Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнгөнчимэг: Халамжийн тэтгэмжийг зорилтот бүлгийнхэнд чиглүүлэхээр хуулинд өөрчлөлт оруулна

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийг төр ивээлдээ авч, амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн тухай бие даасан хуулийг Улсын Их Хурлаас баталж байсан түүхтэй.

Хууль хэрэгжүүлснээс хойш 20 гаруй жилийн хугацаанд энэхүү хуульд 2000,2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 1998, 2005, 2012 онд тус тус шинэчлэн найруулж байжээ.

Тэгвэл илүү боловсронгуй, зорилтот бүлгэд чиглэсэн "Нийгмийн халамжийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зохион байгууллаа.

Энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр:

  • 59.5 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр,
  • 59.1 мянган хүн асаргааны тэтгэмж,
  • 42.2 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж,
  • 58.8 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, тусламж,
  • 342.6 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээ,
  • 9.2 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг тус тус нийгмийн халамжийн сангаас авахаар төлөвлөгдсөн буй талаар ХНХЯ мэдээлэв.
Мөн энэ оны жилийн эцсийн байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд давхардсан тоогоор нийт 1.1 сая хүн хамрагдаж, хүүхдийн мөнгийг оролцуулан нийт 721.2 тэрбум төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ний 2.2 хувийг эзэлж байна.  Харин ирэх онд 750 гаруй тэрбум төгрөгийг нийгмийн халамжид зарцуулахаар төсөвлөсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг "Одоогоор бид 2012 онд батлагдсан нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 12 бүлгийн иргэдэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцааг үзүүлэн ажиллаж байна.

Манай улсын нийгмийн халамжийн тогтолцоо ихэвчлэн хүн амын бүлгүүдэд чиглэсэн байдаг. Цалинтай ээжүүд, ахмадуудад зориулсан тусламж, хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэгт халамжийн зардлын томоохон хэсэг ногдож байна. Хөгжлийн бэрхшээлтэй, асаргааны тэтгэмжийг нийт 100 гаруй мянган иргэн авч байна.

Манай улсын төсвөөс багагүй хэмжээний мөнгө нийгмийн халамжид төсөвлөн гаргаж байгаа хэдий ч нийгмийн эмзэг бүлэгт очиж буй халамжийн тусламж төдийлөн өндөр биш байгаад асуудалтай байна.

Иймд цаашид халамжийн тэтгэмжийг зорилтот бүлгийн, халамж нэн шаардлагатай байгаа иргэдэд чиглүүлэх нь энэхүү шинэчилсэн хуулийн гол зорилго оршиж байгаа юм.

Мөн зорилтот бүлэгт халамжийн тусламж үзүүлж байгаа ч энэхүү халамжийн мөнгө иргэдэд цаашид хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлийг төрүүлж байгаа асуудал бидэнд тулгараад байна.

Тийм ч учраас энэхүү шинэчилсэн найруулгаар бид тодорхой бүлэгт нийгмийн халамжийн тусламж үзүүлсэн ч нөхцөл тавьдаг байх, хөдөлмөр эрхлэлтийн газар очиж ажилгүй байдлаа бүртгүүлэх, сургалтад хамрагдах зэрэг цаашид хөдөлмөрлөх дадлыг бий болгох ажлыг бий болгохоор ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл хувь хүн болон нийгмийн өмнө хүлээж буй үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн үг.

Хуулийн заалтад орж буй бас нэгэн өөрчлөлт бол нийгмийн халамжид зарцуулагдаж буй мөнгийг зөвхөн улсын төсвөөс дангаараа гаргах бус тухайн аймаг, орон нутгийн засаг захиргаа нутгийнхаа иргэдэд анхаарч тодорхой хэмжээний дэмжлэг олгох, иргэдийн цаашдын хөгжилд хяналт тавих зэргээр орон нутгийн захиргааны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгаж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧинзоригТөр халамж, асаргаа шаардлагатай иргэнд халамж үзүүлэх ёстой байдаг.

Нөгөө талаар хүн амын өсөлт, төрөлтийг дэмжсэн хүн амын бодлогын зарим арга хэмжээг нийгмийн халамжид шингээсэн байна.

Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, хүүхдээ асарч буй ээжүүдэд олгож буй мөнгөн тэтгэмжийг халамжийн тэтгэмж гэхээс илүүтэй манай улсын өсөлт, төрөлтийг дэмжсэн хүн амын бодлого юм.

Одоогоор нийт 700 тэрбум гаруй төгрөгийг бид төсөвлөн хүн амын халамжийн тэтгэмжийг иргэдэд олгож байна. Энэ тооноос харахад нийт халамжийн тэтгэмжид төсөвлөгдөн олгогдож буй мөнгөн тоо их харагдаж байгаа хэдий ч нэг хүнд олгогдож буй тэтгэмж нь маш бага, доогуур буйд асуудал байна.

Тийм ч учраас зорилтот бүлэгт чиглэсэн тэтгэмжийг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлж, хамрах хүрээг нь өргөжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр иргэдийн бие даан амьдрах, амьдралаа хэвийн хэмжээнд авч явах боломжийг нь бүрдүүлэх нөхцөл байдлыг бий болгоно гэсэн үг юм" гэлээ.

Үүнээс харахад хэдийгээр нийгмийн халамжид улс, орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө зарцуулж байгаа ч нэг хүнд ногдох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ бага, ядуурлын түвшин дорвитой буурахгүй 29.6 хувь хэвээр байсаар байна. 

Иймд энэхүү шинэчилсэн найруулгаар ядуу өрхөд очиж буй нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээг тухайн өрхийн сарын амьжиргааны хэрэглээнд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээг авах, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулах зохицуулалтыг нэмж тусгаснаар урт хугацаандаа ядуурлыг түвшинг бууруулах зорилготой юм.