Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны төвүүд 50-70% хямдрал зарласан гэсэн боловч бодит байдал дээр зөрчилтэй байв

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШӨХТГ-аас цаг үеийн шинжтэй таван хяналт шалгалтын талаар өнөөдөр танилцууллаа. Тус газраас 14 хоног тутамд олон нийтэд мэдээлэл хийж байхаар болжээ. 

Мэдээллийг ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцуулав.

1. Оюутнуудыг сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар хангалттай мэдээллээр хангадаггүй

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ онд 30 хоногийн хугацаатай төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдүүлсэн байдал нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоох зорилгоор хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд:

  1. Их, дээд сургуулиудын 2018-2019 оны хичээлийн жилийн багц цагийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон шийдвэрүүд нь цаг хугацааны хувьд ялгаатай гарсан, сургалтын төлбөрийн хэмжээ нь сургууль тус бүрийн онцлогоос шалтгаалан өөр өөр тогтоогдсон байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж үгсэн хуйвалдсан, хэт өндөр үнэ тогтоосон гэх үндэслэл тогтоогдоогүй.
  2. Харин хяналт шалгалтад хамрагдсан сургуулиуд нь сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит, өртөг зардлыг тооцон, нарийвчилсан тооцоон дэээр үндэслээгүй,
  3. Мөн Монгол Улсын гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаалаг баталсан “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох аргачлал"-аар сургалтын төлбөрийг тогтоосон нь цаг үеийн шаардлагыг хангахгүй аргачлалыг баримталсан
  4. Оюутнуудыг сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар хангалттай мэдээллээр хангадаггүй, гэнэтийн шийдвэрүүдийг гаргадаг зэрэг нь тогтоогджээ.

Энэхүү тогтоогдсон нөхцөл байдлыг арилгах талаар ШӨХТГ-аас дараах шаардлагуудыг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Үүнд:

Их, дээд сургуулиудад

  • сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит өртөг зардалд үндэслэн тогтоож байх,
  • элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж, шинэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож байх,
  • энэхүү тогтоосон сургалтын төлбөрийнхөө мэдээллүүдийг их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж байх,

БСШУСЯ-д

  • “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох аргачлал"-ыг шинэчлэн баталж, бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна. 
2. Мэдээллийн сайт зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн нь тогтоогджээ

ШӨХТГ-т хандаж ЭНТО ХХК-иас тодорхой мэдээллийн сайтаар хууль бус эмийн зар сурталчилгаа түгээж буй талаар гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг  Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгажээ.

Зөрчлийн хэргийг шалгахад тус сайтыг хөтлөгч иргэн Н.Цэндсүрэн нь Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогджээ. Үүнд:

  1. Эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл бэлтгэн түгээхдээ бусад олон нийтийн мэдээллүүдэд нийтлэгдсэн эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүдийг түүвэрлэн авч, өөрчлөн найруулж, өөрийн сайтдаа нийтэлсэн,
  2. мэдээллийн эх сурвалжийг мэдээлээгүй,
  3. бусдын мэдээлэл, ярилцлагыг дур мэдэн өөрчлөн найруулж, ишлэн нийтлэх байдлаар нийтэлсэн,
  4. хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Энэхүү үйлдэл нь Зар сурталчилгааны тухай болон Зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул тус сайт хөтлөгч иргэнд 500,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулжээ.

Тиймээс цаашид иргэн, хэрэглэгчдэд цахим орчинд тавигдаж буй мэдээллийн үнэн бодит эсэхэд анхааралтай хандаж, хууль бус зар сурталчилгаанд төөрөгдөхгүй байхыг ШӨХТГ-аас анхааруулж байна.

3. Худалдааны төвүүд гадна талдаа 50-70 хувь хямдрал зарласан гэсэн боловч бодит байдал дээр худлаа байна

ШӨХТГ-аас Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд болон томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүндээ хямдралтай худалдаа эарласан нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгалаа.

