Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Цэцэгмаа: Жилд 62 тонн хорт бодисыг агаарт дэгдэхээс хамгаалах бүрэн боломж байна

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах гэж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд үр дүнгээ өгөөгүйг өнөөдөр бид харж, эрүүл мэндээрээ "амсаж" байна.

Энэхүү гамшгийн хамгийн том үйлдвэрлэгч буюу 80 хувийг үүсгэгч нь гэр хорооллын яндангийн утаа байдаг бол үлдсэн 20 хувийг хотын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдээс ялгаруулдаг хорт утаа эзэлдэг.

Гэр хорооллын утаа зөвхөн хүйтний улиралд асуудал үүсгэдэг бол тээврийн хэрэгслүүдээс ялгардаг хорт утаа жилийн бүхий л хугацаанд бидний амьсгалах агаарыг бохирдуулж, бидний эрүүл мэндийг чимээгүй хордуулсаар байдаг.

Улаанбаатар хотын замы хөдөлгөөнд зөвхөн том оврын 900 гаруй автобус өдөр бүр хөдөлгөөнд оролцохдоо 16 цагийг зам дээр өнгөрүүлдэг байна.

Тэгвэл эдгээр автобус агаарт чухам хэдий хэмжээний ямар бохирдуулагч бодисуудыг цацаж байгааг бодитой тодорхойлох зорилгоор "Экологбус" ХХК-ийн Авто угсралтын үйлдвэрийн инженерийн хамт олон, ШУТИС-ийн МТС-ийн Дотоод шаталтат хөдөлгүүрийн профессорын багийн эрдэмтэн багш нартай хамтран судалгаа явуулжээ.

Дизель хөдөлгүүртэй автомашиныг хөө, тортог ялгаруулдаггүй болгох зорилготой уг төслийг 2013 оноос хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ нийслэлийн нийтийн тээвэрт зонхилж буй энгийн дизель хөдөлгүүрт "Daewoo BS106" маркийн автобусанд утааны тортгийн шүүлтүүр /DPF/ тавьж, явдал дунд нь хэмжилт хийх замаар агаарт цацагдаж буй хөө, тортог, PM тоосонцрын ялгарлын хэмжээг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ. 

Үүний үр дүнд автобусанд суулгах дизель тортгийн шүүлтүүрийг олж чадсан байна. Энэ талаар "Экологбус" ХХК-ийн инженер А.Цэцэгмаатай ярилцлаа. 

-Судалгааныхаа талаар та юуны түрүүнд танилцуулахгүй юу. Шүүлтүүрийн талаарх санааг анх хэрхэн олсон бэ? 

-Бидний хийсэн судалгааны явцад автомашинаас үүдэлтэй агаарын бохирдол нийт бохирдлын 20 гаруй хувийг эзэлдэг гэсэн үр дүн гарсан.

Түүн дотроос хатуу биет хөө, тортгийн 59, азотын ислийн 20, хүхэрт нэгдлийн 31 хувийг том оврын автобусууд ялгаруулдаг болох нь тогтоогдсон.

Дизелийн тортгийн шүүлтүүрийг дэлхийн олон улсад ашигладаг. Автомат ажиллагаатай болон авч цэвэрлэдэг, кордирайт ба цахиурын карбидан материалтай гээд олон янз байдаг. 

 

Эдгээрээс манай улс шиг хүхэр ихтэй, чанаргүй түлшээр ажилладаг, хэт хуучин, евро стандартын ангилалд хамаардаггүй, энгийн дизель хөдөлгүүрт автобусад тохирч, үр дүнтэй ажиллах шүүлтүүрийг бид судалж эхэлсэн юм.

-Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой автомашины янз бүрийн шүүлтүүр гарах болсон ч үр дүн нь ямар байдаг нь тодорхойгүй байдаг. Таны сонгосон шүүлтүүр бусдаас ямар давуу талтай вэ?

-Машинаас авч цэвэрлэдэг, DPF Mokobee CT загварын шүүлтүүр нь түлшний хүхрийн агууламжаас үл хамааран ажилладгаараа онцлогтой.

Шинэ болон ашиглагдаж буй автомашины хөдөлгүүр, түүний утаа зайлуулах системийн үндсэн бүтцийг өөрчлөлгүй нэмэлтээр хялбар тоноглож ашиглах боломжтой гэсэн үг.

 

Ашиглалтын явцад гэмтэл бараг гардаггүй. Автомашин ашиглалтаас хасагдахад өөр автомашинд шилжүүлэн ашиглах ч боломжтой, бат бөх, удаан эдэлгээтэй, бохирдсон шүүлтүүрийг машинаас авч, цэвэршүүлэгч төхөөрөмжид халааж цэвэрлэдэг. 

