Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг 11%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

ikon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос арванхоёрдугаар сарын ээлжит хуралдааны шийдвэрээ танилцууллаа.


Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр болж, бодлогын хүүг 11%-д хэвээр хадгалах шийдвэр гаргав. 

Улсын хэмжээнд инфляц 2018 оны арваннэгдүгээр сард 8.1 хувьтай байгаа нь мах, хатуу түлш, шатахуун зэрэг барааны үнэ өссөн буюу нийлүүлэлтийн шалтгаантай байсныг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг тайлбарлалаа. 

Улаанбаатар хотын хувьд инфляц 9.3 хувьтай байгаагийн 2.2 хувь нь хатуу түлш зөвхөн арваннэгдүгээр сард 13.8 хувиар өссөнтэй холбогдож байна. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэртэй холбоотойгоор иргэд нөөц бүрдүүлж эхэлсэн буюу эрэлттэй холбоотойгоор ийнхүү өссөн хэмээн Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ. Харин инфляцын 1.3 хувь нь махны үнэтэй холбоотой байгаа бол 1.5 хувь нь шатахууны үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байна. Өөрөөр хэлбэл, инфляцын 5 нэгж хувийг энэ гурван бүтээгдэхүүн дангаар тайлбарлаж байгаа бөгөөд энэ өсөлт нь богино хугацааных хэмээн Монголбанк үзэж байна. 

Цалин болон дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө нэмэгдэхээр байгаа бөгөөд ирэх онд эдийн засгийн өсөлт энэ хэвээр хадгалагдана хэмээн үзэж байна. 

Гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа ч энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь боломжийг бүрдүүлж байна хэмээн тайлбарлав. 

Тиймээс Мөнгөний бодлогын хороо инфляцад нөлөөлөх бүх хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжлийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ. 

Импорт болон холбогдох бараа бүтээгдэхүүнийг харахад инфляцад дарамт нэмэх зүйл байхгүй ба оны төгсгөлд 9 орчим хувьд хадгалагдана хэмээн таамаглав. Он гарахаар шинэ мэдээлэлд үндэслэн дараагийн шийдвэрийг гаргана гэдгээ Мөнгөний бодлогын хорооны гишүүд мэдэгдлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/Mongolbank.mn/videos/514853365688210/