадалгүй алдсан байх магадлалтай” гэж NASA-гийн судлаач Жэймс О Донохью тайлбарлажээ.

Дээр дурдсан гарагуудад одоо бүслүүрийн ором төдий зүйл үлдсэн байдаг юм.

Санчир гарагийг анх 1610 онд Галилео нээж байсан ч ашигласан дуран нь болхи хийцтэй тул бүслүүрийг нь харж чадаагүй гэдэг. Дараа нь 1659 онд Голландын астрономич Христиан Гюйгенс анх удаа бүслүүр байдгийг олж нээжээ.

Бүслүүр хэрхэн бий болсон нь эрдэмтдийн хувьд тайлагдаагүй нууц хэвээр байна. Нэг тайлбарт хэзээ нэг цагт Санчир жижиг мөсөн дагуулуудтай байгаад тэдгээр нь хоорондоо мөргөлдөж олон сая хэсэгт бутарсан нь одоо бүслүүр болж тогтсон гэж өгүүлдэг.

Үнэхээр Санчирын бүслүүр нь элсний ширхэг шиг хэмжээтэйгээс эхлээд хэдэн метрийн диаметртэй хүртэл асар олон тооны мөсөн бөмбөлгүүдээс голлон тогтдог.

Одоо эрдэмтэд Санчирын улирал солигдоход бүслүүрийн мөсөн ширхэгүүд хэрхэн өөрчлөгддөгийг судалж байгаа юм. Учир нь дэлхийтэй харьцуулахад нарнаас хол оршдог Санчир дэлхийн 29.4 жилтэй тэнцэх хугацаанд нарыг бүтэн тойрдог. Энэ үедээ гараг нар руу янз бүрийн өнцгөөр харж байрладаг нь бүслүүрийн мөсөн ширхэгүүдэд нөлөөлдөг байх магадлалтай ажээ.

 

Эх сурвалж: Quartz