Тиймээс катализатор бүхий автомат шүүлтүүртэй харьцуулахад автомашины хөдөлгөөний хурдаас буюу шүүлтүүр 600...700 хэм хүртэл халсан, эсэхээс үл хамааран үр дүнтэй ажиллах чадвартай. Мөн ашиглалтын явцад автомашин шатах аюул үүсгэхгүй зэрэг олон давуу талтай.

Товчхондоо Монголын хөрсөнд нутагших технологи гэж хэлж болно.

Хамгийн гол нь туршилт судалгааны дүнд тулгуурлан Монгол орны байгаль цаг уур, ашиглалтын нөхцөлд тохируулан бүтээгдсэн. "Долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар нэвтрүүлж байгаагаараа давуу талтай.

-Өндөр технологи гэдгийг тодотгоод ярихгүй юу?

-Кордирайт шүүлтүүр нь 1,200°C-д хайлдаг бол цахиурын карбид шүүлтүүр SiC нь 2,700°C-д хайлдаг.

Үйл явцын хувьд маш бат бөх, нано керамик материалаар хийгдсэн жижиг сегментүүдийг дулааны тэлэлт тэсвэрлэх тусгай цементээр холбож, тортгийг 99% шүүдэг шүүр хийдэг бөгөөд шүүрний дүүрэлтийг электрон дэлгэцээр хянадаг юм.

 

Мокоби брэндийн энэхүү шүүлтүүр нь автомашинаас гадна цахилгаан үүсгүүр, зам барилгын механизмууд, барилга дотор ажилладаг машин, техник, галт тэрэгний зүтгүүрт өргөн ашиглагддаг.

Энэ нь үнэтэй, удаан эдэлгээтэй, өндөр технологийн бүтээгдэхүүн тул Япон, Солонгосоос манай улсад орж ирж байгаа автобус, галын машины тортгийн шүүлтүүрийг тэнд нь салгаж авч үлдсэн байдаг.

-Таны гүйцэтгэсэн судалгааны ажлаас харахад Японы шаардлагыг хангасан гэж байна. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Япон улсын Токио хот болон түүний ойролцоох найман муж, хот, орон нутагт 2003 оноос тортгийн шүүлтүүргүй бол дизель хөдөлгүүртэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хязгаарлалтыг хэрэгжүүлсэн байдаг.

Ингэхдээ найман үйлдвэрийн шүүлтүүрийг сонгон хэрэглээнд нэвтрүүлсний дотор “Ниссан дизель"-ийн судлаач, инженерүүдийн дизель хөдөлгүүрийн утааны хөө тортог, хатуу биетүүд-нано тоосонцор РM-г 99.97 хувь шүүж цэвэрлэдэг DPF Mocobee CT шүүлтүүр нь ашиглалтад байгаа автомашинд хэрэглэх боломж, найдвартай байдлаараа шалгарч, итгэмжлэгдсэн байдаг.
 

Ингээд гал унтраах, цагдаагийн автомашин болон нийтийн тээврийн автобус, ачааны машин, тусгай зориулалтын техник хэрэгсэл, туулах чадвар сайтай суудлын автомашинд таван жилийн дотор 3,300 гаруй ширхэг тавигдсан, мөн зам барилгын механизм, вагон зүтгүүр, суурин ба хөдөлгөөнт цахилгаан үүсгүүрт амжилттай ашиглагдаж байна.

-Бусад улс оронд шүүлтүүрийг хэр өргөн ашигладаг бол?

-Дизель хөдөлгүүрийн утааны тортгийг шүүх санааг анх 1970-аад оны үед АНУ-д гаргаж байсан. Харин хэрэглээнд 1985 оноос нэвтрүүлж хэлсэн.

Европын улсуудад экологийн стандартын шаардлагыг хангахын тулд шүүлтүүрийг заавал хэрэглэх болсон бөгөөд орчин үед ачааны болон суудлын бүх автомашинд тавигдах болж, Европ, Ази, Америкийн ихэнх улсад хэрэглэгдэн дэлхийн экологийн стандарт хэрэглээ болсон байна.

-Шүүлтүүрийг Монголд туршихад ямар үр дүн гарсан бэ?

-Бид нийслэлийн нийтийн тээвэрт зонхилж буй DAEWOO BS106 маркийн автобус болон ашиглалтад ороод нэг жил болж байгаа хятад автобус болох DPF Mocobee CT3-т шүүлтүүр суурилуулан, өвөл болон зуны улиралд замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед судалгаа хийсэн.