Хяналт шалгалтын явцад дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:

  1. Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, худалдааны төвүүдийн хувьд гадна талдаа 50, 70 хувь хүртэл хямдралтай гэсэн самбаруудыг байршуулсан боловч бодит байдал дээр бүх бараандаа хямдрал зарлаагүй, хямдрал зарласан бараа бүтээгдэхүүн маш цөөн байна.
  2. Бараа, бүтээгдэхүүний үнийн шошго байхгүй, ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн хямдарсан нь тодорхойгүй боловч гадна самбартаа их хямдарсан мэтээр бодит биш сурталчилгаа явуулж байна.
  3. Хямдарсан болон хямдраагүй бүх бараа, бүтээгдэхүүний үнийн шошгон дээр шинэ жилийн уур амьсгалыг илтгэсэн үнийн мэдээлэл бүхий хуудсыг байршуулж хэрэглэгчийг төөрөгдүүлж байна
  4. Гадна талдаа хямдрал зарласан гэсэн боловч хямдралын бараа, бүтээгдэхүүн нь хараахан худалдаалагдаж эхлээгүй.
  5. Бараа, бүтээгдэхүүндээ хямдрал зарласан боловч хямдралын эхэлсэн болон үргэлжлэх хугацаа тодорхойгүй.
  6. Энэхүү үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Зар сурталчилгааны тухай хуулийн зарим заалтуудыг зөрчсөн нь тогтоогджээ.

Иймд тус зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалтын явцад илэрсэн нөхцөл байдлыг хууль тогтоомжид нийцүүлэх тухай Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр болжээ.

4. Байгууллагуудын гудамж талбайд байршуулсан самбар англи хэлээр бичигдсэн зөрчил илэрчээ

Гудамж талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж байгууллагуудын нэр нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж байга эсэхэд өнгөрсөн сарын 10-наас энэ сарын 10 хүртэл хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтын хүрээнд Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, олон нийтэд зориулсан зар, мэдээлэл, үйлчилгээний байгууллагын нэр зэрэг нь хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа эсэхийг ажиглалтын аргаар судлан баримтжуулжээ.

Ингэхэд аж ахуйн нэгж байгууллагууд гудамж, талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, олон нийтэд зориулсан зар, мэдээлэл үйлчилгээний байгууллагын нэр зэргийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон гэрчилгээнд байгаа нэрээр бус зөвхөн англи хэлээр бичсэн зөрчил дутагдал илэрсэн байна.

Тиймээс дээрх зөрчил дутагдлыг арилгах зорилгоор дүүргийн Засаг дарга нарт Албан шаардлага хүргүүлэхээр болжээ.

5. Цахилгаан барааны дэлгүүрүүд барааны заваарчилгааг Монгол хэлээр хэрэглэгчдэд өгдөггүй байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цахилгаан бараа худалдаалдаг аж ахуй эрхлэгчид нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өгсөн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтад Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй цахилгаан барааны худалдаа эрхлэгчид болох “Номин электроникс” ХХК, “Нэкст электроникс" ХХК, “БСБ электроникс” ХХК, “Арина компьютерс" ХХК, “Наран молл” худалдааны төв, “PC молл" худалдааны төвүүдийг хамруулсан аж.

Ингээд шалгалтаар дараах зөрчил илэрчээ.

Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчид нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн зөвлөмжийг салбар нэгжүүддээ хүргээгүй, хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтаар хангаагүй, зөвлөмжийг мөрдөж ажиллаагүй байна.

Тухайлбал:

  • Зөвлөмжийн 3 дахь заалтыг мөрдөж ажиллаагүй бөгөөд бараанд зааварчилгаа анхааруулгыг Монгол хэлээр хэрэглэгчдэд өгдөггүй байна.
  • Зөвлөмжийн 5 дахь заалтыг "Арина” ХХК нь мөрдөж ажиллаагүй байна. 50 хувь хүртэл хямдралтай гэсэн сурталчилгааг бүх барааг хямдруулсан мэт харагдахаар, хүртэл гэсэн үгийг Англи хэлээр маш жижиг хэмжээтэй бичсэн байгаа нь хямдралын талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх замаар бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна гэж үзэхээр байна.

Иймд тус зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалтын явцад илэрсэн нөхцөл байдлыг хууль тогтоомжид нийцүүлэх тухай Улсын байцаагчийн хугацаатай албан шаардпага хүргүүлэхээр болжээ.