Хэмжилт, туршилтаар ялгарах хөө, тортгийн хэмжээг 90-ээс дээш хувиар бууруулж, хоногт нэг автобуснаас дунджаар 170 грамм хөө тортог шүүж байна гэсэн үр дүн гарсан.

Энэ нь 1,000 автобуснаас хоногт 170 кг, жилд 62 тонн хөө, тортог, бохирдуулагч бодисыг агаарт дэгдэхээс хамгаалах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Энэ хэмжээгээрээ ч агаарын бохирдол бууруулах бодит боломж байгааг харуулсан дүн юм.

Мөн 35 км/ц-аас дээш хурдтай үед шүүлтүүргүй автобусны тортгийн ялгарал нэмэгдэж байсан бол шүүлтүүртэй автобусных улам буурч байсан нь анхаарах үзүүлэлтийн нэг. 

Шүүр солихгүйгээр туулах замын уртыг шүүрний дүүрэлт буюу утааны эсэргүүцлийн даралтыг хэмжих замаар хийсэн туршилтаар шүүлтүүр 70 хүртэл хувийн дүүргэлттэйгээр 300 км туулах боломжтой болох нь тогтоогдсон.

-Судалгааны ажлыг гүйцэтгэхэд автобуснуудаас шүүлтүүр тавих шаардлагагүй, байгаль орчинд хоргүй автобус байсан болов уу?

-Өнгөрөгч зун шүүлтүүр суурилуулсан 24 автобуснаас зөвхөн хоёр нь л MNS5014:2009 стандартын шаардлага хангаж байсан. Нийт автобусны арав хүрэхгүй хувийг эзэлж байгаа гэсэн үг. 

-Шүүлтүүрийг Монгол Улсад явж буй бүх автобусанд суурилуулна гэвэл хэр их хугацаа болон төсөв шаардагдах бол?

-Эхний ээлжинд нийслэлийн нийтийн тээврийн том оврын 1000 орчим автобусыг шүүлтүүртэй болгох хэрэгтэй. Ингэснээр агаар бохирдуулагч хөө тортог РМ тоосонцрыг долоон хувиар бууруулах боломжтой гэсэн судалгааны дүн байдаг.

Нэлээд цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө шаардагдах нь мэдээж.

Гэхдээ агаарын бохирдол өөрөө арилахгүй, харин ч улам нэмэгдэж байгаа энэ үед ашиглалтын бодит нөхцөлд нь удаан хугацаанд хийсэн сорилт туршилтын дүнгээр нотлогдсон, шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү шүүлтүүрийн технологийг нутагшуулахад байгаа боломж бололцоогоо дайчлан ажиллавал хүчрэхээргүй том ажил биш юм.

-Шүүлтүүрийг Монгол Улсад үйлдвэрлэх нөөц боломж бий юу? Эсвэл гадны улс оронд үйлдвэрлэх үү?

-Өндөр технологийн шүүрийг болон мэдрэх, хянах, цэвэрлэх электрон төхөөрөмжүүдийг мэдээж гаднаас авна, харин өртөг зардлыг бууруулахын тулд шүүрний болон цэвэрлэх төхөөрөмжийн гэр, хоолойнууд гэх мэт эд ангиудыг нь дотооддоо хийх хэрэгтэй. 

Ийм боломж манайд одоогоор байна, япон мэргэжилтнүүд маань энэ тал дээр санал нэгтэй байгаа.


"Экологбус" ХХК Япон улсын "Комотек" корпорацтай хамтран дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлсэн уг төсөл нь ЖАЙКА олон улсын байгууллагын зүгээс хоёр удаа дэмжигдэн баталгаажжээ.

Судалгааны хүрээнд “Экобус” үйлдвэрт одоогоор нийт 25 автобусанд шүүлтүүр угсарч, суурилуулах ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа юм. Дээр дурдсанчлан цаашид ч мөн дизель хөдөлгүүрт автобус болон бусад автомашинд утааны тортгийн шүүлтүүр суурилуулах, зарим эд ангийг нь өөрсдөө үйлдвэрлэх ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.  

"Экобус" авто угсралтын үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа хойш автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах техник, технологийн судалгаа, туршилт, зохион бүтээх ажлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн эрхэлж, энэ чиглэлийн ажил, санал санаачилгуудыг дэмжин нийслэл, салбарын яамтай хамтран ажиллаж ирсэн билээ.

Үүний үр дүнд улсын хэмжээнд анх удаа экологийн Евро IV стандартын дизель хөдөлгүүртэй том оврын 20 автобус, 40 гаруй бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэн ашиглалтад шилжүүлээд байгаа юм.